ФАКТ 2019: Ж.Батзандан “бантаж”, М.Оюунчимэг ороолтоосоо “бултаж”, Л.Оюун-Эрдэний хордлого хөлөндөө “оров”
Улирч буй 2019 онд УИХ-ын гишүүд хэрхэн, яаж факталж Монгол Улсад олныг шуугиулав.
-НЭГ АЙМГИЙНХАНД ТААЛАГДАХ ГЭСЭН Ж.БАТЗАНДАН УЛСЫНХАА ТҮҮХИЙГ ГУЙВУУЛЖ ФАКТЛАВ-

Факталсан улс төрчдийн жагсаалтын хамгийн эхэнд мэдээж Ж.Батзандан гишүүн нэрлэгдэнэ.
2019 оны зургадугаар сард ШИНЭ намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзсан. Энэ үеэр түүний хэлсэн үг олон нийтийн цахим сүлжээнд нилээдгүй шүүмжлэл, дуулиан дагуулсан. Тэрээр ганцхан аймгийн хэсэг бүлэг хүмүүст таалагдах гэж попрохдоо, бүхэл бүтэн улс орныхоо түүхийг гуйвуулсан томоохон алдааг гаргаж факталсан юм. Тэрбээр, “Оспан баатар байгаагүй бол, хэрэв Чойбалсан гуайтай тохиролцоогүй бол баруун хязгаар нутаг, Монголын баруун хязгаар магадгүй харийн түрэмгийлэгчдийн гарт өртөх байсан” гэх утгатай зүйл ярьсан.
Гэвч нийслэлд ирээд буруу яриагаа цайруулах гэж мэдээлэл хүртэл хийсэн. Тэрээр “Казак иргэдтэй уулзаж байгаа тохиолдолд Оспаныг алуурчин, дээрэмчин байсан гэж хэлэх ямар ч боломжгүй байсан гэдгийг та бүхэн ойлгоорой” гэсэн билээ. Баян-Өлгийн хэсэг бүлэг Казак иргэдэд таалагдах гэж ийм зүйл ярьснаа хүлээн зөвшөөрч фактлав.
-М.ОЮУНЧИМЭГ ГИШҮҮН ӨӨРИЙНХӨӨ ОРООЛТОД “ОРООГДОЖ” ФАКТЛАВ-

2019 оны нэгдүгээр сард болсон жагсаалын үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ороолтондоо ороогдож фактлав. Тэрээр талбай дээр гарч, ард түмэнтэйгээ нэгдьюү гэсэн биш өөртөө нэг нэр, хоёр хоч зүүхдээ тулсан билээ. Тавхан алхаад баригдчих газар гэгчээр худлаа хэлээд хол явдаггүйг харуулсан нэгэн үйлдэл болсон нь LV-ийн ороолттой холбоотой асуудал юм.
Түүнийг алдартай брэндийн ороолт зүүн гарч ирсэн хэмээн сошиал хэрэглэгчид нэлээд шуугисан. Гэтэл хариуд нь М.Оюунчимэг гишүүн найзынхаа ороолтыг түр зүүсэн ухааны мэдэгдэл хийж асуудлыг улам дэвэргэж орхисон байдаг. Харамсалтай нь түр зүүсэн гэх ороолт нь тухайн үедээ л түүний хүзүүнд байнга тохоостой явааг захын хүнд илрүүлж, мань гишүүн тавхан алхмын зайд баригдчихалгүй яахав.
Найзын нь ороолт түүний хүзүүнээс салалгүйгээр олон удаагийн арга хэмжээнд цуг явсан болохыг баталгаажуулсан зургийг өөнтөгч нэгэн олоод тавьчихсан нь түүнийг бүрч фактлуулсан юм.
-ХООЛНЫ ХОРДЛОГО НЬ ХӨЛДӨӨ ОРДОГ САЙД-

Өнгөрөгч 2019 оны тавдугаар сард ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хоолны хордлогод орж, хордлого тайлах эмчилгээг Солонгос Улсад хийлгээд ирсэн. Тэрээр ирснийхээ дараа сэтгүүлчдэд эмчилгээ хийлгэхийн сацуу хордлого нь улмаар хөл рүү нь орж, идээт үрэвсэл үүссэн учир гадаад руу очиж шинжилгээнд ороод ирсэн гэж өөрөө тайлбарласан.
Үүнээс үүдээд хүмүүс янз бүрийн таамаг дэвшүүлсэн. Хөл рүү ордог хоолны хордлого ч гэж юу байхав гэцгээж байв. Ингээд түүний хорлогоны оношийг хайцгааж, эмч домчоос хүртэл үгүйсгэсэн яриа авцгааж билээ. Гэвч сар гаруй хугацааны дараа Л.Оюун-Эрдэнэ сайд хоолны хордлогод ороогүй, У.Хүрэлсүх ахдаа зодуулсан гэх мэдээлэл чих дэлсэж эхэлсэн. Томоохон автортай нийтлэлч хүртэл ийм мэдээлэл нийтэлж байсан билээ.
-ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ ГИШҮҮН П.ОЮУНЧИМЭГ БУСДЫН АМАРХАН ГЭГЧ НЬ ШОРОНД ХИЙЖ ЧАДДАГАА ГАЙХУУЛАВ-

ХҮЭК-ийн гишүүн П.Оюунчимэгийн талаарх нэгэн ноцтой бичлэг /2019.11.20/ нэгэн сайтаар дэлгэгдэж, фактлав. Тодруулбал, түүний хэнийг ч шоронд хийж чадна, үүн шиг амархан хурдан зүйл байхгүй гэх утгатай хэн нэгэнтэй харилцан ярьж буй бичлэг цацагдсан нь ийнхүү дуулиан дэгдээсэн юм.
Тухайн бичлэгт ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэг нь, “Би зөндөө олон хүнтэй харилцдаг. Над дээр дандаа ядарсан хүмүүс ирдэг. Манай байгууллага угаасаа тийм. Тэгээд мэдээж хяналт шалгалт гээд Монголын нутаг дэвсгэр дээр танихгүй ч хүн амьтан алга, яг үнэнийг хэлэхэд. Гэхдээ яг ийм, ойр дотнын таньдаг мэддэг хүмүүс ингэсэн тохиолдол анхных. Би дандаа л хууль хүчний байгууллагынхантай харьцдаг. Энэ авгай намайг шоронд хийчихнэ дээ гэдгийг мэдэхгүй байна. Би хийвэл асуудал алга. Утас цохиод л наадахаа барь гэхэд үүн шиг хурдан юм, үнэнийг хэлэхэд байхгүй” гэхчлэн ярьсан байдаг. Хүний эрхийн төлөө ажилладаг эгчийн ийнхүү ярьсан яриа олон ч хүний эгдүүцлийг хүргэсэн билээ.
-ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ҮЕЭР “ЦААСАН БУУ” ЗУРСАН УИХ-ЫН ДАРГА-

2019 арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийсэн.
Эл хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар цаасан дээр буу зурсан явдал нэгэн факт байв. Тухайн зураг цахим орчинд олны анхаарлыг татаж, шүүмжлэл хүлээсэн билээ. Анх нэгэн иргэн цахим хуудсандаа “Уйддаг юм уу яадаг юм бэ” хэмээн бичсэнээр УИХ-ын даргын факт олноо тархсан.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байхад УИХ-ын дарга цаасан дээр буу зуран, юу хийхээ олж ядсан мэт суугаад олон хүн шүүмжлэлтэй хандсан юм.
-Н.НОМТОЙБАЯР ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫН ҮЕЭР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА РУУ ЗАЛГАЖ “ТАНХАЙРАВ”-

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр /2019.12.12/ хэвлэлийн хурал хийж “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гишүүдэд зээл өгсөн болон Г.Батхүүгийн амь насаа алдсан хэрэгт нэр холбогдон гүтгэгдэж байгаа тухайгаа ярьсан юм.
Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, тэрээр хуулийн байгууллагын удирдлагууд руу залгаж томорсон. Утас нэрийг нь хүртэл ил зарлаж, сэтгүүлчдийг загнан тоомжиргүй гэгч нь зогссон билээ.
Тэрээр, “Яллагдагчаар татсан гэх асуудлыг ялгаж салгаж ойлго. Хүн нас барсан асуудалд би яллагдагчаар татагдаагүй. Гэрчийн мэдүүлэг худал өгсөн гэх асуудалд яллагдагчаар татагдсан. Ер нь утасдаад асуувал яадаг юм. Ямар зовлонтой юм бэ” гэж ирээд л утас цохисон нь сэтгүүлчдийг алмайруулсан.
Ингэхдээ өөрийг нь яллагдагчаар татан шалгаж буй Ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Энх-Амгалан руу залган “Би мөрдөнгийн Н.Энх-Амгалан руу нь залгаж байна. Та нар өөрсдөө асуу” хэмээсэн юм. Энх-Амгалан утсаа авахгүй болохоор Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга н.Эрдэнэбилэг рүү ч мөн залгасан ч мөн л утсаа аваагүй билээ. Түүний эл танхай үйлдэл олон нийтийн шүүмжлэл дагуулсан юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эгүүр товчоор үнэнийг хэлж. Ирж буй жилд сонгууль тойрч их л элийрнэ. Үнэний төлөө , байр сууриндаа байж ажиллаарай
Бичээч нэг талыг барьжээ. Хордлого хөлд бүү хэл толгойд гардаг амь эрсддэгийг мэдэхгүй нөхөр байж олон юм захиалгаар бичээд л