Нийгмийн

Б.Сьезхан: 9.8 мянга гэдэг тоог 98 мянга гэж андуурч хэлсний төлөө улс төржүүлж, сэвсэн

Өнгөрөгч оны сүүл буюу 2019 оны арваннэгдүгээр сарын эхээр Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан орон нутгийнхаа телевизэд нэгэн мэдээлэл өгсөн нь олон ч хүнийг гайхшируулсан байдаг. Тодруулбал, тэрбээр “130 мянган хүн амтай Хөвсгөл аймгийн 6 мянган хүн халамжаас мөнгө авдаг. 100 мянган хүн амтай Баян-Өлгийн 98 мянган хүн халамжийн мөнгө авдаг” хэмээсэн ярьсан бичлэг гайхширалд хүргэсэн юм.

Тэгвэл энэхүү мэдээллийн талаар бид өөртэй нь холбогдож тодрууллаа.

https://www.facebook.com/100043878192316/videos/113039853501954/

-БУРУУ ЯРЬСАН АЛДААГАА ЗАЛРУУЛЖ ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗ, РАДИОГООР УУЧЛАЛ ГУЙСАН-

-Та одоогоос хоёр сарын өмнө нутгийнхаа нэгэн телевизэд ярилцлага өгөх үеэрээ “100 мянган хүн амтай Баян-Өлгий аймгийн 98 мянган хүн халамжийн мөнгө авдаг” гэх тоон мэдээлэл хэлсэн байсан. Энэ хэр бодит мэдээлэл бэ. Яагаад ингэж ярих болов. Энэ талаар тайлбар мэдээлэл өгөхгүй юу?

-Би аль хоёр сарын өмнө буюу арваннэгдүгээр сарын эхээр телевизэд ярилцлага өгөх үеэрээ 9.8 мянга гэдгийг андуураад 98 мянган хүн гэж хэлсэн. Тухайн үедээ цаас хараагүй шууд ярилцлага өгсөн болохоор бага зэргийн андуурал гаргасан. Ердөө л үгэн дээр алдсан. Миний алдаан дээр дөрөөлж улс төр хийж байна. Ний нуугүй хэлэхэд Ардчилсан намынхан улс төр хийж, хоёр сарын өмнө болж өнгөрсөн явдлыг цахим орчинд сэвээд байгаа юм.

-Та санамсаргүй алдаа гаргасан гэдгээ дараа нь залруулсан уу?

-Арванхоёрдугаар сарын 02-нд манай аймгийн чуулган болсон. Энэ чуулган дээр миний андуурч хэлсэн тооны асуудал яригдсан. Ардчилсан намын нэг төлөөлөгч энэ тухай ярихад би андуурч хэлсэн бүх учраа тайлбарласан. Тухайн үед би “Та нар ганц үг андуурч хэлсний төлөө битгий улс төр хийгээд бай. Ийм юмаар хонжоо олохгүй. Өөр зүйлээр улс төр хий” гэж хэлсэн. Үүний дараа би арванхоёрдугаар сарын 04-нд буюу ярилцлага өгснөөс сарын дараа ахин орон нутгийн телевизүүдэд залруулга хийж, ярилцлага өгсөн. Хоёр ч телевиз, нэг радиогоор дамжуулан уучлалт гуйж, залруулж ярьсан байгаа.

-Дээрх тоон баримтаас үүдэж танай аймгийн иргэд халамжийн үйлчилгээнд хамрагдах нь хавтгайрсан гэх шүүмжлэлийг дагуулаад байгаа. Энэ мэдээлэл үнэн үү?

-2015 оны сүүл 2016 оны эхээр хөдөлмөрийн насны залуус халамжийн үйлчилгээнд хамрагдсан тоо эрс өссөн гэж би орон нутгийн радио телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан. Энэ яг сонгуулийн өмнө гэсэн үг. Иймээс 9.8 мянган хүн халамжийн мөнгө авдаг байсныг одоогийн байдлаар 6.2 мянга болгож бууруулаад байгаа бид. Ингэлээ гээд надад өс санаж, миний буруу ярьсан бичлэгийг цахим орчинд тарааж байгаа байхгүй юу. Та асуусан учраас би ний нуугүй ярьж байна.


-БАЯН-ӨЛГИЙН АЙМГИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН 1.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРЭЭР УЛСЫН ТӨСВӨӨС ГАРГАН ТӨЛЖЭЭ-

Баян-Өлгийн аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар нь 1.7 тэрбум төгрөгийн өрөнд ороод байсныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх “тэглэж” өгсөн гэх мэдээлэл чих дэлссэн. Улмаар хоёр гурван жил халамжийн мөнгө аваагүй зарим сумдын иргэд халамжаа авсан сураг байсан билээ.

Тэгвэл эл мэдээллийн тодруулбал, 2019 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн өр төлбөрийг барагдуулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталжээ. Уг тогтоолд Баян-Өлгий аймгийн зарим иргэдэд олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн 2018 оны өр төлбөрийг Нийгмийн халамжийн сангийн 2019 оны батлагдсан төсвийн зарцуулагдаагүй зардлаас барагдуулж иргэдийг хохиролгүй болгохыг тусгасан байна. Улмаар тус аймгийн Нийгмийн халамжийн сангийн 1,7 тэрбум төгрөгийн өрийг барагдуулж, 8184 иргэн Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтөө аваад байгаа ажээ.

Харин энэ талаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан дараах тайлбарыг бидэнд өгсөн юм.

Тэрбээр энэ тухай хэлэхдээ, Өр тэглэгдээд халамжаа авч чадаагүй иргэдэд тараагаад саяхан дуусчихлаа. Энэ 1.7 тэрбум төгрөгийн өр ямар учиртай вэ гэдгийг одоо тодорхой яриад өгье. 2013 онд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа халамжийн мөнгийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ гэдэг шийдвэр гарсан. 2015 оны сүүлээс уул уурхайгүйн улмаас орон нутаг төсвөө бүрдүүлж чадахгүйд хүрч өр хуримтлагдаж эхэлсэн. Энэ бол нэгдүгээр шалтгаан. Хоёрдугаарт, Сангийн яамнаас хянагдаж ирсэн 1.3 тэрбум төгрөгийн төсвийг 2016, 2017 оны төсөв батлахдаа 9.7 тэрбумаар баталсан. Энэ мөнгийг бас л дутуу өгсөн. Гуравдугаарт, 2018 онд халамжаас олгодог бүх тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ нэмэгдсэн. Нэмэхдээ өмнө нь төсвөөс олгосон мөнгө илүү гарсан учраас төсвийн тодотгол хийгдээгүй.

Ийм гурван шалтгааны улмаас Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар 1.7 тэрбум төгрөгийн өрөнд ороод байсан. Оны өмнө Засгийн газраас энэхүү өрийг шийдвэрлэж өгснөөр 8000 гаруй хүний халамжийн мөнгийг тарааж дуусаад байна. Одоо эзэндээ хүрч чадаагүй 73 мянган төгрөг үлдсэн байна гэсэн тайлбарыг өгсөн юм.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button