Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

БНХАУ-ын эдийн засаг хоёрдугаар улиралд удааширч, дефляцын асуудал үргэлжилсээр

БНХАУ-ын эдийн засаг АНУ-ын тарифын дарамтад харьцангуй тэсвэртэй байна. Энэ жилийн хоёрдугаар улирал тус улсын эдийн засгийн өсөлт шинжээчдийн таамаглаж байснаас бага хэмжээгээр удааширлаа. Гэсэн ч Хятадын дотоод эрэлт сул байгаа явдал болон, олон улсын худалдааны эрсдэл нэмэгдсээр байгаа юм. Ийм учир нь Бээжинд эдийн засгаа дэмжих нэмэлт бодлого хэрэгжүүлэх дарамт ирнэ гэж шинжээчид үзэж буй.

Мягмар гарагт /2025.07.15/ нийтлэгдсэн тоо баримтаар БНХАУ-ын ДНБ дөрвөөс зургаадугаар сарын хооронд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 5.2 хувиар  өссөн байна. Энэ нь эхний улирлын 5.4 хувиас удааширсан үзүүлэлт юм. Гэхдээ “Reuters” агентлаг эдийн засагчдаас санал асуулга явуулж 5.1 хувийн өсөлт үзүүлнэ хэмээн таамагласнаа арай өндөр үзүүлэлт байв.

Харин улирлын байдлаар авч үзвэл дөрвөөс зургаадугаар сард ДНБ 1.1 хувь өсжээ. Энэ нь өмнөх улирлын 1.2 хувийн өсөлтөөс бага ч шинжээчдийн таамаглаж байсан 0.9 хувиас давсан үзүүлэлт юм.

“Societe Generale” банкны эдийн засагч Вэй Яао “Эхний хагаст харьцангуй сайн үзүүлэлттэй байсан ч хоёрдугаар хагаст нөхцөл байдал муудаж болзошгүй. Учир нь үйлдвэрүүд экспортоо урьдчилж олноор хийж байсан нь буурч, АНУ-ын тарифын нөлөө илүү мэдрэгдэнэ” гэжээ. Тэрбээр нэмж “Орон сууцны үнэ дахин буурч эхэлсэн ба эдийн засгийн дэмжлэгийн нөлөө саарч байгаа нь иргэдийн хэрэглээ сэргэх эсэхэд эргэлзээ төрүүлж байна” хэмээсэн юм.

Зургийн эх сурвалж: Financial Times

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг огцом уналтаас зайлсхийж чадсан нь бодлогын дэмжлэг болон БНХАУ, АНУ-ын хоорондын худалдааны зөрчил түр намжсантай холбоотой. Түр намжаад буй хугацаанд Хятад үйлдвэрүүд бараагаа урьдчилан их хэмжээгээр экспортолж чадсан. Гэхдээ жилийн хоёрдугаар хагаст экспорт суларч, үнэ унаж, хэрэглэгчийн итгэл сул хэвээр байгаа нь хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэж байна.

Хятадын эрх баригчид энэ жил эдийн засгаа 5 орчим хувь өсгөх зорилт тавьсан. Гэхдээ ч дефляцын дарамт тогтмол үргэлжилж, дотоодын эрэлт сул байгаа учир энэ зорилтдоо хүрэх нь тун амаргүй гэж олон шинжээч үзэж байгаа юм.

ДНБ-ий тоо баримт эерэг гарсан ч иргэдийн хувьд нөхцөл байдал сайжраагүй байна. Шэньжэнь хотод амьдардаг эмч Маллори Жиан хэлэхдээ нөхөр болон өөрийнх нь цалин энэ жил буурсан гэж хэлжээ. Тэр “Бид хоёр хоёул эмч ч гэсэн орлого маань буурсан. Байр авч зүрхлэхээргүй байна. Тиймээс зардлаа танаж, нийтийн тээврээр зорчиж, эмнэлгийн цайны газарт хооллож эсвэл гэртээ хоол хийж байгаа. Амьдралын дарамт үнэндээ их хэвээрээ байна” гэсэн байна.

Хөрөнгө оруулагчид энэ сарын сүүлээр болох Хятадын Коммунист намын Төв хорооны улс төрийн товчооны хуралдааныг анхааралтай ажиглана. Энэ хурлаар  жилийн үлдсэн хагасын эдийн засгийн бодлогын чиглэл тодорхой болно гэж тэд үзэж байгаа юм.

Бээжин эдийн засгаа дэмжихийн тулд дэд бүтцэд хөрөэгө оруулж, иргэдийн хэрэглээг дэмжих зорилготой татаасыг нэмж, мөнгөний бодлогоо зөөлрүүлээд байгаа. Тус улсын төв банк тавдугаар сард бодлогын хүүг бууруулж, эдийн засгийг дэмжихээр зах зээлд мөнгө нийлүүлсэн. Хэрвээ эдийн засгийн өсөлт огцом саарвал төсвийн зарцуулалтыг улам нэмэгдүүлж магадгүй гэж зарим шинжээч үзэж байна.

Эдийн засгийн тоон үзүүлэлт гарсны дараа БНХАУ-ын хөрөнгийн зах зээл бага зэрэг савласан ч ноцтой зүйл ажиглагдаагүй юм.

Өрхүүдэд ирж буй дарамт нэмэгдсээр

Мягмар гарагт нийтлэгдсэн зургаадугаар сарын үйлдвэрлэл, хэрэглээний үзүүлэлтүүд хэрэглэгчдэд ирж буй дарамт буураагүйг харууллаа. Үйлдвэрлэлийн хэмжээ жилийн дүнгээр 6.8 хувь нэмэгдсэн нь гуравдугаар сараас хойших хамгийн хурдтай өсөлт байв. Харин жижиглэн худалдааны өсөлт тавдугаар сард 6.4 хувь байснаас буурч 4.8 хувь болсон нь жилийн эхний хоёр сараас хойших хамгийн сул үзүүлэлт боллоо. Жижиглэнгийн худалдаа буурч буй нь өрхүүд илүү болгоомжилж, худалдан авалт болон үйлчилгээнд зарцуулах зардлаа танаж буйг харуулдаг.

Зургаадугаар сард үйлдвэрлэгчдийн үнэ сүүлийн хоёр жилд үзэгдээгүй хурдтай буурсан байна.Бээжин зөвхөн татаасаар дефляцын дарамтыг даван туулж чадахгүй гэж шинжээчид үзэж байгаа юм.

“Capital Economics” компанийн Хятадын эдийн засаг судлаач Зичүнь Хуан “ДНБ-ий эерэг үзүүлэлт бодит өсөлтийг арай хэтрүүлж харуулж байгаа байж магадгүй. Экспорт саарах төлөвтэй, төсвийн дэмжлэгийн үр нөлөө ч алдагдаж эхэлж байгаа учраас жилийн хоёрдугаар хагаст өсөлт улам удааширч мэднэ” гэжээ.

“ANZ” банкны шинжээчид БНХАУ-ын эдийн засаг жилийн хоёрдугаар хагаст саарна гэж үзэж байгаа аж. Гэхдээ 2025 онд БНХАУ-ын эдийн засгийг 5.1 хувиар өснө гэж өмнөх 4.2 хувийн таамгаа өсгөжээ. Хятадын эдийн засагт тулгарч буй гол эрсдэл дефляц хэвээр байгааг тэд анхааруулсан байна.

Даваа гарагт /2025.07.14/ гарсан өөр нэг мэдээллээр, зургаадугаар сард Хятадын экспорт өссөн нь үйлдвэрүүд АНУ-тай байгуулсан түр гэрээ дуусахаас өмнө бараагаа яаравчлан гаргаж байсантай холбоотой гэжээ.

Евразийн группийн Сингапур дахь Хятадын асуудал хариуцсан захирал Дан Ван “Төсвийн хүчтэй дэмжлэггүй бол гуравдугаар улирлын өсөлтөд эрсдэл тулгарна. Хэрэглэгчид болон бизнес эрхлэгчид болгоомжилж, зардлаа танасаар байна” хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Худлаа дөө
Худлаа дөө
7 сар 18, 2025 18:10

Аа бүү мэд, үнэн ч юм уу худлаа ч юмуу хэн мэдлээ.

Холбоотой мэдээ

Back to top button