Сурагчдыг поло цамцаар жигдрүүлэх шийдвэр 2 жил албажилгүй, асран хамгаалагчдыг төөрөгдүүллээ

Өнгөрсөн жил буюу 2024 онд сурагчид поло цамцаар жигдэрнэ гэгдэж байсан ч хичээл эхлэхийн өмнө Засгийн газрын хуралдааны шийдвэр гарч, нэгдсэн загварын дүрэмт хувцсаа өмсөхөөр тогтсон.
Тодруулбал энэ тухай П.Наранбаяр сайд,
"2025-2026 оны хичээлийн жилд дотооддоо үйлдвэрлэсэн ханцуйтай, ханцуйгүй поло цамц оруулж ирэх сонголтыг бий болгох судалгааг хийх, стандартад өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ажлыг эхлүүлж байна. Энэ ажлын хэсэгт хувийн хэвшил, эцэг эхийн төлөөлөл, мэргэжлийн болон бодлогын байгууллагуудаас оролцоно. Тиймээс энэ жил поло цамц өмсөхгүй. Сонголттой болгоно. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн бодлогоо үргэлжлүүлнэ. Стандартад өөрчлөлт оруулна" хэмээн мэдэгдэж байв.
Үүний дараа нийгэмд энэ хичээлийн жилээс сурагчид поло цамц өмсдөг болно гэдэг ойлголт үүссэн. Гэвч одоог хүртэл энэ шийдвэр эцэслэгдээгүй, албан ёсны мэдээлэл гараагүй хэвээр байна. Өөрөөр хэлбэл энэ шийдвэр хоёр жил дараалан ухрах нь.
Учир нь поло цамцыг сурагчдын дүрэмт хувцасны иж бүрдэлд оруулахаар стандартын комисс хуралдаж, 100 хувийн саналаар батлаад буй. Гэсэн ч нэг үзүүлэлт дээр тодруулга авахаар болж Нэхмэлийн хүрээлэнд хандаад байгаа юм. Энэ тодруулга эцэслэгдмэгц стандарт батлагдах учиртай.
Одоо хичээл эхлэхэд дөрөв хоногийн хугацаа үлдээд байна. Энэ хугацаанд амжихгүй гэдгээ албаныхан ч мэдэгдэв. Ингэснээр сурагчдад поло цамц өмсүүлэх шийдвэр хоёр жил дараалан ухарч, шат дараалалтайгаар нэвтрүүлэхээр болж байна. Энэ нь эцэг эх, асран хамгаалагчдад эргэлзээ үүсгэж, төөрөгдөлд оруулаад байгаа юм.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иймхэн юм шийдчихэж чадахгүй сайдаар юугаа хийнээ
Поло цамц гээд яг ямар хувцас хэлээд байгаа юм бэ? Мунхаг надад зураг хөрөгтэй нь үзүүлнэ үү.
Хэцсс, хужаагаас орж ирдэг хулдаас шиг дүрэмт хуцасыг болиулж чадахгүй байж үхсэний үзүүлэлт. Нэг их юм хийх гэж байгаа аятай ажлын хэсэг энэ тэр...
Чадваргү сайд уу