Төсөв 2026: Иргэдийн саналын 60 гаруй хувийг шаардлагагүй, хэдийнэ туссан гээд хасжээ

Монгол Улсын 2026 оны улсын төсвийн төслийг Ерөнхий сайд Г.Занданшатар өргөн бариад байна. Ирэх жилийн төсвийг 31.6 их наядын орлого, 33 их наядын зарлага, 1.3 их наядын алдагдалтай байхаар боловсруулжээ.
Энэ төсөвт тавигдсан хамгийн том хүлээлт бол олон нийтээс санал авсан явдал.
E-Mongolia системээр иргэдээс ч санал авсан, төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн дор салбар салбарын хэлэлцүүлэг ч зохион байгуулсан.
“Олон нийтэд нээлттэй, ид тод хэлэлцэнэ” гэсэн мессежээр боловсруулагдсан төсөв гэж болно.
Харин энэ саналуудыг хэрхэн тусгасан талаараа төсвийн баримт бичигт дараах байдлаар дурдсан байна.
Иргэдийн санал асуулга:
Иргэдийн саналын үр дүнг тоймлон дүгнэвэл, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний чанар‑хүртээмжид төвлөрөх, түүнчлэн төрийн захиргаа, төрийн өмчит компаниудын зарцуулалт, сахилга батыг эрс сайжруулах шаардлагатайг харуулсан.
Тиймээс төсвийн бодлого‑үр ашгийг сайжруулахын тулд 1) эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарын төсвийг гүйцэтгэл‑үр дүнд суурилан эрэмбэлэх; 2) төсвийн байгууллагын захиргааны зардал бууруулах болон төрийн өмчит компаниудын шинэчлэлийг бодит төлөвлөгөө, хугацаатай хэрэгжүүлэх; 3) халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлэх, өгөөж багатай зардлыг үе шаттай бууруулах; 4) татварын бодлогын өөрчлөлтийг өрхийн орлогын нөлөөлөлтэй уялдуулах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байна гэж үзжээ.
Хэлэлцүүлэг:
Иргэдийн гаргасан 8,810 саналын давхардлыг цэвэрлэж үзэхэд нийт 417 саналд багцлагдаж байна.
Эдгээр саналын 151 нь ТЕЗ нар өөрсдөө эрэмбэлсний үндсэн дээр төсвийн төсөлд тусгах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд эдгээр нь голдуу одоогоор хэрэгжиж байгаа буюу нэгэнт төсөвт тусгагдсан, эсхүл он дамжин хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээтэй холбоотой байна.
Үлдэх 264 саналыг жилийн төсвийн төсөлд тусгуулах боломжтой гэж ТЕЗ нар санал болгосныг хянаж үзвэл 84 санал нь тодорхой хэмжээгээр төсвийн төсөлд туссан байна.
Төсөвт тусгагдсан арга хэмжээний нийтлэг шинж нь тухайн салбарын бодлого, үргэлжлэн хэрэгжиж байгаа хөтөлбөр, арга хэмжээ, жил тутам давтагддаг урсгал шинжтэй зардалтай холбоотой байна. Ийм саналууд жил бүрийн төсөвт тусгагддаг бөгөөд мөнгөн дүнгээр илэрхийлбэл 2.3 их наяд төгрөг болж байна.
Түүнчлэн дээрх 264 саналаас төсөвт тусгах боломжгүй 180 санал байгаагийн 61 нь “давхардсан” гэдэг шалтгаанаар хасагдсан байна.
Төсөвт тусгагдаагүй шалтгаан нь санал болгосон арга хэмжээнүүд нь 2026 оны төсвийн хязгаарт багтаагүй, хөрөнгө оруулалтын шинжтэй, эсхүл бодлогын өөрчлөлт шаардах шинэчлэл шаардлагатай саналууд зонхилж байна хэмээн дүгнэжээ.
Өөрөөр хэлбэл иргэдийн саналыг 417 саналд багцалсан. 151-ийг нь төсвийн ерөнхийлөн захирагч нар үнэлээд шаардлагагүй гэж үзсэн. Үлдсэн 264-ийн 84 нь тодорхой хэмжээнд тусчихсан хэмээн тайлбарлаж. Өөрөөр хэлбэл 60 гаруй хувийг нь туссан эсвэл шаардлагагүй гээд хасжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.