Нийгэм мэдээ

Г.Занданшатар: Түлш, шатахууны зохиомол хомсдол үүсгэж буй ААН-үүдийг шалгах хэрэгтэй

Ерөнхий сайд Г.Занданшатар ирэх мягмар гарагаас нутгийн ихэнх хэсгээр нойтон цас орж, явган шуурга болох гэж байгаатай холбогдуулан Улсын онцгой комиссыг зарлан хуралдууллаа. Хуралдаанаар хөдөө аж ахуй, эрчим хүчний салбар болон нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.

Өнөөдөр /2025.10.12/  баруун, төв, зүүн аймгуудын хойд хэсгээр, 2025.10.13-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын зарим хэсгээр, 14,15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх хэсгээр, говийн аймгуудын хойд хэсгээр, 17-нд нутгийн хойд, 18-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, явган шуурах төлөвтэй байгааг ЦУОШГ мэдээлэв.

Баруун аймгуудад хадлангийн гарц тааруу учраас зүүн аймгаас хангалт хийж байна. 1.5 сая тонн байгалийн хадлан бэлтгэхээс 1.1 сая тонныг бэлтгэжээ. 2025.10.06-ны өдрийн байдлаар 157.1 мянган тонн улаанбуудай хураан авсан байна. Мөн 81.7 мянган тонн төмс, 50.8 мянган тонн малын тэжээл хураан аваад байна. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 87%-тай байна.

Өнөөдрийн байдлаар төвийн бүсийн станцууд 626.9 мянган тонн нүүрс, 2519 тонн мазутын нөөцтэй байна. Нийслэлд борлуулалтын 500 цэгт хагас коксон шахмал түлшийг нийлүүлж эхэлжээ. 25-26 оны халаалтын улиралд нийт 306.000 тонн хагас коксон түлш импортлох юм. Нийлүүлэлт хэвийн байхад түлш, шатахууны зохиомол хомсдол үүсгэж буй ААН-үүдийг шалгаж, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Г.Занданшатар дахин сануулав.

2025 оны 06-р сарын 22-нд болсон УОК-ын хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажил хангах үүрэг чиглэл өгсөн. Гурван сарын хугацаанд хийсэн ажлынхаа биелэлтийг ирэх 7 хоногт болох Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг даалгав. Засгийн газрын үйл ажиллагааг санаатай саатуулж, эс үйлдэхүй үзүүлж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Уул уурхайн сайд, улмаар ерөнхий сайд ажиллаа хийж чадахгүй байгаа жишээ чинь шатахууны хийсвэр хомсдол шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button