НИЙГЭМНийгэм мэдээ

"Допинг хэрэглэсэн тамирчид гүтгэлэг тарааж байгаад харамсаж байна. Бид төрөөс санхүүжилт авдаггүй"

Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн Холбоо (МПНХ)-ны удирдлагууд Румынд болсон Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д багаараа амжилттай оролцсон болон тус тэмцээнтэй холбоотойгоор цахим орчинд гарсан мэдээллийг залруулах үүднээс дараах мэдээллийг өглөө.

ДАШТ-ээс нийлбэр дүнгээр Т.Сайфолла, С.Мөнхзул нар мөнгөн медаль хүртсэн юм. Энэ талаар Т.Сайфолла "11 сарын 10-16-ныг дуустал насанд хүрэгчдийн ДАШТ Румынд болоход нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртлээ. Би пауэрлифтингийн спортоор хичээллээд 20, ДАШТ-д оролцоод 10 жил болж байна. Өмнө нь ДАШТ-ий нийлбэр дүнгээр V, IV байр эзэлж байсан бол энэ жил санасандаа хүрлээ. Суултын төрөлд 440 кг-ыг өргөж алтан медаль хүртсэн. Энэ нь манай улсын анхны алтан медаль юм. Таталтын төрөлд 360 кг өргөснөөр хүрэл медаль зүүсэн. Ингээд нийлбэр дүнгээр 1,097.5 кг өргөсөн үзүүлэлтээр нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртсэн. Өнгөрсөн жил Исландад болсон ДАШТ-ээс суултын төрөлд мөнгө, таталтын төрөлд хүрэл медаль хүртээд нийлбэр дүнгээр IV байр эзэлсэн" хэмээв.

Үргэлжлүүлэн холбооны удирдлагууд "Б.Марал гэж тамирчныг тэмцээнд нь явуулаагүй талаар өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдэгдсэн. Энэ талаар тайлбар хүргэх нь зөв болов уу. Энэ асуудал шууд допингтой холбогдоно. Гэхдээ Б.Марал допинг хэрэглээгүй. Яагаад түүнд ийм шийтгэл оногдуулсан бэ гэвэл түүний дасгалжуулагч нь С.Минжбаатар допингоор эрхээ долоон жилээр хасуулсан тамирчин юм. Японд болсон Ази, Номхон Далайн орнуудын тэмцээнд Б.Марал допингийн шинжилгээ өгөхдөө хуудсан дээрээ дасгалжуулагч нь С.Минжбаатар гээд биччихсэн. Азийн холбоо нь уг хуудсыг нь Олон Улсын Холбоо руу хүргүүлээд энэ талаар бидэнд мэдэгдэл өгсөн. Хоёрдугаарт Монгол Улсаас эрхээ аваад олон улсын тэмцээнд оролцох тамирчид улсынхаа шигшээ багийн хувцсыг өмсөх ёстой. Гэтэл Б.Марал нь олон улсын тэмцээнд оролцохдоо шигшээ багийн хувцсыг өмсөөгүй. Тийм учраас түүнд хоёр жил олон улс болон дотоодын тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан. Допингтой холбогдсон тамирчид холбооныхоо эсрэг янз бүрийн гүтгэлэг тарааж байна. Манай холбоо улсаас нэг ч төгрөгийн санхүүжилт авдаггүй. Пара пауэрлифтингийн нэгдсэн холбоо бол тусдаа үйл ажиллагаа явуулдаг холбоо. Тэд паралимпын төрөлд ордог учраас улсаас санхүүжилт авдаг" хэмээсэн юм.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button