Фото: Хөлтэй, хөөртэй хөдөөгийн цагаан сар
Цагаан сар бол хахир өвлийг өнөтэй давж, хавартай золгосны баяр. Мөн ахан дүүстэйгээ учран золгох, ахмад настнаа хүндэтгэн тохой түшин хүндэтгэх холыг ойртуулсан гүн утгатай баяр билээ.
Нийслэл хүрээнийхэн түм түжигнэж, түгжирч айсуй дор хөдөөгийн ард жинхэнэ утгаараа баярлаж байна. Ойр буй нь алхаж, алсаас ирэх нь автомашин хөлөглөж, саахалтын газар буй нь морь, мотоцикл хөлөглөн ирж, золгож байна.
Манай зураглаач Б.Эрдэнэбаярын фото дуранд хөдөөгийн цагаан сар ийн буужээ.
Гэрэл зургийг: Б.Эрдэнэбаяр, Байршил: Баянхонгор аймаг
Цагаан сарын түүх
Түүхэн баримт дээр тулгуурлан харахад 13-р зууны үеэс Цагаан сарыг хавар тэмдэглэх болсон бөгөөд Инжаннашийн “Хөх судар” романы 39 дүгээр бүлгийн эхэнд “IV жарны анхны жил, улаагчин туулай буюу 1207 онд Чингис хаан хулгана цагт дээшлэн, биеэ ариутгаад, ёсны хувцсаа өмсөж, Өэлүн ээждээ мөргөж, ордноосоо заларч гарч ирэхэд есөн зүйлийн гүн нарийн хөгжим, алтан хасын чимээ дуурьсгаж, жүн хэнгэрэг дэлдэн угтав.
Чингис хаан харьяат олондоо Тэнгэрийн хөвгүүний дохио тэмдэг, хөгжим сэлтэс цөм Өмнөд Дунддын хууль дүрэм болой. Би өөрөө арьсан дээлтэй монгол хүн. Та бүхэн хаан өргөмжилж их сууринд суулгалаа. Өнөөдрийн ёслол сүрдүүлэн цочоох төлөв байдалтай учир Ар газар таарахгүй…” гэсэн байдаг. Үүнээс үзэхэд 1207 онд буюу Чингис хааны II онд тэмдэглэсэн тэр үеэс эхлээд сүү цагаан идээгээр голлуулан ёсолдог “Цагаан сар” хэмээх ёслол эхэлж, төр ёсны баяр болон үлджээ.
Цагаан сарын баярын эрхэм зорилго нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэж, бие биесээ хүндэтгэн золгоход оршино. Иймд өндөр настандаа заавал өргөө гэрт нь зочлон очиж золгон хүндэтгэл үзүүлдэг.
Золгох ёсон
Өндөр настай хүмүүстэй золгохдоо хадагны амыг золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хүний хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа золгоно. Авч байгаа хүн хадгийг хоёр гардан аваад толгойн талыг нь баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээр эвхэн нугалдаг нь хадагны хээ, үсгийн толгойг буруу харуулахгүйг хичээж байгаа ёс юм. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Харин хадгаа тавьчхаад золгохдоо мэндийг нь асууна.
Золгох ёс нь зөвхөн Цагаан сарын гурван өдрөөр хязгаарлагдахгүй бүтэн жилийн турш үргэлжилдэг билээ. Учир нь Цагаан сараар уулзаж золгоогүй хүмүүс зун, намар байсан ч хамаагүй тухайн жилдээ заавал золгож, энэ жилийнхээ шинэлгээг хийдэг маш хүндтэй ёслол юм. Иймд шинийн нэгэнд гэртээ ганцаараа сар гаргаж байвал баганатайгаа золгох ёс, хээр хөдөө ганцаар явж таарвал мориноосоо буугаад малгайтайгаа золгодог ёс бий.





























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөтэй гэхгүй, өнтэй гэнэ. Өнө гэдэг үг биш, өн гэдэг үг
Баянхонгорын ямар сум бэ.