О.Амгаланбаатарын аймгийн Засаг даргын эрх хэмжээг нэмэгдүүлэх агуулгатай сайжруулж дуусдаггүй хууль
Говь-Алтай аймгийн Засаг дарга асан О.Амгаланбаатар УИХ-ын гишүүн болсоор цөөн хэдэн хуулийн төсөл боловсруулсан Түүний санаачилсан хуулиуд аймаг орон нутаг, хувийн ашиг сонирхлоос нь давдаггүй гэхэд хилсдэхгүй. Ганц улсын хэмжээнд харсан нь "гурван эрийн наадам" гэх тодотголтой ТББХ дээр бүдэрч, олны дургүйцлийг хүрээд буй.
Өдгөө яригдаж буй өөр нэг хууль нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл. Ерөнхийдөө Нарансэвстэйн боомтыг нээх санаархлаа холуур зүтгүүлсэн хууль байсан ч, нийгмийн эсэргүүцэлтэй тулгарч холбогдох хэсгийг хассан.
Сайжруулан өргөн мэдүүлсэн хуулийг нь өчигдөр МАН-ын бүлгээс "эргэж харах, байр сууриа нэгтгэх" шаардлагатай гэснээр уг хуулийн төсөл дээр ажлын тав хоногийн засварлага авав. Аймгийн Засаг дарга явсан, ард түмний амьдрал, төрийн ажил мэддэгээрээ сайрхдаг түүний сайжруулж дуусдаггүй хуулийн төслийг өнөөг хүртэлх явц болоод цаана нь хөндөгдөж буй асуудлыг тодруулан хүргэе.
Нэг. Хуулийн төслийн гол агуулга нь аймгийн зарим, газар агентлагийн даргыг Засаг дарга нь томилж чөлөөлдөг болох юм. Өөрөөр хэлбэл, яамдын эрхийг "танаж", мэргэжлийн байгууллагуудын удирдлага сонгуулийн дүнгээр "савлах" эрсдлийг үүсгэж байгаа юм.
Хоёр. Тус хуулийн төслийг анх 2025 оны арваннэгдүгээр сарын 27-нд өргөн мэдүүлсэн. Дараа нь 2026 оны тавдугаар сарын 29-нд өөрийнх нь хэлснээр сайжруулан өргөн мэдүүлсэн. Гэхдээ ахин сайжруулах, намын бүлэг дээр авч хэлэлцэхээр татчихаад байгаа нь энэ.
Гурав. Анх өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь "дагаж мөрдсүгэй" гэдгийг нь оруулж тооцвол 5 зүйлтэй, 17 дагалдах хуулийн төсөлтэй, тэдгээр нь тус бүр 1 зүйлтэй. Харин сүүлд өргөн барихдаа дагалдах хуулийн 10-ыг нь хасаж, долоог нь үлдээсэн бол, үндсэн хууль 2 заалттай болжээ.
Өөрөөр хэлбэл, одоо түүний хуулийг засаж, танана гэвэл анх санаачилсан Ан амьтны тухай хуулийн төсөл шиг нь ганц заалттай болчих гэмтэй. Гэхдээ түүний энэ хууль унаж мэдэхээр байгаа юм. Учир нь, байнгын хороогоор орж, чуулганаар хэлэлцэх хүртэл жил тойрон явсны дараа МАН-ын бүлэг нягталж харахаар "татчихлаа".
Угаас энэ хууль төрийн байгууллагын босоо удирдлагын системийг "эвдэж" буй. Жишээ нь, орон нутагт улстөржилт өндөртэй атал аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Боловсролын газар зэрэг нэн чухал байгууллагын даргыг Засаг дарга нь томилж, чөлөөлөх нь нам, улс төрийн томилгоо орох эрсдэлтэй юм.
Дор дагалдах 7 хуулийн төслийн заалтуудыг тодруулан хүргэе. Эндээс ямар агентлагийн даргыг Засаг дарга томилж, чөлөөлдөг болох зохицуулалтыг харж болно.
- Аймаг, нийслэлийн боловсролын газрын даргыг Төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулалтын шалгалтын дүнг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, хуульд заасны дагуу чөлөөлөх;
- Аймаг, нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын даргыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө;
- Мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллагын даргыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга;
- Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг хуульд заасны дагуу нэр дэвшүүлж нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар, аймаг, нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргатай, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга томилж, чөлөөлнө;
- Аймаг, нийслэлийн соёлын газрын удирдлагыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө;
- Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүтэц, орон тоог баталж, нийслэл, орон нутаг дахь газар, хэлтэс, тасгийн даргыг тухайн шатны Засаг даргын санал болгосноор томилж, чөлөөлнө;
- Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн аймаг, нийслэлийн биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын даргыг томилж, чөлөөлнө.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.