НАСА Олон улсын сансрын станц дээрх нисгэгчдийг станцыг яаралтай орхиход бэлтгэх тушаал өгчээ
Баасан гарагт /2026.06.05/ Олон улсын сансрын станц дээрх сансрын нисгэгчдийг станцыг яаралтай орхин явахад бэлтгэх тушаалыг НАСА түүхэндээ анх удаа өгсөн байна. Тодруулбал станцаас агаар алдаж байсан асуудал улам бүр дордож байсан тул НАСА станц дээрх таван сансрын нисгэгчийг яаралтай дэлхий руу буцахад бэлтгэх тушаал өгсөн юм. НАСА тэрхүү тушаалаа хоёр цагийн дараа өөрчилж, сансрын нисгэгчид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсэн байна. Уг явдал өрнөж байхад тус станц дээр гурван америк, гурван орос, нэг франц нисгэгч байсан юм.
ОХУ-ын сансрын агентлаг болох Роскосмос мэдэгдэл хийхдээ мэргэжилтэн нь станц дээр агаар алдаж буй хоёр хэсэг байгааг илрүүлсэн гэжээ. Гэхдээ станц дээрх багийнханд аюул учрахгүй хэмээсэн байна. Агаар алдаж буй нэг хэсгийг яаралтай янзалж, хоёр дахь хэсгийг янзлахаар төлөвлөж байжээ. Тэгвэл Роскосмосын хоёр нисгэгч болох Сергей Куд-Сверчков, Сергей Микаев нар яаралтай орхиход бэлтгэх тушаалыг гүйцэтгэлгүй агаар алдаж буй хэсэг рүү хөрөө ашиглан нэвтрэхээр төлөвлөх болсон юм. НАСА-гийн албан тушаалтнууд үүнтэй санал нийлэхгүй байсан тул аюулгүй газар хоргодох журмыг нэмж хэрэгжүүлжээ. Роскосмосын нисгэгчид агаар алдаж буй хэсгийг янзлах ажлаа зогсоосны дараа НАСА тушаалаа цуцалсан байна.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө сүртэй юмаа би очоод гагнаад л өгчий надтай яриач дээ