
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарын томилгоог хэлэлцэн дэмжсэнээр ҮХЦ цэц есөн гишүүний орон тоо бүрдсэн. Тэгвэл үдээс хойш ҮЦХ-ийн нийт гишүүний хуралдаан болж, Ж.Эрдэнэбулганыг даргаар сонгожээ. Түүний хувьд УДШ-ийн санал болгосны дагуу 2021 оны гуравдугаар сарын 26-ны ҮХЦ-нээр томилогдсон. Бүрэн эрхийн хугацаа ирэх онд дуусах юм.
Үндсэн хуулийн 35.1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан байдаг.
Энэ дагуу УИХ-ын дарга С.Бямбацогт эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх хоёр томилгоог оруулж ирсэн. Учир нь, УИХ-ын нарийн бичгийн даргаа шилжсэн Ч.Өлзийсайхан, бүрэн эрхийн хугацаа нь дуусаад жил тойрон болсон ҮХЦ-ийн дарга Г.Баясгалан нарыг УИХ-аас санал оруулсны дагуу томилсон юм.
Шинэчлэгдсэн бүрэлдэхүүний томилгоог авч үзвэл:
- Ерөнхийлөгчийн санал болгосноор Б.Болдбаатар, Р.Батрагчаа, Э.Энхтуяа нарыг;
- УДШ-ээс санал болгосноор Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан нарыг;
- УИХ-аас санал болгосон Ц.Цолмон Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг тус тус ҮХЦ-ийн гишүүнээр томилсон байна.
Ж.Эрдэнэбулганы товч намтар:
Тэрбээр эрх зүйч, хуульч мэргэжилтэй, эрүүгийн эрх зүйгээр мэргэшсэн нэгэн аж.
- 1988-1989 онд Дундговь аймгийн шүүхэд зарлага, архивч,
- 1995 оноос МУИС-ийн ХЗДС-ийн Эрүүгийн эрх зүйн тэнхимд багш,
- 2004 -2006 он МУИС-ийн Сургалтын албаны эрхлэгч,
- 2006-2015 он МУИС-ийн ХЗС-ийн Эрүүгийн эрх зүйн тэнхимд дэд профессор,
- 2013-2015 он Монголын Хуульчдын Холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал хариуцсан хорооны дарга, гишүүн,
2013-2014 он МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, - 2015 оноос МУИС-ХЗС-ийн захирал, Эрдмийн зөвлөлийн дарга
- 2017 оноос Хууль зүйн докторын ажил хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга
- 2021 оноос ҮХЦ-ийн гишүүн
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.