"Оюу Толгой"-н Зээлийн хүүг бууруулах хэсгийг З.Мэндсайхан ахална, Монголчуудын хүлээлт
“Рио Тинто” компанийн төлөөлөл өнөөдөр Монголын талтай хэлэлцээний ширээний ард суух юм.
УИХ-ын Хянан шалгах түр хорооны хийсэн Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ тойрсон нээлттэй сонсголын дүгнэлтийн дагуу УИХ-ын 120-р тогтоол гаргаж Засгийн газарт чиглэл өгсөн. Ингэхдээ зургаан агуулгыг үндэслэл болгосон бөгөөд менежментийн төлбөрийг бууруулах, Монголын талыг үр өгөөжийг нэмэгдүүлэх, "Онтрэ"-гийн эзэмшлийн Жавхлант, Шивээ толгой лиценз дээр төр 34 хувь эзэмших зэрэг агуулгууд бий.
Монголын Засгийн газрын зүгээс 5-р сарын 12-ны өдөр уулзаж, хэлэлцэх санал тавьсан ч хөрөнгө оруулагч тал хэлэлцээг хойшлуулсан. Мөн 5-р сарын 18-ний өдөр дахин хэлэлцээ хийхээр тохирсон ч болоогүй. Улмаар өнөөдөр талууд эцсийн хэлэлцээг хийх товтой байна.
Ташрамд дурдахад, "Оюу Толгой"-н хэлэлцээртэй холбоотойгоор ҮАБЗ өчигдөр хуралдсан. Улмаар 17.00 цагийн орчимд завсарлаж, өнөөдөр үргэлжлүүлэхээр болсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын багтдаг эл зөвлөл хуралдаж буй нь асуудлыг анхааралдаа авч буйгаа харууллаа. Одоо хэлэлцээрийн ширээнд яриа хэрхэн өрнөхийг дараах хүмүүс шийднэ.

УИХ-аас гаргасан 120-р тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг ахалж ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр,
- Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан,
- Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр
- Зээлийн хүүг бууруулах ажлын хэсгийн ахалж Сангийн сайд З.Мэндсайхан
- Менежментийн төлбөрийг бууруулах ажлын хэсгийг ахалж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар хэлэлцээ хийнэ.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямаар ахлуулсан ажлын хэсэг
Оюу Толгой хэлэлцээрийн хүрээнд Ерөнхий сайдын 67, 68 дугаар захирамжаар хоёр ажлын хэсэг байгуулагдсан. Үүний нэг нь Г.Дамдинням сайдаар ахлуулсан менежментийн төлбөрийг бууруулж, олон улсын жишигт хүргэх үүрэг бүхий ажлыг хэсэг.
Тус ажлыг хэсэг Рио Тинто групптэй менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулж, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрсэн. Ингэснээр 2.2 тэрбум ам.долларын төлбөрийн зардал буурч, Монголын хүртэх өгөөж 1.5 тэрбум ам.доллароор өсөх юм.
Энэ "багахан" үр дүнгээр Н.Учралын Засгийн газар нүүр тахалж бас "цадчихаад" буй. Тиймдээ ч Ерөнхий сайд "Ард түмэндээ шинэ сайн мэдээ дуулгая. Засгийн газар дуусдаггүй яриаг дуусгахад олон сорилт хүлээж байна" гэх видео түлхэж байв.
Оюу Толгойн зээлийн хүүг бууруулах ажилд чиг үүргийн хүрээнд хамгийн их хамааралтай АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ч "Манай ажлын хэсэг үүргээ биелүүлчихсэн" хэмээн хэнхэлзэх болсон. Гэхдээ энэ бол өнгөрсөн, одоо, ирээдүйд Оюу Толгойгоос хүртэх ёстой өгөөжтэй харьцуулашгүй жижиг дүн.
З.Мэндсайханы ахалсан зээлийн хүүг бууруулах ажлын хэсэг
Оюу Толгойн зээлийн хүүг бууруулах чиглэлийн ажлыг хэсгийг Сангийн сайд З.Мэндсайхан ахалж буй. Тэрбээр энэ ажлыг Г.Занданшатарын Засгийн газраас буюу өмнөх сайд Б.Жавхлангаас хүлээн авсан. Тэрбээр нөхцөл байдал нэлээн хүнд, зээлийн хүүг бууруулах асуудал дээр талуудын байр суурь маш хатуу байгаа талаар ярьсан.
Өнгөрсөн сарын 12-нд Засгийн газар болон "Рио Тинто"группийн төлөөлөл Улаанбаатар хотноо уулзаж, хэлэлцсэн. Гэвч зээлийн хүүгийн асуудал дээр тохироонд хүрч чадаагүй. Энэ үеэр хөрөнгө оруулагч талаас шинэчилсэн хувилбараар санал тавьсан ч манай талын шаардлагад хүрээгүй учир ахин тооцоолол хийж танилцуулахаар болсон. Гэвч одоогоор шийдэлд хүрээгүй байна.
Харин Монголын талаас одоо байгаа зээлийн хүү LIBOR+6.5 хувь байгаа бөгөөд 2.2 хувь болтол бууруулах саналыг тавьсан ч Рио Тинто талаас уг саналыг хүлээж аваагүй.
Байгуулагдаад мартагдсан Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг
Оюу Толгойн гэрээг сайжруулах асуудалтай холбоотой өөр нэг ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярын ахалж буй. Тэрбээр засаг дамжиж, сайдын дээлээ сэлгэж өмссөнөөс хойш нам гүм болсон. Оюу толгойн сонсголын мөрөөр байгуулсан энэ том ажлын хэсгийг ч тэр түвшин рүү гээ татав.
Тодруулбал, Оюу Толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр УИХ-аас 120 дугаар тогтоол гарч, Засгийн газарт хэд хэдэн агуулгаар чиглэл өгсөн.
Угтаа Б.Энхбаяр дээр хоёр ажлын хэсэгтэй "хавсран" ажиллаж, Оюу Толгой жинхэнэ утгаараа монголчуудад өгөөжөө өгдөг, олон улсын жишигт нийцсэн түншлэл болгохын төлөө мэрийх учиртай. Гэвч таг чиг.
Одоогоос 17 жилийн өмнө буюу 2009 онд Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан. Тус компани зэсийн баяжмалаа экспортолж эхлээд 14 жил өнгөрлөө. Гэтэл Монголын ард түмэн ногдол ашгаа авч чадахгүй хэвээр байгаа юм. Тийм учраас Г.Занданшатарын Засгийн газрын үед төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох хатуу шаардлага тавьсан. Өнөөгийн Засгийн газар ч энэ байр сууриа бататгахыг зорьж байгаа юм.
Энд хөндөгдөж буй гол асуудал бол хэрэв зургаадугаар сарын 30-ны дотор амжилттай хэлэлцээр хийж, зээлийг хүүг шаардсан түвшинд хүртэл буулгаж чадахгүй бол яах вэ. Гэрээнд зааснаар зээлийн хүүг "хөдөлгөх" боломж долоон жил тутам гардаг аж. 2025 онд энэ хугацаа давхцсан тул гэрээг сайжруулах, хүүг бууруулах ажил өрнөсөн байна. Харин Рио Тинтотой тохиролцож, сунгасан хугацаа дуусахад таван өдөр үлдчихлээ.
Тус хугацаанаас наана Н.Учралын баг нааштай мэдээ дуулгаж чадах уу. Эсвэл Г.Дамдинням сайд "Хэлэлцээр үр дүнд хүргэхгүй бол ХҮРГЭНЭ" гэснээ биелүүлж дараагийн арга хэмжээгээ авах уу гэдгийг харах үлдлээ.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баялагаа ухуулж байж, өөрийн баялагаа эзэмшихийн тулд өндөр хүү төлдөг жинхэнэ луйвар гэж энийг л хэлэх байх. С_ Баяр, Баярцогт нарын балаг гэж энэ.