Ховдод тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Ховд аймгийн Жаргалант суманд долоодугаар сарын 20-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тухайн иргэнийг Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарлан эмчилж байгаа аж.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр Ховд аймгийн нэр бүхий иргэд Баян-Өлгий аймагт аялж явахдаа Улаанхус сумаас тарвага агнаж, хүнсэнд хэрэглэх явцдаа халдвар авсан байх магадлал тодорхойлогджээ. Одоогоор нэг иргэнд тарваган тахлын өвчлөлийн сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд аймгийн ЗӨСТ-ийн лабораторид хийсэн (PCR) шинжилгээгээр эерэг хариу гарч, баталгаажуулах шинжилгээ үргэлжилж байгаа аж.
Мөн тухайн тохиолдлын нэгдүгээр хавьтлын иргэдийг бүрэн тогтоож, тандалт судалгаа хийсний зэрэгцээ урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулсан байна. Баян-Өлгий аймгийн Улаанхус сум нь арваган тахлын байгалийн голомтын өндөр идэвхжилтэй бүс бөгөөд Алтай таван богд чиглэлийн аялал жуулчлалын бүс нутаг аж.
Иймд мэргэждийн байгууллагаас:
- Тарвага агнах, барих, өвчих, мах болон эд эрхтнийг хэрэглэхгүй байх
- Үхсэн болон өвчтэй мэт харагдах мэрэгч амьтанд хүрэхгүй байх
- Гэнэт өндөр халуурах, булчирхай томрох зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаж
- Тарвагатай харьцсан эсэхээ үнэн зөв мэдээлэх
- Байгалийн голомтот бүс нутагт зорчихдоо тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг чанд мөрдөхийг анхааруулж байна.
Д.ХАДААН







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.