Наадмын дараа: Шатахуун ₮250, цэвэр ус ₮660, бохир ус ₮750 нэмэгдэв
Наадмын дараа намар гэдэг. Гэхдээ бидний баяр наадам хараахан дуусаагүй байна. Ихэнх иргэд наадмын дараагаар хотоос гарч гэр бүл, найз нөхдөөрөө хөдөөг зорьдог. Нэг ёсондоо амралт зугаалгын үе гэж хэлж болно.
Гэтэл наадмын сунайсан амралтын ард иргэдийг гэнэтийн бэлэгтэй угтах нь. Ингэсний учир гэвэл АИ шатахуун литр тутамдаа ₮25 нэмэгдэв. Түүнчлэн Эрчим хүчний зохицуулах хорооны 345-р тогтоолоор Улаанбаатар хотын хэрэглэгчдийн цэвэр ус м3 тутамдаа ₮660, бохир ус м3 тутамдаа ₮750 нэмэгдэв. Мөн халаалт м2 тутамдаа ₮25 нэмэгдэж ₮531, ус халаасны төлбөр ₮82 нэмэгдэж ₮1714 болов.
Ирэх сарын нэгнээс зам ашигласны төлбөр мөн нэмэгдэхээр болсон. Тодруулбал, суудлын автомашин ₮5,000, ачааны автомашин ₮20,000 төлөх аж. Өмнө нь суудлын автомашинаас 1,000 төгрөг авдаг байсан бол 5,000 төгрөг, ачааны автомашинаас 10 мянган төгрөг авдаг байсан бол шинэчилсэн тогтоолоор 20 мянган төгрөг авахаар болж байна. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн ангиллаас шалтгаалан 2-3 дахин нэмэгдүүлсэн юм.
Мах "магнаг" болов. Өнгөрсөн жил өдийд ямааны цул мах 9,500-10,000 үнэтэй байсан атал одоогийн байдлаар Хүчит шонхор зах дээр ₮28,500-иар худалдаалж байгаа юм. Энэ мэтчилэн наадмын амралтаас ирэх иргэддээ олон гэнэтийн бэлэгтэй угтлаа.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наадмын амралтыг урт болгосон шалтгаан нь араар нь юмны үнэ нэмэх