Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол нян судлалын шинжилгээгээр батлагджээ
Нян судлалын шинжилгээгээр тарваган тахлаар өвчилсөн нь нотлогдлоо. Ховд аймгийн нэр бүхий иргэд аялал зугаалгаар Алтай Таван Богд уулын чиглэлд зорчиж яваад буцах замдаа Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дэвсгэрт зам дагуу хэвтэж байсан тарвагыг чулуугаар цохиж алаад улмаар тарваганы махыг чанаж хоол хүнсэндээ хэрэглэсэн нь тогтоогдсон.
Тухайн тохиолдлын нэгдүгээр хавьтал 12 хүн бий бөгөөд тэднээс PCR шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсныг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв(ЗӨСҮТ)-өөс мэдээллээ. Тухайн үед лабораторийн шинжилгээ хийхэд бодит хугацааны ПГУ (Real-time PCR)-ын аргаар шархны шүүдэс болон цусны сорьцноос тарваган тахлын үүсгэгч (Yersinia pestis)-ийн өвөрмөц ген илрээд байсан билээ. Харин эцсийн байдлаар буюу нян судлалын сүүлийн шатнб шинжилгээгээр тарваган тахал өвчнөөр өвчилсөн нь батлагджээ.
Энэ төрлийн тахал хэрхэн дамждаг вэ?
- Шууд хавьтлын зам – Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх үед болон өвчтэй хүнийг хамгаалах хэрэгсэлгүй асарч, халдвартай эд зүйлстэй хүрэлцэхэд халдвар авна.
- Дам халдварын зам – Халдвартай мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, хачигт хазуулснаар халдварлана.
- Агаар дуслын зам – Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс бусдад амьсгалын замаар халдвар дамжина.
- Хоол хүнсний зам – Өвчилсөн тарваганы түүхий эд, дутуу болгосон мах, махан бүтээгдэхүүн хэрэглэснээр халдвар авах эрсдэлтэй.
Тарвага агнахгүй, түүхий эд болон махтай нь харьцахгүй, өвчтэй болон сэжигтэй амьтан, хүнтэй хамгаалах хэрэгсэлгүй ойртохгүй байх нь тарваган тахлаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.