М.Асылбекийн гэр бүл | Монголын цэнхэр тэнгэр дор дүүлэн нисэх мэт аж төрөхүй
Баян-Өлгий аймгийн Сагсай сум. Энэ бол казак түмний нэрийн хуудас болсон бүргэд гаршуулан сургах соёлын өлгий нутаг. Уяачийн хүү уяач болдог шиг бүргэдчиний хөвүүд аав шигээ шилдэг бүргэдчин болох сон гэж тэмүүлсээр өсдөг байна. Бидний зочин М.Асылбек ч мөн ааваараа бахархаж, даган дуурайж өссөн дөрөв дэх үеийн бүргэдчин. Тэрбээр 14 наснаасаа бүргэд сургаж эхэлсэн бөгөөд хүүхэд ахуйн гэгээн төрхөө Японы NHK телевизэд бүргэдийн тухай киноны гол дүрд мөнхөлсөн нэгэн.
Түүний "Ахуй соёлдоо хайртай сэтгэл минь хөдөөд хөтөлдөг. Хөдөөг эзэнтэй байлгахгүй бол болохгүй. Өв соёлыг хадгалах, өвлүүлж үлдээх нь чухал" хэмээн хуулах нь хачин дотно. Удам дамжсан бүргэдчин хэмээх бахархал, 11 хүүхэд төрүүлж өсгөсөн ижийгээ бүхнээс дээдэлж явдаг сэтгэл нь үг бүрийнх нь цаанаас цухалзана. Өдгөө тэрбээр таван хүүхэдтэй өнөр гэр бүлийн тэргүүн. Хойморт нь хүүхдүүд шулганан гүйлдэж, гадаа нь нялх бүргэд бөөрсөн өргөөнд тухлан саатсанаа хүргэе.
Нэг. Дүүлэн нисэх мэт
М.Асылбекийн гэрийн гадна том жижиг хоёр бүргэд байх аж. Биеэр арай жижгэвтэр нь тасралтгүй дуугарсаар эзнээ гаргаж дөнгөв. Хүүхдээр бол ээжийгээ хормойдсоор тэврүүлж дөнгөх мэт. "Энэ нөхөр надаас хоол нэхэж байна. Хавар бөхөн уулнаас авч ирсэн гурван сартай дэгдээхэй бүргэд байгаа юм. Том нь хоёр настай. Өнгөрсөн жил бүргэдийн баярт оролцсон. Бүргэдэд нэр өгдөггүй ёстой. Морь шиг насаар нь нэрлэдэг" гэсээр бидний яриа эхлэв.
Тэрбээр "Миний аав Манаа гэж алдарт бүргэдчин хүн байсан. Монголд анх 2000 онд Бүргэдийн баяр зохион байгуулсан. Аав минь 2000, 2001 онд дараалсан түрүүлж байлаа. Тэр үед бүргэдийн баярт түрүүлнэ гэдэг бол маш нэр хүндтэй зүйл. Аав шигээ бүргэдчин болоогүй ч энэ өв соёлыг тээж явна. Бид ах дүүсээрээ нийлээд зургаан бүргэдтэй" хэмээн хуучлав.
Бүргэдийн соёл бол Монголоос харж болох соёл гэж боддог. Казахстанд тэр бүр байдаггүй. Монголын нүүдэлчин казак ястнууд энэ соёлыг авч явж байгаа. Минтй хувьд өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, казак ёс заншлаар дамжуулан эх орноо дэлхийд сурталчлах зорилготой.

Гар дээрээ бүргэдээ суулгаад, хөнгөн хөлтэй морь унаад уул өөд өгсөж явахад баатарлаг мэдрэмж төрдөг. Уулын оргил дээр гарах мөчид бүргэдтэйгээ хамт дүүлэн нисэх мэт санагддаг.
М.Асылбек
Бүргэд дөрвөн наснаас эхлээд өндгөлдөг тул 6-7 жил болоод байгальд нь буцаан тавьдаг байна. Ингэхдээ 2-3 сар хүний нүнээс далд харанхуй газар тэжээж байгаад тавьдаг аж. Харин анх барихдаа дэгдээхэй байхад үүрнээс нь авах, байгальд байгаа бүргэдийг хавх, тороор барих гэсэн арга хэрэглэдэг байна. Нэг бүргэдийг тавьж явуулахаас өмнө дараагийн бүргэдээ бэлдэнэ.
"Хэдийгээр байгалийн жам боловч дэгдээхэй байхаас нь тэжээж, гэр бүлийн гишүүн шиг ижилдсэн нөхрөө үдэх мөч гунигтай. Нэг хэсэгтээ л бодогдоод байдаг юм. Бага залуудаа уйлах үе тохиож байсан" хэмээн М.Асылбек дурсана.
Хоёр. Ээж
Казак бүсгүйчүүдийг уран хатгамалгүйгээр төсөөлшгүй билээ. М.Асылбекийн ээж Ш.Шолпан 70 настай. 11 настай байхдаа алчуур дээр нэрээ хатгаж, энгэрийн алчуур хийж сурсан тэрбээр өдгөө ч үйл урлан, аравч хатаж суугаа нь энэ.

Хүүхэд ахуйгаасаа буйдхан хөдөөд аж төрж, үр хүүхдээ өсгөсөн тэрбээр монгол хэлээр сайн ойлгох ч ярихдаа тааруу. Иймд хүүгээр нь дамжуулан хуучиллаа.
Тэрбээр "Би гэр бүл болоод 40 жил болж байна. Нөхөр маань бурхан болоод есөн жил болж байна. Насаараа мал малласан мачин хүн. Зургаан хүү, таван охинтой. Бүгд тусдаа гарсан. Хүүхдүүдээ гэр бүл болоход хүн бүрд нэг нэг аравч, ширдэг хийж өгчээ.Жилд нэгээс доошгүй аравч хийдэг. Хатгамал хийх нь миний амьдралын хамгийн дуртай зүйл" гэсэн юм.
Эгэл жирийн энэ ээжийн маань гар урлалын бүтээгдэхүүн Америк, Герман хүртэл худалдаалагдаж байжээ. Хүү нь энэ тухай "Бизнесийн журмаар зардаггүй. Хүмүүс ээжийн бүтээлийг хараад зарж болох уу гэдэг юм. 1996 онд Америк руу зарагдсан аравч нь одоо эргээд ирэх гэж байгаа. Надад маш үнэ цэнтэй санагддаг. Ээжээрээ бахархаж явдаг. Ээж байгаагүй бол би, бид гэж байхгүй. Ээждээ маш их хайртай. Миний ээж бэрүүдээ хатуу үг хэлдэггүй өөрөө үйлдлээрээ үлгэр дуурайл болдог эмэгтэй" хэмээн өгүүлнэ.
Үргэлжлүүлэн "Би ээжийгээ утсаар оролдоод сууж байхыг нэг ч удаа харж байгаагүй. Дошгин гүүг бэрүүдээсээ өмнө номхруулчих санаатай. Үнээгээ өөрөө саадаг. Манайх анх гэр бүл болоод нэг хүүхэдтэй тусдаа гарсан. Аав энэ гэрийг хүнээс худалдаж авч барьж өгсөн. Дотор нь тэр аравчнаас өөр зүйл байгаагүй. Ээж маань энэ бүгдийг оёж, гэрийг маань гоёж өгсөн. Гал тогооны жижиг гэрийг маань ч үүнээс дутахааргүй гоёж өгсөн" гэж ярилаа.
Гурав. Аав
"Би уг нь аавын амины хүүхэд байсан юм. Сая ээжийнхээ тухай илүү их ярьчихлаа. Аавыгаа дурсан ярихгүй бол гомдчихно" гэсээр бидний яриа хайр бахархал дүүрэн гэгээн дурсамж руу шилжлээ.

Бүргэдчиний гэрийн хойморт бүргэдийн хоолны сав домбор, гэр бүлийн зурагтай зэрэгцэн заларсан байх нь сонирхол татна.
М.Асылбек "Энэ бол миний удам дамжсан бүргэдчин гэдгийг нотлох 200-300 жилийн настай үнэ цэнтэй багаж" гэсээр эвэр нумтай төстэй зүйл ханынхаа толгойноос харуусан нь бүргэдийг морин дээр авч явахад гар амраах зорилгоор хийгдсэн тулгуур аж. Казакаар балдах хэмээн нэрийднэ.
Тэрбээр хажууханд нь байх хээ угалзаар чимсэн хүрзтэй төстэй хэлбэртэй модон савыг үзүүлээд “Бүргэдийн хоолны сав. Өвлийн цагт бүргэдийг хурдан морьтой адил уяа сойлгийг нь тааруулна. Энэ савандаа махыг нь усаар зайлж, хэмжээг нь тааруулж хооллодог. Бүргэд их мартамхай амьтан. Хоол нь ихдээд таргавал бүр ч мартана” гэв.
"Монголын казакууд бол хэрэйд омгийнхон. Ташуур, хувцас гээд хэрэйд омгийнх гэж явдаг. Сүйдтэй тоглож чадахгүй ч домбороо хоймортоо залчихдаг” хэмээн гэрийнхээ хойморт залсан зүйлсээ нэг бүрчлэн үүх түүхийг нь ярьж өглөө.
Тэр дундаа аавынхаа бүргэдийн баярт түрүүлж ирээд нутгийнхан нь тосож байгаа гэрэл зургууд, өөрийнх нь болон аавынх нь тухай бичигдсэн шилдэг бүргэдчидийн тухай номыг танилцуулахдаа ааваа бахархах сэтгэл нь дэврэх мэт. М.Асылбек "Би эмээл хазаараас эхлээд аавынхаа эд зүйлийн ихэнхийг гэр рүүгээ ил нэг, нууцаар нэг зөөгөөд ирсэн хүн дээ" хэмээн инээвхийлэв.
Дөрөв. Өв соёл

М.Асылбек ШУТИС-ийг төгссөн өдгөө сумын төвд бидний нэрлэж заншсанаар гэрлийн байцаагч буюу монтёр хийдэг. Төв суурин газар өсөн торниж буй хүүхдүүддээ ахуй соёлоо таниулах, өөрөө ч өвөг дээдсээс уламжилсан өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорьж яваа нь энэ.
Тэрбээр "Орчин цагт ан амьтныг устгах шаардлагагүй. Эрт дээр үед бол бүргэдээр ан агнаж амьдарч байсан. Заримдаа бүргэд маань санамсаргүй амьтан барьчих үе бий. Түүнээс биш хөөцөлдөөд, агнаад байх зүйл байхгүй. Гэхдээ өв соёлыг хадгалах, өвлүүлж үлдээх нь чухал" гэсэн юм.
"Наадмаар монгол дээл өмсөх, Наурызын баяраар каказ хувцас өмсөх, морийг сайхан тоноглоод унах дуртай. Сагсай сумын бүргэдчийн холбоо байгуулсан. Залуус хот бараадах сонирхолтой болсон. Хөдөөг хоосон байлгаж болохгүй. Дулаан орж хүүхдүүдийн хичээл тарахтай зэрэгцээд л мал ахуй руугаа яарсаар ирдэг" гэх түүний яриа нэгийг өгүүлнэ.
Ийн ярилцсаар бидний өв соёлын тухай яриа монгол хэлний агуулга руу шилжив. Тэрбээр "Би анх 17, 18-тай Улаанбаатар хотод орохдоо "Сайн байна уу" гэдэг үгтэй л байсан. Биднийг албаар монголоор ярихгүй байна гэж шүүмжилдэг. Тийм зүйл гэж юу байх вэ. Гэр бүлийн хүрээнд бол яалт ч үгүй казак ярьдаг. Хүүхдүүд томроод ирэхээр монголоор сайхан ярьчихдаг болно. Монголд төрж, өссөн хүмүүс юм чинь амархан ярина.Манай хүүхдүүд гадаад хүн ирэхээр "Сайн байна уу" гэж мэндлээд байгаа сонсогддог" гэсэн юм.
Тав. Гэр бүл
Түүний эхнэр алаг нүдтэй, нүдээрээ инээсэн даруухан бүсгүй байв. Эдийн засагч мэргэжилтэй. Өдгөө ээж, эзэгтэй хүний алба хашиж буй. Миний ажил өглөө 08:00 цагт эхэлнэ. Үнээ малаа саадаг" хэмээн товчхон хариулахад нөхөр нь хажуунаас орж ирээд "Бид ах дүү нараараа аялал жуулчлал хийдэг. Манайд гадаадын жуулчид их ирдэг. Өдөр бүр зочид угтаж авна. Өв соёлоо сурталчилна. Манай эхнэр болон бэр, бэр эгч нар маань хоол цайг хариуцдаг" хэмээн дэмнэв.

М.Асылбекийнх 1-13 насны таван хүүхэдтэй. Гэр бүлийн зураг авхуулахаар болоход бага нь унтаж байж таарав. Яриа авах үеэр дунд хүү нь надаас бусдаас нь асуулт асуучихлаа гэж гомдол мэдүүлсэн тул унтаж байгаа нөхөр дараа нь "Намайг үлдээсэн байна гэж гомдоллохгүй биз" гэтэл "Чамайг төрөөгүй байхад авхуулсан зураг гээд хэлчихнэ" гэсээр гэр дүүрэн инээд болов.
Тэрбээр "Бид эх орондоо хайртай. Монголд төрж өссөнөөрөө бахархдаг. Хамгийн тайван улс бол манай орон. Урианхай ахан дүүстэйгээ гэр бүлийн хүүхдүүд шиг хар багаасаа өслөө. Зүүн хязгаар Сүхбаатар аймаг хүртэл явж үзлээ. Биднийг ямар нэг байдлаар гадуурхсан зүйл байдаггүй. Эв найртай амьдарч байна. Гэр бүлийнхээ зүгээс Монгол орны өнцөг булан бүрт амьдрач байгаа ахан дүүстэй бүгдээрээ хамтдаа хөгжье. Баярлаж, бахархаж явдаг шүү гэдгийг уламжилъя" хэмээв.
Зураг авалтын турш газраар өнхөрч, гэр бүлийн зурагнаас сугарч гарах дөхсөн бага хүү рүүгээ заан "Хүүгийн бага гээд эрхлүүлчихсэн юм. Цэцэрлэг орохоор овоо дээрдэнэ. Одоохондоо ч иймэрхүү л байна. Зэрлэг бүргэд сургаж болдог юм үр хүүхдээ хүмүүжүүлэх юухан байх вэ" гэсээр бидний яриа өндөрлөлөө.





















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энд Хасагуудыг магтаж дуулж, Долоогоод сүйд,,,,,Хасагууд нь Баян-Өлгийдөө Монгол хүнийг үзэхгүй, Нутгийн удирдах байгууллагын Дарга, Төрийн ажилтан нь Монгол хэл мэдэхгүй , Сургууль соёлд нь Монгол хэл заадаггүй, Уул усны нэрийг дураараа сольж Казак нэршилтэй болгох, Хот тосгоны дайтай Оршуулгын газартай,,,Өлгийн казакууд бараг тэр аяараа Халамжаар амьдардаг гээд Хасагуудын бузар булайг дэлгэнэ гэвэл Далай шиг юм болно,
Nutagruugaa bucaa ene baidlaarai hol yvahgui bolson shuu cag hugacaanii asuudal,,,,,,,,
Hytaduudiig 2 udaa hooj gargasan orsuud 90 ond cergee avaad mutagen bucsan odoo ta nariin eelj daruuhan mutagruugaa buc
Гадна харагдах уул ус, талын зураг нь AI юм уу, эсвэл үнэхээр ийм үзэсгэлэнт нутаг юм уу?... би огт очиж үзээгүй л дээ.