СОР17 хурал "Бизнесийн өдөр"-өөр үргэлжилж байна
Ногоон бүс өнөөдөр “Бизнесийн өдөр”-өөр үргэлжилж байна. Өдрийн хөтөлбөрөөр ногоон бизнес, тогтвортой санхүүжилт, ESG, инновац, бэлчээрийн нөхөн сэргээлт, уур амьсгалд тэсвэртэй бизнесийн загвар, ногоон бонд зэрэг газрын доройтлыг бууруулах бодит шийдлүүдийг хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, технологи болон орон нутгийн оролцоотой хэрхэн холбох асуудалд төвлөрнө.
"ESG" нь байгаль орчин, нийгэм, засаглалын шалгуурыг хөрөнгө оруулалт болон бизнесийн шийдвэртэй уялдуулах хандлага юм. Бизнесийн өдрийн хүрээнд хувийн хэвшил цөлжилт, газрын доройтлын эсрэг шийдэлд ямар үүрэг гүйцэтгэх, ногоон хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх, инновац, технологийг бодит хэрэгжилтэд нэвтрүүлэх талаар нийт 33 арга хэмжээ зохион байгуулагдах аж.
Өглөөгүүр бэлчээрийн олон талт байдал, Австрали–Монголын ногоон өсөлтийн бизнесийн туршлага, органик хүнсний үйлдвэрлэл, Net-Zero шийдэл, тэсвэртэй Говийн шинжлэх ухааны үндэс болон “Цөөн мал–ногоон дадал” хоршооллын бизнесийн загварыг хэлэлцэнэ.
Мөн байгаль орчин, ESG, нүүрстөрөгчийн мониторингийн дижитал платформ, тэг нүүрстөрөгчийн болон цэвэр дулааны шийдлүүдийг танилцууах юм.
Үдээс өмнөх болон үдээс хойших хөтөлбөрөөр шороон ба элсэн шуурганы судалгаа, ESG ба тогтвортой санхүүжилтээр газар сэргээхэд эмэгтэйчүүдийн оролцоо, ойн санхүүжилт, уур амьсгалд ухаалаг бизнесийн загвар, цахилгаан тээврийн дэд бүтэц, бэлчээр сэргээх инновац зэрэг асуудлыг авч үзнэ. Мөн Zuchi Stage-д бизнес эрхлэгчид болон малчдын дуу хоолойг тусгайлан хүргэх аж.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.