УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ээлжит бусаар чуулган зарлах эсэхийг шийдэх УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлтэй танилц

УИХ-ын дарга С.Бямбацогтод Н.Учралын Засгийн газраас 1.4 их наядыг хэмнэхээр төлөвлөсөн төсвийн тодотгол хүргэгдсэн. Мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулганыг хуралдуулж, төсвийн тодотголыг хэлэлцэх саналыг тавьчихсан байгаа.


Нэгт. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, хэмнэлт хийх, үнийн өсөлтийг ард иргэдэд үүрүүлэхгүй байх, төр бүсээ чангалж, иргэдийн цалин, тэтгэврийг нэмэх асуудлыг заавал он гарахыг хүлээхгүйгээр шийдэх шаардлагатай байна хэмээн Засгийн газраас үзсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхэд тодорхой хуулийн шаардлага байдаг. Өөрөөр хэлбэл, Үндэсний аудитын дүгнэлт гарах ёстой. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль зөрчсөн байна уу гэдгийг үзэх шаардлагатай. Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөл бас дүгнэлтээ гаргах ёстой.

Нэг үгээр хэлбэл, дээрх дүгнэлтүүд гарсны дараа УИХ-ын даргын зөвлөл хуралдана. УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдах эсэхийг шийдэх юм байна. УИХ-ын даргын зүгээс "УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг есдүгээр сарын 1-ний өдөр хуралдуулах бодолтой байна. Ингэснээр ээлжит бус чуулганыг хуралдуулж, төсвийн тодотголыг хэлэлцэх байр суурьтай байна. Тэр болтол тодорхой бэлтгэл хангах ёстой" хэмээсэн байна.

Хоёрт. УИХ-ын намрын ээлжит чуулганыг жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлдэг хууль эрх зүйн зохицуулалттай. Хэрэв ээлжит бусаар хуралдуулахад хүрвэл дараах байдлаар зохицуулагддаг.

Одоогийн мөрдөж буй УИХ-ын тухай хуулийн 18 дугаар зүйлд:

  • УИХ-ын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь шаардсан бол ээлжит бус чуулган хуралдуулж болно.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж болно.
  • УИХ-ын дарга өөрийн санаачилгаар хуралдуулж болно.
  • Харин яг хэдийд, ямар асуудлаар, хэдий хугацаанд хуралдуулахыг УИХ-ын дарга захирамжаар товлодог.

Товчхондоо: Ерөнхийлөгч эсвэл УИХ-ын нийт гишүүдийн 1/3 нь ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж болно, харин хуралдах өдөр, цаг, хэлэлцэх асуудлыг товлон захирамж гаргах эрх УИХ-ын даргад байна.

Гуравт. Чуулган ээлжит бусаар хуралдах эсэхийг шийдэх УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд хэн хэн багтдаг вэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд байнгын хорооны дарга нараас гадна УИХ дахь намын бүлгийн дарга, дэд дарга нар багтдаг. УИХ-д суудалтай бөгөөд нам, эвслийн бүлэг байгуулаагүй нам, эвслийг төлөөлж тус бүр 1 гишүүн орно. УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга бас уг зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг. Нийт 24 гишүүнтэй. Зөвлөлийн хуралд нам, эвслийн бүлгийн дэд дарга таслах эрхгүйгээр оролцоно. Уг зөвлөлийн хуралд холбогдох албан тушаалтныг байлцуулж болно. Тус зөвлөлийн ажиллах журмыг УИХ-ын дарга баталдаг байна.

  1. УИХ-ын дарга С.Бямбацогт
  2. УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ
  3. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж
  4. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай
  5. Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар
  6. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Ганзориг
  7. Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг
  8. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан
  9. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ч.Анар
  10. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн
  11. Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар
  12. МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал
  13. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл
  14. ХҮН-ын дарга Т.Доржханд
  15. Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаяр
  16. ИЗНН-ын дарга Б.Батбаатар
  17. УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан
Таслах эрхгүй гишүүд
  • МАН-ын бүлгийн дэд дарга Э.Болормаа
  • МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа
  • МАН-ын бүлгийн дэд дарга Н.Батсүмбэрэл 
  • МАН-ын бүлгийн дэд дарга У.Отгонбаяр
  • АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин
  • АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан
  • АН-ын бүлгийн дэд дарга Ч.Лодойсамбуу

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлыг таслах эрхгүй гишүүд буву бүлгийн дэд дарга нар санал өгөх эрхгүй. Гэхдээ хэлэлцэх асуудлын талаар мэдээлэлтэй үлддэг байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button