Байгаль орчин

Монгол Улсын Байгаль орчны гүйцэтгэлийн хоёр дахь удаагийн үнэлгээний тайланг танилцууллаа

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын “Газрын өдөр” Монгол Улсын Байгаль орчны гүйцэтгэлийн хоёр дахь удаагийн үнэлгээний тайланг НҮБ-ын Европын Эдийн Засгийн Комисс Монгол Улсад гардуулан өгч, албан ёсоор нийтийн хүртээл болгов.

Энэхүү Байгаль орчны гүйцэтгэлийн хоёр дахь удаагийн үнэлгээг тус комиссын Байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээний хөтөлбөрийн хүрээнд боловсруулж баталсан байна. Үнэлгээнд 2018 оны Байгаль орчны гүйцэтгэлийн анхдугаар үнэлгээнээс хойших ахиц дэвшлийг үнэлэн дүгнэж, байгаль орчны засаглал, гүйцэтгэлийг сайжруулах, мөн байгаль орчны асуудлыг салбарын бодлого, төлөвлөлтөд уялдуулах чиглэлээр 101 зөвлөмжийг тусгажээ.   

Үнэлгээний тайланг танилцуулах нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын байгаль орчны салбарт гарсан ололт амжилт, олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтын биелэлтийг танилцуулав. Мөн тайлангийн зөвлөмжүүд нь газрын тогтвортой менежментийг бэхжүүлэх, экосистемийг нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлт болон зудын эрсдэлийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх, усны аюулгүй байдлыг хангах, байгальд суурилсан шийдлүүдийг түгээн дэлгэрүүлэх, түүнчлэн 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын зорилт, үүргийг хэрэгжүүлэхэд хэрхэн хувь нэмэр оруулахыг танилцуулж, бодлогын хэрэгжилтэд үзүүлэх ач холбогдлыг онцлов.

Монгол Улсын Байгаль орчны гүйцэтгэлийн хоёр дахь удаагийн үнэлгээг Бүгд Найрамдах Австри Улс, Швейцарь Улсын санхүүгийн дэмжлэгтэйгээр боловсруулсан байна. Үнэлгээг Франц, Нидерланд Улсын шинжээчид болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн мэргэжилтнүүд гүйцэтгэж, Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд мэргэжлийн болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлжээ.

Үнэлгээний тухай нэмэлт мэдээлэл:

Монгол Улсын Байгаль орчны гүйцэтгэлийн хоёр дахь удаагийн үнэлгээнд Монгол Улсын байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах хүрээнд авч, хэрэгжүүлж буй эрх зүй, бодлого, институтийн тогтолцоог бэхжүүлэх арга хэмжээнүүдийг сайшаан тэмдэглэжээ.

Үүний зэрэгцээ, Монгол орны газрын нөөц, баялагт нүүрлэж буй томоохон сорилтууд нь газрын доройтол, цөлжилт, бэлчээрийн даацын хэтрэлт, уул уурхайн үйл ажиллагаа, хотжилт болохыг онцолжээ. Тэр дундаа бэлчээрийн даацын хэтрэлт, зохисгүй менежментээс үүдэлтэйгээр нийт бэлчээрийн 80 гаруй хувь доройтсон нь нэн тулгамдсан асуудал болж буйг дурдсан байна. Түүнчлэн, хөрсний доройтол, салхины элэгдэл, бохирдол нь газрын бүтээмжийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлт нь ган, зудын давтамжийг эрчимжүүлэн, ургамлын бүс бүслүүрийг өөрчилж байгааг тэмдэглэлээ.

Энэ хүрээнд газрын тухай хууль эрх зүйн орчныг нэгтгэн боловсронгуй болгох; яамд хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх; газрын удирдлагын нэгдсэн мэдээллийн системийг хөгжүүлэх; аймаг, орон нутгийн түвшинд газрын доройтолтой тэмцэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх; газрын тогтвортой ашиглалтыг дэмжих эдийн засаг, бодлогын хөшүүргийг бий болгох, мөн хөрс хамгааллын эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар газрын хариуцлагатай менежментийг дэмжихийг зөвлөсөн.

Түүнчлэн, салбарын болон орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөнд бэлчээрийн засаглал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн бодлогуудыг онцгойлон тусгах шаардлагатайг онцолсон. 

Байгальд суурилсан шийдлүүдийг салбарын бодлого, төлөвлөлтөд өргөн хүрээнд тусгаж, тэр дундаа намгархаг газрын экосистем болон усны горимыг сэргээх, бэлчээрийн зохистой менежментийг бэхжүүлэх, ой болон экосистемийг хамгаалах, мөн экосистемд суурилсан үерийн эрсдэлийн менежментийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үнэлгээний тайланд зөвлөжээ.

Ил тод, хүртээмжтэй байгаль орчны засаглалын хүрээнд байгаль орчны мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчны шийдвэр гаргах үйл явцад олон нийтийн оролцоог хангах, мөн газар, ус, уул уурхай, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, экосистемийн нөхөн сэргээлттэй холбоотой асуудлаар шүүх болон эрх бүхий байгууллагаас шударга ёсны үйлчилгээ авах боломжийг иргэд, олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй болгох шаардлагатайг дурдсан.

Р.БОЛОР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button