Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа
Монголбанкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулан олон нийтийн саналыг тусгах зорилгоор нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э. Анар тус бодлогын баримт бичгийн агуулга, онцлог ач холбогдлыг танилцуулав.
Тухайлбал, Монголбанк дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө боловсруулж, "Хараат бус, хариуцлагатай, итгэл даасан төв банк" байх алсын хараагаа тодорхойлон, мөнгөний бодлого болон санхүүгийн салбарт тулгамдаж буй реформын шинжтэй олон асуудлыг шийдвэрлэх зорилтыг үе шаттай хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд 2027 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь энэхүү дунд хугацааны стратегийн зорилтуудыг бодит ажил хэрэг болгох эхний томоохон алхмуудыг агуулж байгаагаараа онцлог болохыг тэмдэглэсэн юм.
Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын хүрээнд мөнгөний болон макро зохистой бодлогыг уялдуулан хэрэгжүүлж, инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлэн уян хатан тогтоох зарчмыг баримтлах аж. Банкны салбарын эрсдэл даах чадвар, хяналт, хариуцлагыг олон улсын стандартад нийцүүлэн бэхжүүлж, тус салбар дахь мөнгө угаах, терроризмыг болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлийг удирдах тогтолцоог боловсронгуй болгох юм.
Түүнчлэн Төв банкны хараат бус, бие даасан, нээлттэй, хариуцлагатай байдлыг бэхжүүлж, төлбөрийн болон санхүүгийн захын дэд бүтцийг хөгжүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, өгөгдлийн болон зээлийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх санхүүгийн хэрэгслүүдийг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.