НИЙГЭМНийгэм ярилцлага

Жүжигчин Ш.Равдандорж: Галч, манаач хүртэл хийхдээ харуулын хүйтэн байранд кино зохиолоо бичээд л суудаг байлаа

Жүжигчин, найруулагч Ш.Равдандоржийг "Удирдагч", "Шалз", "Ацаа хийморь", "Шуугиан таригч", "Иргэншилгүй иргэн" зэрэг уран сайхны кинонуудын туслах дүрээр үзэгчид таних учиртай. 2005 онд СУИС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгсөж урлагт 20 гаруй жил зүтгэж буй тэрбээр сүүлд "Овгор" уран сайхны киноны "ялаа" гэх дүрээрээ үзэгчдээс онц дүн аваад буй.

Видео:

Тэрбээр хэсэг урлагаасаа хөндийрч Өмнөд Солонгос улсыг зорин ажиллаж байхдаа урлагаа орхиж чадалгүй, кино зохиолоо "оролдсоор" байв. Цар тахлын үед эхнэртэйгээ хуушуур зарж, галч хийж орой нь харуулын ажил давхар амжуулдаг байж. Гэсэн ч урлагаасаа хөндийрч, орхиж чадаагүй аж. Харуулын хүйтэн байранд кино зохиол бичээд л сууж байсан нь түүнийг урлагт хэр их хайртай гэдгийг илтгэх буй заа.

Урлагийн салбарынхнаас түүнийг "туслах дүрийн мастер" гэх нь ч бий. Урлагт үнэнч, хичээнгүй, шаргуу зүтгэхийн зэрэгцээ цэцэг шиг таван охиндоо үлгэрлэж, өөрт оноогдсон ямар ч ажлыг ялархалгүй хийж яваа даруухан жүжигчин, МУСТА Ш.Равдандоржтой ярилцсанаа хүргэж байна.

-Урлаг бол хар тамхи. Нэг орсон бол хэзээ ч гарч чадахааргүй гүн татдаг-

-Таныг "хөгшин оюутан" байсан гэж сонссон. Сүүлд СУИС-д сурсан юм байна лээ. Урлагийн хүн болох хүсэл хаанаас эхтэй вэ. Гэнэтийн шийдвэр байсан юм уу?

-Гэнэт шийдсэн хэрэг биш л дээ. Миний багийн л хүсэл мөрөөдөл байсан. Урлагийн хүн болох бодол номоос эхтэй. Би номд их дуртай хүүхэд байсан. Уншсан номынхоо амтаар төсөөлөн бодох чадвар маань нэмэгдсэн ч байж болох юм. Инээдтэй нь, тэр үед уншсан номоо сантиметрээр хэмжиж өөрөөсөө өндөр ном уншина гэж боддог, хүсдэг байлаа. Тэгж зузаан ном хайсаар Габриэль Гарсиа Маркесийн "Зуун жилийн ганцаардал"-тай таарсан. Дэлхийн шилдэг ном гэдгийг нь тухайн үед мэдээгүй. Арван жилдээ цагийн дотор дөрвөн зохион бичлэг бичээд ангийнхандаа тараадаг тийм л хэнхэг хүүхэд байсан. 1996 онд арван жилийн сургуулиа төгсөөд СУИС-д орох гэж очсон чинь төлбөр нь 560 мянган төгрөг гэнэ. Манайх тэр үед хэцүү амьдралтай байсан учраас духан дундуураа тас цохиулсан юм шиг л болсон. Тухайн үед нийгэм даяараа ядуу зүдүүхэн байсан учраас их сургуульд сурах мөнгө байгаагүй хэрэг. Улмаар 2000 онд оюутнуудад олгодог төрийн сангийн зээл авч, хөгшин оюутан болж орсон юм.

-Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаагүй Солонгосын зорьсон гэсэн. Тэнд та хэр удсан юм бэ. Урлагаа орхиод явах амар биш байсан байх?

-Би амьдрал үзсэн толгой. Тухайн үед миний хөрөнгө гэж ерөөсөө ном л байсан. Хоёрдугаар курст байхад том охин маань төрсөн. Тэр үед хадмынхаа хаяа бараадаж байсан оюутан хүн юу хийхээ мэдэхгүй сандарсан. Тэгээд хоёр том цагаан тор дүүрэн ном бариад Багшийн дээд дээр очиж зарсан. Тэр мөнгөөр өлгий, даавуу, цэцэг набор аваад эхнэр охин дээрээ очиж байлаа. Одоо бодоход хөгтэй ч гэмээр сайхан санагддаг. Тийм л хөрөнгөтэй хүн байлаа шүү дээ.

-Аж амьдралаа бодоод явсан байх нь. Урлагтаа хоргодож байв уу. Дөрвөн жил сурсан мэргэжлээрээ огт ажиллаагүй явсан байна шүү дээ?

-Урлаг бол хатуу гэж та сонсож байсан байх. Намайг төгсөхөд УДЭТ-т ажлын байр байгаагүй. Хошин шог ид мандаж байсан үе. Гэхдээ бас найруулагч байж жүжигчнээр ажилд орохгүй гэж хамраа сөхөөд. Надад маш том цохилт өгсөн нэг зүйл бий. Миний нэг найз байлаа. Оюутан байхдаа кинонд тоглоод "од" болчихсон юм. Гэхдээ тухайн үед миний найзад баян тансаг амьдрал байгаагүй. Олон өнчин дүү нараа тэжээж тэтгэж, амьдралын төлөө гэсэн нэгэн байв. Гэтэл найзыг минь хүмүүс "олны танил байж автобусны мөнгө байхгүй, арчаагүй, ядуу" гэж адалсаар амиа хорлоход хүргэсэн. Үнэхээр харамсалтай. Олны танил бүх жүжигчид баян тансаг амьдралгүй. Бусадтай л ижил лизинг, байрны зээлтэй амьдралын төлөө явж байгаа улс. Тэдний хийдэг ажил нь л олны өмнө ил байдаг болохоос. Тэр явдлаас хойш би урлагт орохоос өмнө орох оронтой, унах унаатай болох хэрэгтэй юм байна гэж бодсон. Гэр орондоо санаа зоволтгүй болсон хойноо урлагтаа зүтгэнэ гэж бодоод эхнэртэйгээ хамт Солонгос руу явсан даа.

-Солонгост хэдэн жил болсон бэ. Нууц биш бол ямар ажил хийв?

-Баян айлын жорлон угаахаас бусдыг нь хийсэн дээ. Би төмрийн үйлдвэрт гагнуурчин хийж эхнэр маань кимчиний үйлдвэрт ажилласан. Тэнд байхдаа "Би чинь жүжигчин, найруулагч мэргэжилтэй хүн шүү дээ" гэж байнга боддог байлаа. Тэгээд "зэврэхгүйн" тулд зохиол оролдож "Сайхан амьдралын төлөө" гэдэг кино зохиолоо бичиж ирсэн. Зургаан жилийн дараа Монголдоо ирээд өнөөх зохиолоо кино болгов оо. Солонгост ажилласан мөнгөөрөө бүх зардлаа гаргаад ханцуй шамлаад орсон. Ёстой айхтар "шатсан" шүү. Тухайн үеийн нэлээд том нэг өрөө байр авах мөнгөөр киногоо хийсэн. Гэсэн ч огт шантраагүй, угаас мөнгө олох гэж хийгээгүй хэрэг. Удалгүй МҮОНРТ-д найруулагчаар ажиллах санал ирээд мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн.

-Зургаан жил урлагаасаа хөндийрснөө хэр зөв сонголт байсан гэж боддог вэ. МҮОНРТ-ээс гараад дараагийн зогсоол нь хаана байв?

-Солонгост байх хугацаанд "би Монголд байсан бол ингэж байгаа даа" гэх цагаан атаархал үргэлж хатгаастай. Гэхдээ Солонгос явсан нь зөв сонголт байсан. Телевизийн дараа би хэсэг залуусын байгуулсан "Улаан театр"-ын ерөнхий найруулагчаар ажиллаж, "Парисын Дарь эхийн сүм" жүжгээр нээлтээ хийсэн. Үүний дараа авьяастны дугуйлан байгуулж, сургуулийн хүүхдүүдийг зургаа, долоон жил хичээллүүлж байна. Одоогоор Төмөр замын соёлын ордон, одоогийн "Ганзам" паласт дугуйлангаа эхлэх гэж байгаа.

Энэ сарын 31-нээс ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн хүүхдүүдэд ярих урлаг, илтгэх урлаг, жүжигчний уран чадвар, хөтлөгчийн сургалтаа эхлүүлнэ. Хүүхэд рүү чиглэсэн ажил хийж байна даа. Дугуйлангийн бүх хүүхдийг заавал жүжигчин болгох гэж байгаа юм огт биш. Ер нь эцэг эхчүүд жаахан тусгаарлагдмал хүүхдүүдээ авчирдаг. Тэдний нийгмийн хүрээллийг тэлж, өөртөө итгэх итгэлийг нь сайжруулах нь миний туйлын зорилго. Ирээдүйд Америкт байдаг шиг авьяастны том сургууль байгуулмаар байгаа. Тэр мөрөөдөл маань биеллээ олоход нэлээд дөхөж байгаа шүү.

-Цэцэг шиг таван охиныхоо төлөө сархадыг "баяртай" гэсэн-

-Та багадаа их сахилгагүй , хөдөлгөөнтэй нэгэн байсан гэсэн. Тийм болоод "AK" буу шиг хурдан гээд "АК" нэр авсан тухай сонсож байсан. Уран бүтээлч, тэр тусмаа зохиолч хүн сархад хүртээд байх талтай. Таныг ч бас үүнийг тойроогүй дайрсан гэдэг?

-Энэ тухай би хүмүүст нэг их ярьдаггүй юм. Бидний өссөн үед хүн бүхэн архи уу гэж шахдаг эвгүй цаг байлаа. Долоодугаар ангийн хүүхэд гудамжинд "шагийн" архи зараад зогсож байхад ах нар "үүнийг уу" гээд өгсөн архийг ууж эхэлсэн дээ. Би өөрийгөө архичин биш гэж боддоггүй байтал нэг мэдэхэд байнгын хэрэглээ болчихсон байсан. Ах нь таван охинтой, таван сайхан цэцгийн дунд амьдардаг. Охид чинь аавыгаа бурхан гэж боддог, намайг "cool залуу" гэж дуудна. Нэг удаа шартчихсан босоод иртэл дунд охин маань "Аав аа, энэ бичлэгээ хар даа" гээд үзүүлсэн. Тэнд би биш, огт өөр хүн байв. Өөрөөсөө үнэхээр их ичиж, гутарсан. Тэгээд "хүүхдүүддээ ямар үлгэр дуурайл үзүүлж байна вэ, би ийм байдалтай бол энэ гэр орон цаашдаа яаж явах юм бэ" гэж бодоод архинд баяртай гэж хэлсэн. Түүнээс хойш бараг гурван жил болж байна. Одоо айраг ч амсдаггүй юм.

-Одоо та урлагаас өөр ажил хийж байна уу?

-Уран бүтээлийн цалин, дугуйлангийн багшийн цалингаар энэ олон цэцгээ тэжээнэ гэдэг амаргүй. Хүмүүс хүний газраас эрдэм өвлөж ирдэг бол эхнэр бид хоёр кимчиний жор өвлөж ирсэн гэж хэлж болно. Солонгост алдартай кимчиний жортой нэг эмээ бидэнд их сайн ханддаг байсан юм. Монгол руу буцах болсон чинь гэртээ урьж дайлаад, жороо зааж өгсөн. Эхэндээ өөрсдөө хэрэглэж байгаад танилууддаа зардаг болсон. Одоо ард түмэндээ түгээж эхлээд жил гаран болж байна.

-"Овгор" кинонд та "ялаа" гэх дүрийг бүтээсэн. Энэ дүр үзэгчдээс онц дүн авч, их хайрлагдаж байх шиг байна. Танд мэдрэгдэж байна уу?

-Киноны продюсер Г.Эрхэмбаяр найз маань зохиолоо маш нямбай бодсоны эцэст "Ялаа"-гийн дүрийг надаас өөр хүн гаргахгүй гэж бусдад хэлсэн гэнэ лээ. Би үүнийг дараа нь туслах найруулагчаас нь сонссон юм. С.Болд-Эрдэнэ ах, С.Ариунбямба, Ц.Цэрэнболд гээд мундаг хүмүүстэй хамт ажилласан. Ялаа бол дүрсгүй, атаман зантай ч ээждээ их хайртай хүү. Тэр дүр киноны нэг чимэг болсон болов уу гэж бодож байна. Гэхдээ үүнийг би биш, үзэгчид дүгнэнэ. Гадуур явахад олон хүн талархлаа илэрхийлж хэлдэг болсон. Зарим нь бүх тэвэрч байна лээ. Үзэгчдэд бага ч атугай таалагдсан байх.

-Та Монголын урлагт 20 гаруй жил явж байна. Ихэвчлэн туслах дүрүүд бүтээдэг. Гол дүрд тоглох юм сан гэсэн бодол төрж байв уу?

-Урлагт хөлөө олох гэдэг гэнэт болчихдог юм биш. Олон жилийн судалгаа, уйгагүй хичээл зүтгэл хэрэгтэй. Гадаад үзэмж сайхан байж болно, гэхдээ дотоод ертөнц хоосон бол хол явахгүй шүү. Би олон жил туслах дүрүүдэд тоглосон. Жижиг байсан ч яаж амилуулах вэ гэж л бодох ёстой. Дүр хүнийг голохоос хүн дүрээ голно гэж байхгүй. Байж боломгүй зүйл. Тиймээс би урдах ажлаа л хийдэг. Надад туслах дүрийн саналууд ирдэг би тоглодог өөр зүйлгүй. Хүн тууштай байхад бүх зүйл болно доо.

-Өнгөрсөн 20 жилийн хугацаанд шантрах үе байв уу. Би гол дүр авахгүй юм байна гэх ч юм уу?

-Манай эгч, найзууд "чи одоо урлагаа боль, хэзээ ч од болохгүй юм байна. Өөх ч биш булчирхай ч биш явахаа болиод хуушуур зар. Ар гэр амьдралаа бод" гэж хэлдэг байсан. Гэхдээ хамгийн гоё нь миний ээж, эхнэр хоёр хэзээ ч намайг урлагаа орхи гэж хэлээгүй. Энэ л миний нурахгүй байх шалтгаан болж байсан. Ах нь цар тахлын үед хуушуур зарж, галч хийж орой нь харуулын ажил хийдэг байлаа. Гэсэн ч би урлагаа орхиж чадаагүй. Харуулын хүйтэн байранд кино зохиол бичээд л сууж байдаг байсан. Урлаг бол хар тамхи. Хэзээ ч орхиж чадахааргүй улам гүн татдаг. Би урлагаа хэзээ ч хаяж чадахгүй юм билээ. Тууштай байсныхаа үр шимийг одоо л хүртэж эхэлж байгаа юм болов уу даа гэж бодож байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Архинаас гараад таван охиныхоо төлөө амьдарч байгаа энэ залууд хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй

Зочин
Зочин

Jujigchin Sh.Ravdandorj guai shig hodolmorch, urlagt unench humuus odoo l tsodooroo uldej dee

Зочин
Зочин

Урлаг бол хар тамхи гэдэг үг ямар үнэн бэ, солонгост галч манаач хийж явахдаа ч зохиол бичдэг байж

Зочин
Зочин

Ovgor kinoonii Yalaa-giin durar n bol uneheer togloj chadsan shd, tuslah duriin master gej unen

Зочин
Зочин

Хүний амьдралын төлөө харийн оронд очиж хар ажил хийж байсан энэ хүнийг хүндлэхгүй аргагүй

Зочин
Зочин

Tavan okhintoi saihan aav bas tsagt ni arhi arhi gej shahdag ue bsan gsn chini unen shv

Зочин
Зочин

Solongos-s kimchinii jor ovloj ireed odoo ard tumendee zardag bolson gsed mash hodolmorch hun bn

Зочин
Зочин

Улс төрчид шиг хулгай хийж баяжаагүй, бор зүрхээрээ зүтгэж яваа жинхэнэ уран бүтээлч дээ

Зочин
Зочин

Sugis-d hoshin shok mandaj bsan ued ajil oldku, and n ami horloson chuhal uildel n noloolson do

Зочин
Зочин

Монголын урлагийнхан бүгд л баян тансаг амьдардаггүй, яг л бусад шиг зээлтэй явдаг гэдэг нь үнэн

Зочин
Зочин

Sh.Ravdandorj guai ta bol jinkhene undur nuruutei, hodolmorch jujigchin shuu, amjilt husye

Зочин
Зочин

Улаанбаатар хотод ингээд л хүүхдүүдэд илтгэх урлаг зааж, дугуйлан хичээллүүлж байгаа нь мундаг

Зочин
Зочин

Kimchinii jor zarna gsed l ger bulteigee huch hodolmor gargaj yavaa zovlon jargal uzej dee

Зочин
Зочин

Хүнийг гаднаас нь хараад дүгнэж болдоггүй гэдгийг энэ хүний амьдралын замнал харуулж байна

Зочин
Зочин

Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog

Зочин
Зочин

Sanal asuulga ntr gsn chin zver l ard tumnii anhaarlig uur tiish ni tahih gsen zarlag

Туул
Туул

үүнийг бичсэн сэтгүүлчид хандаж хэлэхэд БАГИЙН гэж бичихгүйээ БАГЫН гэж бичнэ..

Зочин
Зочин

Маш баян жүжигчин бна.Таван охин нь түүний мөнхийн баялаг.Гол дүргүй блаа ч огт хамаагүй.

Холбоотой мэдээ

Back to top button