Оюутолгойн осол, гэмтлийн давтамж компанийн зорилтот түвшнээс 22-25 хувиар өндөр байгааг анхаарахгүй өнгөрүүлэх үү

Өнгөрсөн аравдугаар сарын 29-ний пүрэв гарагт Оюутолгойн гүний уурхайд чулуулгийн нуралтаас болж осол гарсантай холбогдуулан ослын талаарх дүгнэлт, шалтгаан нөхцөлийг судлан тогтоох үүрэг бүхий Ажлын хэсгийг АҮЭБЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, ЭБМЗ-ийн төлөөллийг оролцуулан байгуулж, газар дээр нь ажиллуулж, хяналт шалгалтыг хийжээ. Оюутолгойн гүний уурхайд гарсан ослын дүгнэлт маргааш гарах товтой байгаа юм.
Ер нь сүүлийн үед Оюутолгойн уурхайд осол, гэмтлийн давтамж тоо буурахгүй байгааг компанийн тайлангаас харж болохоор. Оюутолгойн тайланд дурдсанаар нийт осол, гэмтлийн давтамж 2025 оны эцэст 0.22 байсан бол 2026 оны нэгдүгээр улиралд 0.34, хоёрдугаар улиралд 0.33 болж нэмэгджээ. Энэ нь 200 мянган хүн-цаг ажилласанд ногдох осол, гэмтлийн давтамжийг илэрхийлдэг үзүүлэлт аж.
Гэтэл "Оюу Толгой" компанийн 2026 оны жилийн зорилтот түвшин 0.27 байсан тул I, II улирлын үзүүлэлт зорилтоос 22.2-25.9 хувиар өндөр байгаа нь лавлаж шалгах ёстой асуулт гарцаагүй мөн.
Оюутолгойн аюулгүй ажиллагааны зорилтот түвшинд хүрээгүйн цаана ажилтнуудын хөнгөн, хүнд гэмтэл, хөдөлмөрийн чадвар алдалт, амь нас хохирсон осол болон осолдох дөхсөн тохиолдлын статистикийг ил тод болгох шаардлагатай байна.
Ажлын хэсгийн мэдээлснээр Гүний уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа нэр бүхий дөрвөн аж ахуйн нэгжид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж. АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн зүгээс цаашид салбарын бүх түвшинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангуулах хүрээнд мэдээлэл, сургалт, зөвлөмжийг эрчимжүүлж, урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгоод буй.
Гүний уурхайн ослын дараахан тус компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх "Бид шуурхай арга хэмжээ авч, ажилтнуудын аюулгүй байдлыг хангасан. Дахиж ийм осол гаргахгүй байхад компанийн зүгээс анхаарч ажиллана. Ослын шалтгаан нөхцөлийг бодитоор тогтоохын тулд бид дотоод шалгалтаа оруулсан" гэж мэдэгдсэнээр энэ том уурхайн ийм хэмжээний ослын шалтгаан, нөхцөлийг зөвхөн компанийн дотоод шалгалтаар тогтоох нь хангалттай юу гэдэг асуулт гарч ирсэн.
"Оюу толгой" компанийн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан ослыг зөвхөн компани өөрөө шалгаад өнгөрөх ёсгүй, хараат бус мэргэжлийн баг оролцож, шалтгаан нөхцөлийг тогтоох шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлсэн. Уурхайн аль хэсэгт осол гарсан гэдгээс эхлээд чулуулгийн хагарал, чичирхийлэл, тэсэлгээ, уурхайн төлөвлөлттэй холбоотой эрсдэлийг нарийвчлан шалгаж, аюулгүй ажиллагааны мэдээллийг ил тод болгохыг тэрбээр шаардаж буй.
Монголын төр ч хувьцаа эзэмшигчийн хувьд Оюутолгойтой холбоотой тал бүрийн мэдээлэл, эрсдэл, аюулгүй байдлын хяналтад ямар бодит эрхтэй, тэр эрхээ хэрэгжүүлж байна уу гэдэг ч чухал.
Л.АРГАМЖИН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.