ӨРНӨЛ: Засгийн газраа мэхийлгэсэн Ерөнхийлөгчийн саналыг парламент алга ташин дэмжих үү
Өртөг дүн нь ч, өгөх эсэх нь ч бүрэн тодорхойгүй, бүрхэг ₮3 их наядын талаар намрын чуулган дуустал хэлэлцэх нь тодорхой боллоо. Ямартай ч алаагүй баавгайн арьсыг арав хуваах марафонд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан ёсоор нэгдэж, "Оюу толгой"-н ногдол ашгийг орж ирмэгц иргэдийн дансанд олгох үүргийг Засгийн газарт өгөв. Нэг иргэний дансанд ₮857 мянган төгрөг орж ирнэ гэх тооцоо бий. Хэрхэхийг УИХ-ын гишүүд шийднэ.
Эдийн засгийн мэдлэгтэй, 80-аад оны залуус ах нартаа яах аргагүй мэхийв

Оюу толгойн төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 17 жилийн турш Монголын тал ямар нэг ногдол ашиг хүртээгүй өдийг хүрсэн. Өнгөрөгч зургаадугаар сард Засгийн газар "Рио Тинто"-той хэлэлцээр хийж, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах, санхүүжилтийн бүтцийг хянан үзэх хугацааг долоон жилээс гурван жил болгон наашлуулж, 2027 онд Монголын тал анхны ногдол ашгаа авахаар тохиролцсон. Ийм хэмжээний хэлцэл хийж чадсан нь Н.Учралын Засгийн газрын түүхэнд үлдэх амжилт мөн. Энэ ч утгаараа тэд өнгөрсөн саруудад "том байлаа".
2027 оны төсвийн төсөлд Оюутолгойгоос 3 их наяд төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэхээр тооцож, анх 1 их наядыг Хуримтлалын санд, 2 их наядыг эрчим хүч, боловсрол, дэд бүтэц зэрэг салбарт хөрөнгө оруулахаар төлөвлөөд байв. Ард иргэдэд бэлэн мөнгөөр тараа гэх сөрөг хүчний попролтын өөдөөс "Ногдол ашгийг иргэдийн дансанд тараавал талх 10 мянга хүрнэ. Үрэн таран шийдвэр болно" гэж хэлэх зоригтой байлаа, Н.Учрал. Гэвчиг УИХ-ын гишүүдийн хэдэн зуугаар хэмжигдэх зарчмын зөрүүтэй санал, E-Mongolia дээрх иргэдийн санал асуулгад тулгуурлан хуулийн төслөө эргүүлэн татахаар шийдвэрлэсэн юм.
Ийн Баялгийн сангийн хуулиараа Хуримтлалын санд төвлөрч, 2034 оноос иргэдийн боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдах ёстой ногдол ашиг нь хишиг болон тараагдах жимийг нь татчихлаа.
"Рио Тинто"-той хийсэн хэлэлцээрийн дараа "Би эх орондоо хайртай" гэж хэлчхээд Ерөнхийлөгчийн өрөө рүү харайж явсан З.Мэндсайхан өнөөдөр баргар байна. Ингэхдээ Засгийн газрынхаа баримталж ирсэн байр суурийг бус Ерөнхийлөгчийн поп шийдвэрийг эвсэн байр суурь илэрхийлсэн нь анхаарал татлаа. Тухайлбал,
"Оюутолгойн ногдол ашиг орж ирэх тутамд иргэдэд олгох чиглэлийг Ерөнхийлөгч өчигдөр Засгийн газарт өгсөн учраас Баялгийн сангийн тухай хуулиа өөрчлөхөөр болж байна. Мэдээж ₮3 их наядыг бэлнээр тараахад инфляц нэмэгдэнэ. Гэхдээ Засгийн газар ард иргэдийнхээ амьдрал хүнд байгаа энэ цаг үед аль болохоор гарц шийдэл гаргахын төлөө нөгөө талтайгаа хэлэлцээ хийнэ" хэмээсэн юм. Ерөнхий сайд Н.Учрал ч Ерөнхийлөгчийн чиглэлийг сонсон, үг дуугүй толгой дохиод суув.
Арга ч үгүй биз. МАН-ын 80-аад оны лидерүүд ах нартаа хэдийн ялагдчихсан. Ялагдал дундаас "түгжилдэж" гарч ирээд ах нараа бараадан Засгийн газрын тэргүүний сэнтийд заларсан Н.Учрал одоо хэндээ ч учирлах билээ. Уг нь Н.Учрал, З.Мэндсайхан нар эдийн засгийн өндөр мэдлэгтэй, 80-аад оны залуус. Гэвч ах нарынхаа сүрд ийн дарагдана сууна.
Засгийн газар мэхийдэг юм байж, УИХ барьж орж ирсэн хуулийг нь дэмжих үү

Ерөнхийлөгчийн чиглүүлгээр Засгийн газар урагшилбал Баялгийн сангийн хуульд гар дүрнэ. Нэг удаагийн хууль зориулан санаачлах, эсхүл хуулиа бүрэн өөрчилж УИХ-д өргөн барьж таарна. Үүнийг батлах эсэх нь УИХ-ын 126 гишүүний кноп шийднэ.
Санал тоолж үзье. Хий хоосон таамаг гэхээс илүүтэйгээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн санал хураалт дээр тулгуурлан тоолъё.
|2026.04.16|-ны санал хураалтад 126 гишүүний 101 нь оролцож, тэдний 57 нь дэмжсэнээр төслийг хэлэлцэхээр шийдсэн байдаг. Тухайлбал,
Дэмжсэн 57 гишүүн: Ж.Алдаржавхлан, О.Амгаланбаатар, Т.Аубакир, Ц.Баатархүү, М.Бадамсүрэн, Э.Бат-Амгалан, Р.Батболд, Ж.Батжаргал, Д.Батлут, Н.Батсүмбэрэл, Ж.Батсуурь, Б.Батцэцэг, П.Батчимэг, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Баярмаа, Ж.Баясгалан, Б.Бейсен, Д.Бум-Очир, Ш.Бямбасүрэн, С.Бямбацогт, Ж.Галбадрах, А.Ганбаатар, Ж.Ганбаатар, Д.Ганбат, Х.Ганхуяг, Б.Дэлгэрсайхан, Б.Жавхлан, С.Замира, Б.Заяабал, С.Зулпхар, С.Лүндэг, Ц.Мөнхбат, Т.Мөнхсайхан, З.Мэндсайхан, Н.Наранбаатар, С.Одонтуяа, У.Отгонбаяр, Б.Пүрэвдорж, Д.Рэгдэл, Ц.Сандаг-Очир, Р.Сэддорж, Б.Түвшин, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам, Н.Учрал, Г.Хосбаяр, Б.Хэрлэн, Д.Цогтбаатар, Да.Цогтбаатар, Ж.Чинбүрэн, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр, Д.Энхтуяа, Р.Эрдэнэбүрэн.
Дэмжээгүй 44 гишүүн: Н.Алтанхуяг, Д.Амарбаясгалан, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Б.Батбаатар, Н.Алтаншагай, О.Батнайрамдал, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, Х.Булгантуяа, С.Ганбаатар, П.Ганзориг, Л.Гантөмөр, М.Ганхүлэг, Ц.Даваасүрэн, Б.Жаргалан, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, М.Мандхай, Л.Мөнхбаясгалан, Ц.Мөнхтуяа, Б.Найдалаа, П.Наранбаяр, М.Нарантуяа-Нара, Ч.Номин, Н.Номтойбаяр, Э.Одбаяр, Г.Очирбат, Л.Оюун-Эрдэнэ, Д.Пүрэвдаваа, П.Сайнзориг, О.Саранчулуун, М.Сарнай, Б.Тулга, Х.Тэмүүжин, А.Ундраа, О.Цогтгэрэл, С.Цэнгүүн, Ө.Шижир, Л.Энхнасан, Д.Энхтүвшин, М.Энхцэцэг, С.Эрдэнэболд.
Санал хураалтад оролцоогүй 25 гишүүн: Х.Жангабыл, Д.Үүрийнтуяа, Л.Мөнхбаатар, Г.Дамдинням, Л.Соронзонболд, С.Амарсайхан, Г.Лувсанжамц, Ч.Анар, Д.Ганмаа, С.Эрдэнэбат, Б.Уянга, О.Номинчимэг, О.Алтангэрэл, П.Мөнхтулга, Д.Жаргалсайхан, Х.Баттулга, Ц.Туваан, Д.Батбаяр, Г.Ганбаатар, Х.Болормаа, Б.Пунсалмаа, Т.Доржханд, Г.Уянгахишиг, Б.Мөнхсоёл, Ж.Золжаргал
Ингээд харвал, өмнөх санал хураалтад дэмжээгүй кноп дарж, санал хураалтад оролцоогүй ч өдгөө танхимынхаа шийдвэрийг дагах магадлалтай нь Б.Найдалаа, Ч.Номин, Н.Номтойбаяр, Т.Доржханд, Г.Дамдинням нар байна. Үүнээс гадна Н.Номтобаярыг дагаж Үндэсний эвслийн гурван гишүүн, Т.Доржхандыг дагаж Г.Уянгахишиг, Б.Мөнхсоёл, П.Наранбаяр, П.Ганзориг, Л.Энхнасан нар кноп дарах магадлалтай.
Эдгээр 13 гишүүнийг өмнөх саналыг дэмжсэн 57 гишүүнтэй нэгтгэвэл 70 гишүүн Ерөнхийлөгчийн чиглэлийг дэмжиж санал хураалтад оролцох магадлалтай байна.
Хуваах гэж буй баавгай одоо ч ойд явна | Орлогынхоо дөрөвний гурвыг алдсан компаниас 3 их наядыг авч чадах уу

"Рио Тинто" Монголын талд 2027 онд 3 их наяд төгрөгийн ногдол ашиг өгнө гэж албан ёсоор амлаагүй. Компани зургадугаар сарын 30-нд гаргасан мэдэгдэлдээ Засгийн газартай хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг өөрчлөхөөр тохирсноо зарлаж, ногдол ашиг хуваарилах хугацааг наашлуулахаар хамтран ажиллана гэжээ. Энэ мэдэгдэлд он, дүн аль аль нь дурдагдаагүй. Есдүгээр сарын 11-нд Ерөнхий сайдтай уулзсан Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Саймон Тротт "Оюу толгойн хувь нийлүүлэгчдэд ногдол ашгийг 2027 онд хүртээхэд Рио Тинто хамтран ажиллана гэдгийг миний зүгээс дахин баталгаажуулж байна" гэсэн юм. Тротт ч ногдол ашгийн хэмжээг нэрлээгүй.
Ногдол ашгийн 3 их наяд төгрөг гэдэг тоо Монголын талын тавьсан хүсэлт юм.
Тооны хувьд ч тодруулах зүйл бий. Монголын тал "Оюу толгой" ХХК-ийн 34 хувийг "Эрдэнэс Оюу толгой" ХХК-иар дамжуулан эзэмшдэг. Хувь эзэмшлийн харьцаагаар энгийнээр бодвол Монголын талд 3 их наяд төгрөг ногдохын тулд компани нийтдээ 8.8 их наяд орчим төгрөгийг ногдол ашигт хуваарилах ёстой. Энэ дүнгийн 5.8 их наяд орчим нь 66 хувийг эзэмшдэг "Рио Тинто"-д очно. Үүнээс гадна компани төслийн санхүүжилтийн зээлээ төлсөөр байна. "Оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх "Бид зээл төлөх байсан бүх мөнгөө хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгаар өгчихвөл зээл өгсөн талууд маань сэтгэл дундуур байх учраас зөвшилцөнө" гэж тайлбарласан нь үүнтэй холбоотой.
Мөн сүүлд "Борлуулалт хийж чадахгүй байхад ямар ногдол ашиг төлөх вэ дээ. Санхүү, компанийн үйл ажиллагаанаас гадна татвар, АМНАТ, орлого, мөнгөн урсгал, бүх зүйлд нөлөөлнө. Ногдол ашиг 3 их наяд байх эсэх дээр ярилцаж байгаа. Бид орлогынхоо дөрөвний гурвыг алдаж байгаа. Одоо олж байгаа орлогоороо урсгал зардлаа төлөөд явж байгаа гэсэн үг" хэмээв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны зургадугаар сарын 25-нд тангараг өргөсөн. Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай, ганц удаа сонгодог болсон. Түүний бүрэн эрх шинэ Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно. Дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль долоон сарын дараа болох юм. Нөгөө талд Оюу толгойн ногдол ашиг 2027 онд, санхүүгийн тайлан гарсны дараа л шийдэгдэнэ. Ингэхээр мөнгө орж ирэх үед У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн албан тушаалд байх эсэх нь ч тодорхойгүй.
У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн сэнтийнээс буусныхаа дараа очиж болох хамгийн өндөр суудал нь МАН-ын дарга. Цаашлаад 2028 оны сонгуулийг УИХ-д удирдан орж Засгийн газар тэргүүлэх эсэхээ шийдэх өрсөлдөөний талбар байж болох юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэд нь мөнгөжихөөр инфляц болно ч гэх шиг, энэ тэнэг ойлголтоо больчихвол яасымб?! Талхны өөрийн өртөг хэд билэ, хөөсрүүлдэг хийрхлээ больчих, Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим үүнийг мэддэггүй юм бол байгаад яах юм?! Иргэдээ мөнгөө зарцуулахад сургах гээд байнаа даа янз нь?! Хоцрогдсон ойлголтоосоо салж урагшлахаа бодохгүй бол уншигч сонсогч дагагч сонгогч олдохгүй л болов уу!
ПҮРЭВДАВГА ДАРГАА НӨГӨӨ ТҮЦНҮҮД ДАХИАД ТАВИГДААД БАЙНАА. БАЯНГОЛ ДҮҮРЭГ, 32-Р ХОРОО, Ш-IV ХОРООЛЛЫН ЭЦСИЙН АВТОБУСНЫ БУУДЛЫН ОЙРОЛЦОО ТАВИАД АЖИЛЛУУЛЖ БАЙНА. НӨГӨӨ МУУ ХЭЛЭГДЭЭД БАЙГАА НЯМБААТАР ХОТЫН ЗАСАГ БАЙХДАА ЗАЙЛУУЛЖ ЗАМ ОВОО СЭЛҮҮХЭН БОЛГОСОН БАЙСИЙН. ТЭР БАЯНГОЛЫН ЗАСАГ СУМЬЯАБААТАР ГЭДЭГ НӨХӨРТӨӨ ҮҮРЭГ ӨГӨӨД ЗАЙЛУУЛААЧ.