Түүхүүд: Улстөрч, намуудын амлаж ирсэн БЭЛЭН МӨНГӨ тараалт ямар үр дагавар авчрав

Монголын улстөрчид 20 жилийн турш "Иргэддээ баялгийн хувь хишиг хүртээнэ" гэж амласан. Гэвч баялгийг бүтээх, эдийн засгаа төрөлжүүлэх, ирээдүй үедээ хөрөнгө үлдээх ажлаа орхигдуулж, ирээдүйн орлогоо үе үеийн сонгуулийн санал худалдан авах аргад ашигласаар ирлээ. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын иргэн бүр яг хэдэн төгрөг авснаа санахгүй байгаа ч монгол төгрөгийнхөө худалдан авах чадвар хэрхэн буурсныг л өдөр бүр яс махаараа мэдэрч байна.
"Эрдэнийн хувь", "Эх орны хишиг", "Хүний хөгжил", "Сайн хувьцаа", "Шинэ хоршоо"... Монголчуудын өнгөрсөн 20 жилийг сануулах танил нэрүүд уншигдаж байгаа биз. Улс орны ирээдүйн орлогыг өнөөдрийн улс төрийн оноо болгохын тулд эхэндээ шууд мөнгө тараадаг байснаа сүүлдээ төгөлдөршөөд, тэтгэмж урамшуулал, хувьцаа, ногдал ашиг, зээлийн хүүгийн татаас, төлбөр чөлөөлөх зэрэг олон хэлбэрт шилжсэн. Эцсийн дүндээ бүгд төсвийн мөнгө, уул уурхайн ирээдүйн орлого, төрийн өр төлбөр, эдийн засгийн эрсдэлтэй холбогддог. Хорин жилийн түүхээ эргээд харъя.
2004 он: Хүүхдийн мөнгөөр эхэлсэн амлалтын өрсөлдөөн
2004 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам хүүхэд бүрд сар бүр 10 000 төгрөг олгох амлалт дэвшүүлсэн. МАХН ч зүгээр суусангүй. Шинээр төрсөн хүүхэд бүрд 100 000, шинээр гэрлэсэн хос бүрд 500 000 төгрөг өгөх амлалт гаргав. Ингээд хүүхдийн мөнгө, гэрлэсний тэтгэмж зэрэг нийгмийн халамж улс төрийн өрсөлдөөний нэг хэрэгсэл болж эхэлсэн.
Хүүхэдтэй айл өрхөд дэмжлэг мэдээж хэрэгтэй. Гэхдээ тэр үеэс эхлэн нэг буруу жишиг тогтсон юм. Улстөрчид нийгмийн асуудлыг бүтцийн бодлогоор шийдэхийн оронд мөнгө амлаж, сонгогчдын сэтгэл зүйд нөлөөлөхийг илүүд үзэх болсон. Ядуурлыг бууруулах, хүүхдийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, эцэг эхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн оронд мөнгийг сонгуулийн өрсөлдөөний гол сэдэв болгов.
2008 он: "Манайх ₮1.5 сая, Танайх ₮1-хэн сая"
2008 оны сонгуульд АН иргэн бүрд нэг сая төгрөг өгөх "Эрдэнийн хувь" амлалт дэвшүүлэнгүүт МАХН зөрүүлээд ₮1.5 сая болгон давуулж, "Эх орны хишиг" гэж нэрлэв. Уул уурхайн баялгаа хэрхэн ашиглах, ямар үйлдвэр барих, эдийн засгаа яаж төрөлжүүлэх бодлогоос илүүтэйгээр хэн нь хэдэн төгрөг өгөх вэ гэдэг өрсөлдөөн энэ үеэс ширүүссэн юм. Дэлхийн санхүүгийн их хямралын үед эдгээр амлалт шууд биелээгүй. Харин уул уурхайн орлого нэмэгдэх хүлээлт бий болмогц амлалтыг бодит мөнгө болгох ажил эхэлсэн.
2009 онд "Хүний хөгжил сан" байгуулагдаж, байгалийн баялгийн орлогыг иргэдэд хуваарилах тогтолцоо бий болсон түүхтэй. Дэлхийн банкны судалгаагаар 2010 онд Хүний хөгжил сангийн мөнгөн шилжүүлэг 324 тэрбум төгрөгт хүрч байв. Тухайн үеийн сангийн уул уурхайн орлого зардлыг бүрэн нөхөж чадаагүй тул зээлээр санхүүжүүлэх шаардлага гарсан юм. Өөрөөр хэлбэл, бид нүүрс, зэсээ ухаж амжаагүй байхдаа л ирээдүйн орлогоо урьдчилан зарцуулж эхэлсэн гэсэн үг.
2011-2012 он: "Хүний хөгжил сан" хийгээд 1072 хувьцаа
2012 оны сонгуулийн үеэр уул уурхайн баялгийг иргэн бүрд хүртээх амлалт улам бодит хэлбэрт орлоо. "Хүний хөгжил" сангаас иргэдэд мөнгөн хувь хишиг олгож, оюутнуудын сургалтын төлбөрийг дааж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мөнгөн дэмжлэг үзүүлэв. "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны тогтолцоо ч энэ үеийн баялгийн хуваарилалтын бодлоготой холбоотой.
ОУВС-гийн 2012 оны дүгнэлтээр сонгуулийн өмнөх зургаан сарын хугацаанд Засгийн газрын зардал өмнөх оны мөн үеэс 57 хувиар өссөн тухай баримт ноцтой. Тэр хугацаанд төрийн албан хаагчдын цалин 50 гаруй хувиар нэмэгдэж, бэлэн мөнгөний тараалт өсөж, хөрөнгө оруулалтын зардлыг урагшлуулжээ.
Орлого төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй тул төсвийн санхүүжилтийн хэрэгцээг банкны хадгаламж татах болон Монголбанкнаас зээл авах замаар нөхсөн байна. Энэ бол популист төсвийн бодлогын бодит үр дагаврыг харуулсан баримт. Улс төрчид сонгуулийн өмнө мөнгө амлаж болно. Харин тэр мөнгөний эх үүсвэр тодорхойгүй бол дараа нь өр, инфляц, ханшийн дарамт болж буцаж ирдэг.
2016 он: Хувьцааг мөнгө болгох эхлэл
10 жилийн өмнөх сонгуулиар 1072 хувьцааны 30 хувийг төр худалдан авах зохицуулалт гаргаж, зарим иргэн 300 426 төгрөг авсан. Хувьцаа эзэмшигч байж, компанийн ирээдүйн ашгаас хүртэх боломжийг хадгалах уу, эсвэл хувьцаагаа төрд буцаан өгч өнөөдөр хэдэн төгрөг авах уу гэдэг нь баялгийн бодлогын гол сонголт байлаа. Монголын улстөрчид, бодлого боловсруулагчид хоёр дахийг нь сонгосон. Хувьцаа гэдэг урт хугацааны өмчлөл. Харин түүнийг богино хугацааны мөнгө болгох нь ирээдүйн ногдол ашгийн боломжийг өнөөдрийн хэрэглээнд шилжүүлж буй хэрэг. Ингэж бид ирээдүйд ашиг хүртэх боломжоо өнөөдрийн улс төрийн шийдвэрээр дахин дахин сольж ирэв.
2011-2012 оны ЧАЛКО: Баялгаа урьдчилан барьцаалсан түүх
Энэ түүхийг мартаж болохгүй. 2011 онд "Эрдэнэс Тавантолгой" компани БНХАУ-ын ЧАЛКО компанитай 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийн гэрээ байгуулсан юм. Тухайн гэрээний хүрээнд компани мөнгө авч, нүүрсээр эсвэл мөнгөн төлбөрөөр эргэн төлөх нөхцөлтэй. Энэ нь Монгол Улс уул уурхайн ирээдүйн бүтээгдэхүүн, орлогоо урьдчилан санхүүжилтийн хэрэгсэл болгон ашиглаж байсны бодит жишээ билээ. Өнөөдрийн хэрэглээг санхүүжүүлэхийн тулд маргаашийн нүүрсээ өнөөдөр зардаг эдийн засаг ямар эмзэг байх нь ойлгомжтой.
2019-2020 он: Ерөнхийлөгч Х.Баттулгын тэтгэврийн зээл тэглэх шийдвэр
2019 оны сүүлчээр Ерөнхийлөгч Х.Баттулга тэтгэврийн зээлийг тэглэх санаачилга гаргаж, 2020 онд УИХ хуулиар баталгаажуулсан. Энэ шийдвэрийн санхүүжилтийг Салхитын мөнгөний ордын ирээдүйн орлогыг барьцаалан гаргах үнэт цаасаар шийдэх зохицуулалт хийсэн. Тухайн үеийн хуулиар зургаан сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлийг чөлөөлөхөөр болсон байдаг. Зээлгүй байсан 194.2 мянган ахмад настанд нэг сая төгрөгийн үнэт цаасны эрх олгох зохицуулалт ч туссан.
Ерөнхийлөгч байсан хүн хүртэл ₮30 саяын тэтгэврийн зээл аваад, өрөө төлүүлж болж байхад зээл аваагүй ахмадууд яагаад ижил хэмжээний бодит мөнгөн ашиг хүртэхгүй байна вэ гэдэг асуулт маргаан дагуулж байв. Ахмад настнуудаа дэмжих нь зөв. Харин тэдний амьдралын чанарыг сайжруулахын тулд тэтгэврийн тогтолцоо, эрүүл мэндийн үйлчилгээ, орлогын баталгааг сайжруулах ёстой болохоос нэг удаагийн өр тэглэлтийг улс төрийн хожоо болгож болохгүй. Гэхдээ л болгосон юм даа.
2020-2021 он: Цар тахал ба асар том мөнгөн дэмжлэг
2020 оны дөрөвдүгээр сараас хүүхдийн мөнгийг ₮20 000-аас ₮100 000 болгон нэмэгдүүлэв. 2021 оны дөрөвдүгээр сард иргэн бүрд 300 000 төгрөгийн нэг удаагийн мөнгөн шилжүүлэг олгов. Үүний зэрэгцээ өрхүүдийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төрөөс даах шийдвэр ч хэрэгжив. Энэ бодлого 2020 оны арванхоёрдугаар сараас эхэлж, 2022 оны нэгдүгээр сар хүртэл үргэлжилсэн.
Цар тахлын үед иргэдийн орлого тасарч, аж ахуйн нэгжүүд хаагдаж, ажилгүйдэл нэмэгдсэн учраас төрөөс тусламж үзүүлэх нь зайлшгүй шаардлага байсан. Гэхдээ тусламжийн хэлбэр, хамрах хүрээ, санхүүжилтийн тогтвортой байдал нь тусдаа асуудал. Дэлхийн банкны судалгаагаар 300 000 төгрөгийн шилжүүлэг хүн амыг бүхэлд нь хамарсан бөгөөд хамгийн бага орлоготой өрхүүдийн хувьд тухайн үеийн сарын орлоготой нь дүйцэхүйц, зарим тохиолдолд түүнээс их дэмжлэг болжээ.
Гэтэл өндөр орлоготой өрхүүд ч уг мөнгийг авсан. Энэ бол зорилтот халамж ба нийтэд ижил мөнгө тараах бодлогын ялгаа юм. Төр тусламж хэрэгтэй өрхөө илүү оновчтой тодорхойлж, ажлын байрыг хамгаалж, жижиг бизнесүүдээ амьд үлдээхэд төсвийн хөрөнгийг чиглүүлэх боломж байсан эсэхийг асуух ёстой.
2024-2025 он: Ногдол ашиг ба "Шинэ хоршоо"
1072 хувьцааны ногдол ашиг олгох нь зарчмын хувьд төсвийн халамжтай адил зүйл биш. Компанийн бодит ашгаас хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авах нь өмчлөх эрхийн нэг хэсэг. Гэхдээ ногдол ашгийг улс төрийн бэлэн мөнгөний амлалт болгохдоо компанийн хөрөнгө оруулалт, өр төлбөр, ирээдүйн үйлдвэрлэлийн хэрэгцээг орхигдуулж болохгүй.
2024 оны сонгуулийн өмнө 2022 оны ашгаас нэгж хувьцаанд 104 төгрөгийн ногдол ашиг олгох, 2023 оны ашгаас 2024 онд нэгж хувьцаанд 256 төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэрүүд гарсан. Мөн "Шинэ хоршоо" хөтөлбөрөөр 2029 он хүртэл нийт таван их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөсөн. Энэ нь шууд мөнгө тараалт биш. Гэхдээ зээлийн хүүгийн татаас, төрийн баталгаа, эрсдэлийн хуваарилалт нь төсвийн бодит болон болзошгүй үүрэг үүсгэдэг. Нөгөө талд малчдад олгосон зээл бодит үйлдвэрлэл, бүтээмж, экспорт, орлогыг нэмэгдүүлж чадаж байна уу гэдэгт одоогоор хариулт алга.
2026 он: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд тараах уу гэдэг асуулт дахиад урган гарав
2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн угтал болгож, энэ асуудал циклээрээ өнөөдөр дахин сөхөгдөж байна. 2026 оны арваннэгдүгээр сарын 3-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нартай уулзахдаа Оюутолгойгоос хүлээгдэж буй ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх зохицуулалт боловсруулах чиглэл өгсөн юм.
Хүлээгдэж буй гурван их наяд төгрөгийн ногдол ашгаас иргэдэд хоёр их наядыг, үлдсэн нэг их наядыг Ирээдүйн өв санд үлдээх хувилбар яригдаж байна. Гэхдээ ногдол ашиг хэзээ, ямар нөхцөлөөр орж ирэх нь одоогоор бүрэн баталгаажаагүй. Мөн одоо мөрдөж буй Баялгийн сангийн тухай хуульд ногдол ашгийг ирээдүйн өв санд төвлөрүүлэх зохицуулалт бий.
Оюутолгойн ногдол ашиг өнөөдөр хуульд тусгаж төлөвлөсөнчлөн Монголын ирээдүй хойчийн боловсрол, эрүүл мэнд, орон байрнаас эхлээд эрчим хүч, дэд бүтэц, үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр байх уу, эсвэл дахин нэг удаагийн бэлэн мөнгөний тараалт болох уу гэдэг салаа зам дээр ирээд байна. Энэ бол улс төрийн амлалт биш, улсын хөгжлийн стратегийн асуудал юм. Мөнгө тарааснаараа сайжирдаг бол сайжирхаар л хугацаа өнгөрөв.
2004 онд ам.долларын жилийн дундаж ханш ойролцоогоор 1,185 төгрөг байсан бол 2026 онд 3600 төгрөгт хүрчээ. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 20 жилийн хугацаанд ойролцоогоор 3.2 дахин суларсан байна. Мөн Дэлхийн банкны хэрэглээний үнийн инфляцын жилийн үзүүлэлтүүдийг нийлмэлээр тооцоход 2004-2024 оны хооронд үнийн түвшин ойролцоогоор 6 дахин өсчээ. Үүнд импортын хамаарал, уул уурхайн үнийн савлагаа, гадаад худалдааны тэнцэл, цар тахал, валютын урсгал, мөнгөний бодлого бүгд нөлөөлсөн нь дамжиггүй.
Уул уурхайн орлого өсөх үед төсвийн зардлаа огцом тэлж, орлого буурахад санхүүжилтийн хомсдол, өрийн дарамтад ордог мөчлөг Монголын эдийн засагт олон удаа давтагдсан. ОУВС 2012 оны сонгуулийн өмнөх төсвийн зардлын 57 хувийн өсөлтийг баримтаар тэмдэглэсэн. Энэ бол мөнгөний амлалт төсвийн сахилга батад ямар эрсдэл учруулж болохыг харуулсан тод жишээ.
Монголын улс төрчдийн хамгийн том асуудал нь иргэддээ мөнгө өгч байгаа явдал биш. Харин иргэдэд мөнгө өгөхийн тулд улсын ирээдүйн хөгжил, эдийн засгаа золиосолдог явдал нь гол асуудал болоод байна. Байгалийн баялгийн орлогоо боловсруулах үйлдвэр байгуулахад, эрчим хүчний хараат байдлаа бууруулахад, экспортын шинэ бүтээгдэхүүн бий болгоход, боловсрол, эрүүл мэндийн чанарыг сайжруулахад, ирээдүй үеийн хуримтлал үүсгэхэд, хувийн хэвшлийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулах ёстой.
Төрийн мөнгө бол улстөрчийн хувийн мөнгө биш. Уул уурхайн орлого бол өнөөдрийн Засгийн газрын өмч биш. Ирээдүй үеийнхний ч эрх ашиг тэнд бийг санаарай.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Женко 6, 6 саяыг хассан болохоос бүгдийг тэглээгүй.