Сэрэмжлүүлэг: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
Өнөөдөр Баян-Өлгийн нутаг, Ховдын хойд хэсгээр их цас орно. Мөн баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг ЦУОШГ-аас анхааруулж байна.
Иймд:
- Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, хол, ойрын замд зорчихдоо цаг агаар, замын нөхцөл байдлыг урьдчилан шалгах,
- Малчид малаа ойрын бэлчээрт байлгаж, малын хашаа, хороо, нөмөр нөөлөгтэй газрыг бэлтгэх,
- Хүйтний эрч чангарч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх тул автомашины хурдыг тохируулж, хоорондын зайг баримтлан, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;
- Цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах тул төөрөх, осол аваарт өртөхөөс сэрэмжилж, бага насны хүүхэд, өндөр настан болон мал сүргээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхаарууллаа.
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын өмнөд, Завханы баруун сумдын нутгаар 0.2-9.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Завхан, Заг-Байдраг голын эхээр -2...-7 градус хүйтэн, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.
Улаанбаатар орчмоор үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө +6...+8 градус дулаан байна.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.