Улс төрийн мэдээ

З.Мэндсайхан: Ипотекийн зээлд 1.8 их наядын санхүүжилт олгоно

Ирэх оны төсөв батлагдсантай холбоотойгоор Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Засгийн газар 2027 оны төсвийг өргөн барихдаа эдийн засгийг өсгөж, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, бизнесийнхээ орлогыг дэмжих, эдийн засгийн өсөлтийг иргэддээ бодитоор мэдрүүлэхэд чиглэсэн төсвийн бодлогыг боловсруулж өргөн барьсан. Ирэх онд иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд боловсролын хөгжлийг хүртээмжтэй болгох, зам, орон сууц зэрэг дэд бүтцийн салбарыг онцгойлон дэмжихээр төсвийг боловсрууллаа. 

Сая арваннэгдүгээр сарын 1-ээс ахмадуудынхаа тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн бол 2027 оны нэгдүгээр сарын 1-ээс дахин 10 хувиар нэмэгдүүлнэ. Ингэснээр ахмадуудын тэтгэвэр дунджаар 1.3 сая төгрөг болно. Энэ сарын 1-нээс эрүүл мэндийн салбарынхны цалинг 20 хувиар нэмж, боловсролын салбарынхантай адил түвшинд хүргэсэн. Мөн төрийн үйлчилгээний салбарынхны цалинг 50 хувиар нэмэгдүүлсэн. Ингэснээр төрийн нийт албан хаагчдын цалин 2027 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 10 хувиар нэмэгдүүлнэ. Үүн дээр төрийн тусгай болон төрийн захиргааны албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр Засгийн газар төсөвт тусгасан.

Экспортын орлогыг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж, Монголын бүтээгдэхүүнийг Евразийн эдийн засгийн холбооны таван улсын зах зээлд гаргах боломжийг өргөжүүлнэ. Хөрөнгө оруулалтыг мөн ажлын байр, өрхийн орлого, бизнесийн боломж гэж харах хэрэгтэй. Ирэх онд улсын төсөв болон гадаад зээл, тусламжийн хөрөнгө оруулалтын төслүүдэд гурван мянга гаруй компани үндсэн болон туслан гүйцэтгэгчээр оролцоно. Эдгээр бүтээн байгуулалтаар дамжуулан 90 мянга гаруй ажлын байрыг хадгална гэж тооцож байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын үр өгөөж барилгын компаниудаар зогсохгүй, тэдэнд бараа, үйлчилгээ нийлүүлдэг олон мянган бизнес, тэнд ажиллаж буй иргэд, гэр бүлд нь хүрнэ.

2027 онд орон сууцны санхүүжилтийг 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх бөгөөд ипотекийн зээлийн эх үүсвэрийг өргөжүүлж, гадаад, дотоодоос 500 сая хүртэлх ам.долларын шинэ санхүүжилт татна. Ингэснээр 16 мянган өрхийг орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх зорилт тавьсан.

Мөн хувийн хэвшлийн оролцоотойгоор эхний гурван жилд 6 хувь, дөрөв дэх жилээс 12 хувийн хүүтэй орон сууцны зээлийн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлнэ. Урьдчилгаа төлбөрийн босгыг бууруулах, түрээслээд өмчлөх зэрэг сонголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зээл авах үйл явцыг ил тод болгоно. Иргэд анх удаа өмчилсөн орон сууцаа худалдсан тохиолдолд борлуулалтын орлогод ногдох хоёр хувийн татвараас чөлөөлөгдөнө.

2027 оны төсвийн зорилго иргэдийнхээ орлогыг хамгаална, хүүхдүүдийнхээ сурч боловсрох, иргэдийнхээ эрүүл мэндээ хамгаалах боломжийг сайжруулна, бизнес эрхлэгчдэдээ илүү таатай орчин бүрдүүлнэ, ирээдүйн өсөлтийн суурь болох эрчим хүч, зам, үйлдвэрлэлд хөрөнгө оруулна, эдийн засгийн өсөлт тоон үзүүлэлтээс гадна айл өрх бүрийн амьдралд мэдрэгдэх ёстой гэж боловсруулсан төсвийг УИХ баталлаа" хэмээсэн юм.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button