НИЙГЭМНийгэм ярилцлага

Ж.Амарсанаа: Транс тосны хэрэглээг хуулиар хязгаарлах шаардлагатай

Бид гадуур хооллохдоо ямар тосоор хоол хийснийг нь тэр бүр асуудаггүй. Дэлгүүрээс авсан нарийн боов, бэлэн бүтээгдэхүүнд ямар төрлийн тос орсныг ч мэдэх боломж хомс. Хямд өртөгтэй, удаан хадгалагддаг учраас хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоолны газруудад өргөн хэрэглэгддэг транс тос ийнхүү хэрэглэгчийн нүднээс далд оршсоор байна.

Анагаах ухааны доктор, Хаппи Веритас эмнэлгийн зөвлөх эмч Ж.Амарсанаа транс тосны хэрэглээг хязгаарлах зорилгоор “Транс тосны хяналтын тухай” хуулийн төслийг санаачлан, нийтийн өргөдөл гаргасан ч 100 мянган хүний дэмжлэг авч чадаагүй юм. Гэсэн ч тэрбээр хуулийн төслөө дахин өргөн барихаар төлөвлөж байна. Түүнтэй транс тосны эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, монголчуудын нас баралтын гол шалтгаан болж буй өвчлөлүүд болон элэгний вирусийн шинэ халдварын эрсдэлийн талаар ярилцлаа.

“Нүдэнд харагддаггүй транс тосыг зөвхөн хуулиар хязгаарлана”

-Транс тосны хэрэглээг хязгаарлах хуулийн төслийг санаачилж, нийтийн өргөдөл гаргасан ч шаардлагатай дэмжлэг авч чадаагүй. Цаашид ямар алхам хийхээр төлөвлөж байна вэ?

-Өргөдөлд есөн мянга гаруй хүн гарын үсэг зурсан. Үүнээс харахад иргэдийн транс тосны талаарх мэдлэг, мэдээлэл хангалтгүй, эсвэл энэ асуудалд анхаарах сэтгэл зүйн бэлтгэл хараахан бүрдээгүй байна гэж дүгнэсэн. Тиймээс хуулийн төслөө дахин оруулж үзэх бодолтой байгаа. Хэзээ гэдгээ албан ёсоор шийдээгүй ч энэ ондоо багтаан өргөн барьж магадгүй.

-Транс тос гэж юу вэ? Яагаад заавал хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзэж байгаа юм бэ?

-Транс тос гэдэг нь ургамлын тос зэрэг шингэн тосны бүтцийг үйлдвэрийн аргаар өөрчилж гаргаж авсан тос юм. Байгальд бага хэмжээгээр байдаг ч үйлдвэрийн аргаар их хэмжээгээр үйлдвэрлэдэг. Хүн гэртээ хэрэглэж байгаа тосоо сонгох боломжтой. Харин хүнсний үйлдвэр, ресторан, нийтийн хоолны газрууд ямар тос хэрэглэж байгааг хэрэглэгч өөрөө хянах боломжгүй. Ресторанд ороод ямар тосоор хоол хийснийг нь шалгаад суухгүй шүү дээ. Тиймээс нүдэнд харагддаггүй, хэрэглэгчийн хяналтаас гадуур байгаа транс тосны хэрэглээг төрийн бодлого, хуулиар зохицуулах шаардлагатай.

-Транс тос хүний биед ямар хор уршигтай вэ?

-Хамгийн ноцтой хор уршиг нь зүрх судасны тогтолцоонд үзүүлэх сөрөг нөлөө. Ялангуяа титэм судасны үйл ажиллагааг гэмтээж, зүрхний шигдээс, ишеми зэрэг амь насанд аюултай өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн даралт ихсэх, элэг өөхлөх, чихрийн шижин зэрэг өвчинтэй холбоотой. Түүнчлэн зарим төрлийн хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлд тооцогддог. Хөхний болон бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын эрсдэлтэй холбон судалдаг. Иймээс транс тосыг зөвхөн нэг төрлийн хүнсний бүтээгдэхүүний асуудал гэж ойлгож болохгүй. Энэ бол хүн амын эрүүл мэндтэй шууд холбоотой асуудал.

-Дэлгүүрт худалдаалдаг наранцэцгийн болон ургамлын тос транс тос агуулдаг уу? Иргэд ямар бүтээгдэхүүнээс болгоомжлох хэрэгтэй вэ?

-Ургамлын тос өөрөө транс тос гэсэн үг биш. Наранцэцгийн тос, цэвэр ургамлын тосны ихэнх нь транс тосгүй байдаг. Харин ургамлын тосыг устөрөгчжүүлэх зэрэг үйлдвэрийн аргаар боловсруулж транс тос үүсгэдэг. Мөн тосыг өндөр температурт олон удаа халааж, дахин дахин хэрэглэхэд транс тосны агууламж нэмэгдэх боломжтой. Иргэдийн сайн мэддэг нэг жишээ бол маргарин. Маргарин нь ургамлын тосыг боловсруулж, хатууруулсан бүтээгдэхүүн. Гэхдээ бүх маргарины транс тосны агууламж ижил биш тул найрлага, шошгыг нь заавал харах хэрэгтэй. Үүнийг цөцгийн тостой андуурч болохгүй. Цөцгийн тос сүүний гаралтай бол маргарин ургамлын тосны гаралтай.

-Хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр транс тосны агууламжийг заавал бичдэг байх шаардлагатай юу?

-Энэ асуудлыг хуулийн төсөлд тусгасан. Гаднын зарим бүтээгдэхүүний шошгон дээр транс тосны агууламжийг тодорхой бичсэн байдаг. Харин Монголд үүнийг заавал тэмдэглэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалт хангалтгүй байна. Тиймээс импортын болон дотоодын бүтээгдэхүүний шошгон дээр транс тос агуулсан эсэх, агууламжийг нь тодорхой тусгадаг болох хэрэгтэй. Ингэснээр хэрэглэгч өөрийн сонголтоо мэдээлэлд үндэслэн хийх боломжтой болно.

-Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд транс тос хэрэглэхийг бүрэн хориглох санал гаргаж байсан. Өмнө нь хийсэн шалгалтаар ямар нөхцөл байдал илэрч байв?

-Би өмнө нь нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ажиллаж байхдаа ахлах, дунд, бага сургуулиудын гал тогоонд гэнэтийн шалгалт хийж байсан. Тэр үеэр транс тос агуулсан бүтээгдэхүүнүүд илэрч байлаа. Үүнээс хойш арваад жил өнгөрсөн учраас өнөөдрийн нөхцөл байдлыг хэлж чадахгүй. Одоо ямар байгууллага хэрхэн хянаж, шалгаж байгааг ч мэдэхгүй байна. Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд транс тосыг бүрэн хориглох ёстой гэж үздэг. Мөн нийтийн хоолны газар, хүнсний үйлдвэр, импортын бүтээгдэхүүнд тодорхой хязгаарлалт тавих шаардлагатай. Ингэж чадвал өнөөдрийн хүүхдүүдийн эрүүл мэндэд төдийгүй 10, 20, 30 жилийн дараах монголчуудын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ.

-Үйлдвэрлэгчид яагаад транс тосыг түлхүү хэрэглэдэг юм бол?

-Нэгдүгээрт, үнэ хямд. Хоёрдугаарт, удаан хадгалахад чанар, өнгө, үнэрээ харьцангуй сайн хадгалдаг. Мөн дахин халааж хэрэглэхэд бусад зарим тосноос илүү тогтвортой байдаг. Үйлдвэрлэгчдийн хувьд зардлаа бууруулах сонирхолтой учраас ийм тос хэрэглэх нь ашигтай. Гэхдээ үйлдвэрлэгчийн зардал хэмнэх ашиг сонирхол хэрэглэгчийн эрүүл мэндээс дээгүүр тавигдаж болохгүй.

-Монголчуудын нас баралтын гол шалтгаан гурван өвчин хэвээр байна-

-Та монголчуудын нас баралтын гол шалтгааныг гурван бүлэг өвчинд хуваан тайлбарлаж байсан. Ямар өвчлөлүүдийг онцолж байгаа вэ?

-Зүрх судасны өвчин нэгдүгээрт, элэгний өвчин хоёрдугаарт, ходоод, улаан хоолойн өвчин гуравдугаарт орж байна. Эдгээр нь монголчуудын нас баралтын томоохон шалтгаан байсаар ирсэн. Харамсалтай нь өнөөдөр ч энэ байдал өөрчлөгдөөгүй. Элэгний өвчлөл онцгой анхаарал татаж байна. Жилд 3000 гаруй хүн элэгний өвчнөөр нас бардаг гэсэн тоо бий. Үүний дотор элэгний хатуурал, элэгний хорт хавдар зэрэг өвчлөл зонхилж байна. Мөн ходоод, улаан хоолойн хорт хавдраар жилд 1000-1500 орчим хүн нас бардаг. Бид өвчин тус бүрийн араас хөөцөлдөхөөс илүүтэйгээр хүн амын нас баралтад хамгийн их нөлөөлж байгаа эдгээр гурван бүлэг өвчинд онцгой анхаарах хэрэгтэй. Иргэд жил бүр урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаж, эрсдэлээ эрт илрүүлдэг болох нь чухал.

-Эмнэлэг, гоо сайхны газруудын ариутгалд онцгой анхаарах хэрэгтэй-

-Та элэгний вирусийн шинэ халдварын голомт зарим эмнэлэг, гоо сайхны газруудад байна гэж мэдэгдсэн. Ийм дүгнэлтэд ямар үндэслэлээр хүрсэн бэ?

-Манай эмнэлэгт элэгний вирусийн халдвар шинээр авсан хүмүүс нэлээд ирдэг. Тэд хаанаас, ямар нөхцөлд халдвар авсныг судалж үзэхэд эмнэлгийн байгууллагуудтай холбоотой тохиолдлууд анхаарал татсан. Ялангуяа шүдний эмнэлэг, мэс ажилбар, хагалгаа хийдэг газруудыг онцолж байна. Үүний дараа гоо сайхны газрууд орж ирж байгаа юм. Батга шахах, шивээс хийх зэрэг арьсны бүрэн бүтэн байдлыг алдагдуулдаг ажилбарын үед ариутгал хангалтгүй байвал халдвар дамжих эрсдэлтэй. Бид одоо байгаа халдвартай хүмүүсээ эмчилж, өвчлөлийг бууруулах гэж хичээж байна. Гэтэл нэг хэсгийг нь эмчилж байхад нөгөө хэсэг нь шинээр халдвар аваад байвал энэ ажил үр дүнд хүрэхэд хүндрэлтэй. Тиймээс халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэлэг болон гоо сайхны үйлчилгээний ариутгал, халдваргүйтгэлийн стандартыг чанд мөрдүүлэх шаардлагатай.

-Гоо сайхны газруудаар үйлчлүүлэх үед ямар ажилбарууд халдвар дамжуулах эрсдэлтэй вэ?

-Батга шахахын өмнө арьсыг зүүгээр хатгадаг. Энэ үед арьсны бүрэн бүтэн байдал алдагдаж, цус гарах боломжтой. Ийм ажилбарыг заавал ариун орчинд, нэг удаагийн шинэ зүүгээр хийх ёстой. Бохир багаж, тоног төхөөрөмж ашиглавал цусаар дамжих халдвар авах эрсдэл үүснэ. Шивээсний үйлчилгээ ч мөн адил. Олон зүүгээр арьсыг дахин дахин хатгаж хийдэг учраас багаж хэрэгслийн ариутгал маш чухал. Нэг хүний хэрэглэсэн зүү, ариутгаагүй багажийг нөгөө хүнд ашиглаж болохгүй.

-Эмнэлгийн байгууллагуудын хувьд ямар хяналт шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Мэс ажилбар, хагалгаа хийдэг газруудын ариутгал дутуу байвал нэг хүний өвчнийг эмчлэхийн зэрэгцээ нөгөө хүнд шинэ халдвар дамжуулах аюултай. Тиймээс мэс засал, хагалгаанд ашиглаж буй багаж, тоног төхөөрөмжийг стандартын дагуу ариутгаж, халдваргүйжүүлсэн эсэхийг тогтмол шалгаж, баталгаажуулж байх ёстой. Энэ бол зөвхөн эмнэлгийн дотоод асуудал биш. Хяналт тавьдаг төрийн байгууллагууд ч хариуцлагатай ажиллах шаардлагатай. Ариутгал, халдваргүйтгэлийн зөрчил гаргасан байгууллагад хариуцлага тооцохоос гадна урьдчилан сэргийлэх тогтолцоог нь сайжруулах хэрэгтэй.

“Транс тосны эсрэг өргөдлөө дахин гаргана”

-Нийтийн өргөдөл 100 мянган гарын үсэгт хүрээгүй шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Иргэд маань нийтийн өргөдөлд оролцож, гарын үсгээ зурж сурч байна. Миний өргөдлийг дэмжиж байсан хүмүүсийн дунд ахмад настнууд олон байсан. Тэд эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын асуудалд их анхаардаг ч ДАН системээр нэвтэрч, цахимаар гарын үсэг зурахад хүндрэлтэй байлаа. Зарим нь нууц үгээ мартсан, зарим нь хэрхэн гарын үсэг зурахаа мэдэхгүй байсан. Залуучууд энэ асуудалд илүү идэвхтэй оролцсон бол шаардлагатай тоонд хүрэх боломжтой байсан болов уу гэж боддог. Гэхдээ энэ асуудлыг орхихгүй. Хуулийн төслөө дахин нийтийн өргөдлөөр оруулж үзнэ. Тэр үед иргэд маань дэмжиж оролцоосой гэж хүсэж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button