2027 оны өсвийн зарлагаас 2.1 их наяд хассан ч төсвийн алдагдал хэвээр үлдэв
Ирэх 2027 оны төсвийг УИХ баталлаа. Нэгдсэн төсвийн орлого 39.2 их наяд, зарлага 41.5 их наяд төгрөг болж, 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдав. Засгийн газар наймдугаар сарын 31-нд төслөө өргөн барихдаа орлогыг 41.3 их наяд, зарлагыг 43.6 их наяд төгрөгөөр тооцож байв. Хэлэлцүүлгийн явцад гишүүд, ажлын хэсгийн саналаар орлого, зарлагын аль алиныг 2.1 их наяд төгрөгөөр бууруулсан. Тиймээс алдагдлын хэмжээ өөрчлөгдөөгүй. Төслийг өргөн барих үед алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тэнцэнэ гэж тооцсон. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар зөвшөөрөх дээд хэмжээ юм.
Ирэх оны төсөв өрх айлд хэрхэн нөлөөлөх вэ?
Сангийн сайд З.Мэндсайхан "тэтгэврийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмж, дундаж тэтгэврийг 1.3 сая төгрөгт хүргэнэ гэв. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатын хэлснээр төсөвт анх удаа 1.2 их наяд төгрөгийн суурь тэтгэвэр тусгажээ. Ингэснээр 140 мянга орчим ахмадын тэтгэврийн зөрүү арилах юм.
Цалингийн 792 мянган төгрөг хүртэлх хэсгийг хүн амын орлогын албан татвараас чөлөөлнө. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 2027 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 10 хувиар, төрийн захиргааны болон тусгай албан хаагчдынх 20 хувиар нэмэгдэнэ. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлснээр цалингийн өсөлтөд 212 мянган албан хаагч хамрагдана. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр, тэтгэмж, ахмад настны халамжийн мөнгө 600 мянган төгрөг болж, 171 мянган иргэнд олгогдоно" гэв.
Орон сууцны хувьд: Ирэх онд 1.8 их наяд төгрөгийн ипотекийн зээл гаргаж, 16 мянган айл орон сууцтай болно. Шинэ зээлийн хүү эхний гурван жилд 6 хувь, дөрөв дэх жилээс 12 хувь байна гэж З.Мэндсайхан дурдав.
Хөрөнгө оруулалт, бонд
Баталсан төсөвт 2027 онд барилга байгууламж, төсөл, арга хэмжээнд 3.9 их наяд төгрөг зарцуулахаар тусгажээ. Хөрөнгө оруулалтыг 4 их наяд төгрөг гэж дурдаад, 45 эмнэлэг, 137 сургууль, 72 цэцэрлэг, 41 дотуур байр барина. Мөн 800 МВт шинэ эрчим хүчний эх үүсвэр, 338 км хатуу хучилттай зам төлөвлөсөн байна.
Харин Оюу толгойн ногдол ашгаар санхүүжүүлэхээр төлөвлөж байсан эрчим хүчний 10 төслийн 789.7 тэрбум төгрөгийн эх үүсвэр хуулийн төслийг татсанаар тодорхойгүй болсон. Үүнд Дулааны зургадугаар цахилгаан станцад зарцуулах 400 тэрбум, есөн аймгийн дулааны станцад зарцуулах 152.6 тэрбум төгрөг багтдаг. Үүнтэй зэрэгцэн Засгийн газар 6.4 их наяд, аймаг, нийслэл 2.8 их наяд төгрөг хүртэлх бонд гаргах эрхтэй боллоо. Эдгээр нь гаргаж болох дээд хэмжээ юм.
2027 оны төсөвт хяналтын байгууллагууд юуг сануулсан бэ?
Төсвийн тогтвортой байдлын зөвлөл есдүгээр сарын 16-нд дүгнэлтээ танилцуулахдаа 2027 оны зарлага дотоодын нийт бүтээгдэхүүний 37.8 хувьд хүрч, таван жилийн чиглэлээс 7.8 нэгж хувиар давж байгааг онцолсон. Сонгуулийн жилүүдэд төсвийн зарлага өсдөг нөлөөг статистикаар үгүйсгэх боломжгүй гэж зөвлөл үзжээ. 2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно.
Ерөнхий аудитор С.Магнайсүрэн төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах нь төсвийн сахилга бат, дунд хугацааны төлөвлөлтийг сулруулна гэж дүгнэсэн. Гэвч Улсын Их Хурал өнөөдөр төсөвтэй хамт Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 103 гишүүний 84-ийн саналаар баталлаа. Засгийн газрын өргөн барьсан төслөөр ногдол ашиг, өмнөх оны үлдэгдэл зэрэг нэмэлт орлогоор санхүүжих зардлыг 2027 онд зарлагын өсөлтийн хязгаараас чөлөөлөх юм.
Инфляц есдүгээр сард 12.9 хувьтай гарсан. Төсвийг баталсны дараа С.Бямбацогт дотоодын нийлүүлэлтийн хомсдолоос үүдэлтэй үнийн өсөлт гаргахгүй байхад онцгой анхаарахыг Засгийн газарт сануулжээ.
Оюу толгойн 3 их наяд: Бэлэн мөнгө тараах өрнөл
2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ Оюу толгой компани Засгийн газарт захидлаар мэдэгдсэн. Сангийн сайд энэ захидлыг арваннэгдүгээр сарын 11-нд Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Засгийн газар хуулийн төслөө татахдаа ногдол ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна гэж мэдэгдэж байв. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ногдол ашгийг орж ирэх бүрд иргэдийн дансанд шилжүүлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн.
Иргэн бүрд 857 мянган төгрөг олгох тухай иргэн Х.Оюунбилэгийн санаачилсан өргөдлийг 100 мянга гаруй иргэн дэмжсэн. Эдийн засгийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаан уг өргөдлийг хэлэлцэхээр буй. Угтаа энэ лхагва гарагт хэлэлцэх байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан билээ.
О.ОНОН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.