УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Чуулгандаа суудаггүй “Женко”-гийн ээлж ирлээ, албан тушаалаа өгөөд шалгуул

Монгол Улсын Ерөнхийлөгч асан хүн анх удаа УИХ-ын сонгуульд өрсөлдөж, улмаар парламентын гишүүн болсон нь Х.Баттулга. Сайд, гишүүн, Ерөнхийлөгч гээд түүнд хашаагүй төрийн өндөр дээд албан тушаал гэж бараг л үгүй атал шунал нь шувтарч барагддаггүй ээ.

Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дуусахын өмнөх өдөр "Малчдын зээлийг тэглэнэ" гэж попроод Хойд бүсийн сонгогчдоос хамгийн өндөр санал авч гишүүн болсон хэрнээ үндсэн ажил болох чуулганы нэгдсэн хуралдаандаа ч суудаггүй "дархлагдсан" нэгэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцсэн арваннэгдүгээр сарын 19-ний чуулгандаа ч ирсэнгүй. Энэ ч байтугай 2026 оны намрын ээлжит чуулган эхэлснээс авхуулаад ажилдаа огт ирээгүй, таван удаа тасалсан агаад нэг удаа эмнэлгийн чөлөөтэй байсан түүхтэй байна.

Тэрбээр Ерөнхийлөгчөөс буучхаад дахин гишүүнээр сонгогдсоноосоо хойш өдийг хүртэл УИХ-ын чуулган 162 удаа хуралдахад 47 удаад нь тасалж, 38 удаа томилолттой, 26 удаа чөлөөтэй байжээ. Арайхийж ирсэн өдрүүддээ буюу 18 удаадаа хүртэл байнга хоцорсон бөгөөд гишүүний нийт ирцийн үзүүлэлт нь 20.4 хувь л байна. Түүний бүрэн эрхийн хугацааны талаас илүү нь өнгөрч байхад иймэрхүү нөхцөл байдалтай байгаа нь чадахгүй байсан юм бол яах гэж монгол төрийн эрх дээд байгууллагад, ард түмний төлөөлөгч нэр зүүж орсныг нь гайхах, сэрдэх зэрэгцээд ирнэ.

 Хотын дарга асан Х.Нямбаатарын дэлгэсэн баримтаас улс төрийн хүрээний олон томчууд Тавантолгой-Гашуунсухайт хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг “Бодь Интернэшнл”-тэй цүнхтэй мөнгөөр наймаалцсан гэх нэрс дуулдаж, эхнээсээ албанаасаа огцорч буй энэ өдрүүдэд сумны бас нэг үзүүр УИХ-ын гишүүн Х.Баттулгыг чиглэх болов. Оффтейк гэрээний ихэнхийг Х.Баттулгыг ҮАБЗ-ийн дарга байхад хийгдсэн гэж Х.Нямбаатар Хууль зүйн сайд байхдаа нэг дурдсан нь бий. Тэгвэл Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг “нарийн цариг, хятадын танк” ярьж зогсоосон хүн нь Х.Баттулга, түүнийг шалгах ёстой хэмээн зарим улс төрчид хэлж ярьдаг.

Ерөнхий сайд Н.Учрал хүртэл саяхан "Гашуунсухайтын төмөр замын асуудал бол Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас эхлэлтэй" гэж мэдэгдээд, хууль хяналтын байгууллагад шалгуулах үүрэг өгнө гэсэн билээ.

Харин “Женко” ерээд оны 17 чингэлэг спиртний гэгдэх хэргээс авхуулаад өнгөрсөн хугацаанд цөөнгүй хэрэгт нэр холбогддог ч тэр нь өнө удаан яригдахаас биш хууль хяналтын байгууллагаар буруутай, буруугүйг нь дэнсэлсэн тохиол алга.

Түүний нэр холбогдсон хэргүүд:

  • 1999 онд “Мах импэкс” компанийг хувьчилж авахдаа хууль зөрчсөн гэдгийг УИХ-ын ажлын хэсэг дүгнэлт гаргасан ч энэ асуудлыг газар авхуулж хэлэлцээгүй өнгөрүүлсэн гэгддэг.
  • 2010-аад оны үед Хөдөө аж ахуйг дэмжих сангаас гэр бүл, төрөл төрөгсөд, ойр дотныхоо хүмүүсээр дамжуулан нийтдээ 207 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан ч 169 тэрбум нь эргэн төлөгдсөн, эсэх нь тодорхойгүй байдаг тухай хэвлэлүүд бичдэг ч тэгсхийгээд өнгөрдөг.
  • 2021 онд Хөгжлийн банкны гэх хэрэгт мөн л нэр нь дуулдаж, "Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсгийг хуурамчаар" зурсан гэх зүйлчлэлээр түүний зөвлөх байсан Г.Байгалмаад хэрэг үүсгэхэд анхан шатны шүүхээс цагаатгасан ч давж заалдах шатны шүүх 2024 онд хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг. Энэ жил хүртэл давж заалдах шатны шүүх /2026.03.10/-нд 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийг анхан шатанд дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн бол Улсын дээд шүүх өнгөрсөн аравдугаар сард энэ шийдвэрийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзжээ.
  • 2022 оны арванхоёрдугаар сард Нүүрсний гэх хэрэгт Авлигатай тэмцэх газар шууд болон шууд бусаар холбогдсон гээд 17 хүний нэрийг зарлахдаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэрийг хамт дурдсанаар тэрбээр АТГ-д очиж мэдүүлэг өгсөн удаатай. Хэргийн шүүх хурал 2025 оны дөрөвдүгээр сард болж, зарим хүнд ял оноосон бөгөөд тэдний дунд Х.Баттулга байгаагүй юм. Түүнийг энэ хэрэгт яллагдагчаар татсан, эсэх, эсвэл түүнд холбогдох хэсэг хаагдсан уу гэдэг нь тодорхойгүй хэвээр.
  • 2025 онд түүнийг Төгрөг нуурын ордыг гадаадын дөрвөн иргэд 250 сая ам.доллароор зарсан гэх асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нийтдээ 507 хуудас материалыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн ч АТГ "мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэсхийгээд хэргийг "тоосонд" даруулаад сураг алдарсан.
  • 2026 оны энэ цагийн улстөрийн зодоон дунд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил, нүүрсний хулгай дахин босоход Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг "чирч", түүнээс л эхтэй шүү дээ гэж хань хамсаа татах улстөрчид бишгүй байна.

Бүр түүнийг өөрт нь “ял захиалсан” гэдгийг одоогийн УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр хэлсээр буй. Улс төрийн албан тушаалын хамгийн өндөрлөгт хүрчхээд буусан нэгэн дахин дахин эрх мэдлийн төлөө эргэлдэж, ажил хийхгүй ч парламентын гишүүн нэр зүүж, элдэв хэрэгт нэр нь дурдагдаад яваад байх нь зүгээр үү. Төр нь Хянан шалгах түр хороо байгуулж “нээлттэй сонсгол” явуулаад, материал бэлдээд хуулийн байгууллага руу явуулсан ч ажиггүй алга болохын учиг юу вэ.

Шийртэй бөх, эрийн хуйх, жинхэнэ монгол эр хүн гэхчлэн монголчууд таныг хүндэлсээр ирсэн. Одоо Х.Баттулга Та өөрөө албан тушаалаасаа чөлөөлөгдөн, хууль хяналтынханд шалгуулаад, нэр төрөө цэвэрлэх цаг болоогүй юу?

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button