Нийгмийн

ЗГХЭГ-ын орон тоог 10-аар нэмж, зардалд нь 267 сая төгрөг зарцуулна

2020 оны 11-р сарын 05 буюу өчигдийн чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны сангийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.  

Ингээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны сангийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Төсвийн ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэв.

Ажлын хэсгээс зардал нэмэгдүүлэх саналыг зардал бууруулах саналтай хамт гаргасан байна. Эрүүл мэнд, боловсрол, хил, гааль, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаа, батлан хамгаалахын салбараас бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарын тээвэр, шатахууны зардлыг нийт 2,536.4 сая төгрөгөөр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, эрүүл мэнд, боловсрол, хил, гааль, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаа, батлан хамгаалахын салбараас бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарын томилолт, зочны зардлыг нийт 604.4 сая төгрөгөөр, Нийгмийн халамжийн зардалд “Хүүхдийн мөнгөн тэтгэмж”-д тусгагдсан 864.0 тэрбум төгрөгөөс бусад төрлийн халамжид зарцуулах төсвийг 26,472.5 сая төгрөгөөр, Эрүүл мэндийн даатгалын сангийн бусад зориулалт, арга хэмжээний зардлыг 27,212.7 сая төгрөгөөр тус тус бууруулах, мөн Эмнэлгийн бие даасан байдлыг дэмжих арга хэмжээнд төсөвлөсөн 1,899.8 сая төгрөгийг, Олон улсын залуучуудын ногоон наадам зохион байгуулахад тусгагдсан 9,600.0 сая төгрөгийг, АШУҮИС-ийн харъяа түшиц эмнэлэгт олгох татаасын зардлаас 3,728.7 сая төгрөгийг тус тус хасах, түүнчлэн саналын томьёоллын хавсралт 1-д тусгагдсанаар тэвчиж болох, хойшлуулах боломжтой 115,277.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 2021 онд 46,241.1 сая төгрөгийн санхүүжих дүнтэй, 41 төсөл, арга хэмжээг дараа онуудад хэрэгжүүлэхээр хойшлуулж төслөөс хасах, 39 төсөл, арга хэмжээний 2021 онд санхүүжих дүнг хэрэгжилт, гүйцэтгэлтэй уялдуулах        мөн хэрэгцээ шаардлагад үндэслэн 50,719.1 сая төгрөгөөр бууруулах, саналын томьёоллын хавсралт 3-т тусгагдсан өөрчлөлтийг үндэслэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 2021 онд санхүүжих дүнг 15,025.0 сая төгрөгөөр бууруулах, энэ 184,039.7 сая төгрөгийн эх үүсвэрийн санхүүжилтээр дараах хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэх. Үүнд:

-Улсын Их Хурлын даргын төсвийн багц дахь урсгал зардлыг 14,549.8 сая төгрөгөөр, Монгол Улсын Ерөнхий аудиторын төсвийн багцын урсгал зардлыг 5,138.2 сая төгрөгөөр, Санхүүгийн зохицуулах хорооны даргын төсвийн багцыг 1,325.8 сая төгрөгөөр,

-Булган аймгийн Дашинчилэн, Гурванбулаг, Хишиг-Өндөр, Хангал, Баяннуур, Баян-Агт сумдууд төвлөрсөн халаалтад холбогдсон тул Булган аймгийн төсвийн суурь зардлыг 1,300.0 сая төгрөгөөр,

-Монгол Улсын Шадар сайдын багцад өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, орон нутагт өвөлжилт хүндрэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нөөцийн зардлыг 3,000.0 сая төгрөгөөр, Монгол Улсын Ерөнхий сайдын төсвийн багцад олон улсын тэмцээн уралдаанд оролцох хөтөлбөрийн санхүүжилтийг 2,769.0 сая төгрөгөөр нэмж тусгах,

-мөн саналын томьёоллын хавсралт 2-т тусгагдсанаар хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд ажлын хэсэгт ирүүлсэн саналуудтай уялдуулан 178,055.2 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 2021 онд 74,421.6 сая төгрөгийн санхүүжих дүнтэй, 109 төсөл, арга хэмжээг шинээр нэмж тусгах, 15 төсөл, арга хэмжээний 2021 онд санхүүжих дүнг 66,868.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх,

саналын томьёоллын хавсралт 3-т тусгагдсан өөрчлөлтийг үндэслэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 2021 онд санхүүжих дүнг 13,078.1 сая төгрөгөөр нэмэгдүүлэх зарчмын зөрүүтэй саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.0 хувь нь дэмжлээ.

Мөн 2021 онд санхүүжих дүнд нөлөөлөхгүй зохицуулалт хийх чигллэлээр зарчмын зөрүүтэй 6 саналын томьёолол бэлтгэснийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн юм. Тухайлбал, саналын томьёоллын хавсралт 4-т тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг батлагдсан зураг төсвийг үндэслэн 22,671.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг 4,162.7 сая төгрөгөөр бууруулах; саналын томьёоллын хавсралт 5-д тусгагдсанаар хөрөнгө оруулалтын нийт 25 төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, байршлыг өөрчлөх; Дархан-Уул аймгийн Геронтологийн төвийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсан барилгыг Ахмадын хөгжлийн төв болгон өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын багцын урсгал зардлаас 250.9 сая төгрөгийг хасаж, Дархан-Уул аймгийн ахмад настны хөгжил хамгааллын суурь зардлыг 250.9 сая төгрөгөөр нэмэгдүүлэхийг тус тус дэмжив.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий аудиторын төсвийн багцын санхүүжилтийн эх үүсвэрт төсөвт байгууллагын өөрийн орлогыг 2,878.4 сая төгрөгийг бууруулж, улсын төсвөөс санхүүжих дүнг нэмэгдүүлэх, үүнтэй уялдуулан навигацийн орлогыг 2,878.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэх; Монгол Улсын Ерөнхий Сайд, Шадар сайдын ажлын албыг бэхжүүлэх зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын орон тоог 10-аар нэмэгдүүлж, холбогдох цалин хөлс, урсгал зардал болох 267.6 сая төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцад зохицуулалт хийж, нийт дүнг нэмэгдүүлэхгүйгээр шийдвэрлэх; Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад тусгагдсан Үлийн цагаан оготно устгахад зориулан тусгагдсан санхүүжилтийг 3,000.0 сая төгрөгөөр бууруулж, энэ дүнгээр Хүнсний ногооны үр худалдан авах санхүүжилтэд тусгах замаар сайдын төсвийн багц дотор зохицуулалт хийх нь зүйтэй гэж үзэж дэмжлээ.

Үргэлжлүүлэн хуулийн төслүүдтэй холбогдуулан бусад Байнгын хорооноос гаргасан саналууд болон Төсвийн байнгын хорооноос дэмжигдээгүй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны сангийн тухай хуулийн төслүүдийг гурав, дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button