Нийгмийн

“Төрийн албан хаагч нь эелдэг байж, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх ёстой”

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж буй төрийн албан хаагчийн ерөнхий шалгалт өнөөдрөөс эхэллээ. Тус шалгалтын нээлт өнөөдөр нийслэлийн засаг, захиргааны V байранд болсон юм. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар төрийн албаны шалгалтад оролцож буй хүмүүст хандаж үг хэлсэн юм.

Тэрбээр “XXI зуунд улс орнуудын эдийн засаг, нийгэм, хүн ам, технологийн харилцан хамаарал улам нэмэгдэж, мэдээллийн технологийн хэрэглээ өсөж, шинэ зууны мэргэжилтнүүдийн мэдлэг, чадвар, хандлага өөрчлөгдөж байгаатай уялдуулж улс орнууд төрийн үйлчилгээг шинэ түвшинд гаргах, үүнд чиглэсэн Төрийн албаны шинэчлэлийг дэлхий нийтийн чиг хандлага, өөрийн орны хөгжлийн түвшин, соёлын онцлогтой уялдуулж хийх шаардлага тулгарч байна.

Дижитал шилжилтийн эринд төрийн албыг хэрхэн үр ашигтай зохион байгуулахаас бидний шинэтгэлийн үр дүн ихээхэн хамаарах нь тодорхой юм. Технологийн асар их хурд, өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, хэрэглээний орчинд бид хоцорч чирэгдэхгүй, манлайлж, хөтөлж явах учиртай” гэлээ.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НЬ ИРГЭДТЭЙ ЭЕЛДЭГ, ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАРИЛЦАЖ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЧИРЭГДЭЛГҮЙ ХҮРГЭХ ЁС ЗҮЙН ТӨЛӨВШЛИЙГ ЭЗЭМШСЭН БАЙХ ЁСТОЙ

Мөн "Монгол Улсад 2019 оноос Төрийн албаны тухай шинэ хууль мөрдөгдөж, тус хуулийн зорилго, зарчим, зохицуулалт нь төрийн албаны шинэтгэлийн үзэл санаа, хүрэх үр дүнг тодорхойлж байна. Төрийн албаны өөрчлөлт, шинэчлэл нь төрийн захиргааны бүх шатны байгууллага зорилт, чиг үүргээ мэдлэг чадвартай хүний нөөцийн хүчээр хэрэгжүүлэх, иргэдэд чанартай төрийн үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээний шинэ хэлбэрүүдийг бий болгохыг шаардаж байна.

Улаанбаатар хотын хувьд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээнд шинэ менежмент нэвтрүүлэн, мэдээллийн технологийн ухаалаг шийдлүүдийг ашиглаж, төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, манлайлал, харилцааны соёлыг нэмэгдүүлэн, хариуцлагыг дээшлүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, тэгш, нээлттэй хүргэх тогтолцоог хөгжүүлэхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд олон арга хэмжээнүүдийг төлөвлөн тусгаж, эхний алхамууд хийгдэж эхэлсэн. 

Төрийн албаны шинэтгэлийн цөм нь төрийн албан хаагчийн манлайлал юм. Манлайлал бол зөвхөн удирдах ажилтанд хамааралтай ур чадвар биш. Манлайлал бол хамт олныг нэг алсын хараа, нэгдмэл зорилго дор нэгтгэх, эв нэгдлийг эрхэмлэх, хүн нэг бүрийг орхигдуулалгүй багаар хамтран ажиллах, бусдадаа урам зориг өгөх, цаг минутаар хувьсан өөрчлөгдөж буй өөрчлөлтөд уян хатан, хурдтай дасан зохицох, түүнийг зөв удирдан чиглүүлэх үйл явц, ур чадвар юм.

Хувь хүн бүр, төрийн албан хаагч бүр өөрийгөө, хамт олноо цаашлаад нийгмээ манлайлан тасралтгүй сурч, хөгжиж байх ёстой. Хувь хүний ялангуяа манлайлагчдын хандлага нь аливаа хамт олон, байгууллага, тэр бүү хэл нийгмийн хандлагыг тодорхойлж, хандлага нь харилцааг, харилцаа нь соёлын илрэл болж нүдэнд үзэгдэж, мэдрэгдэж байдаг.

Төрийн албан хаагч нь иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хүргэх ёс зүйн төлөвшлийг эзэмшсэн байх ёстой. Бидний өвөг дээдэс “Мэндлэх гэгч мөнхийн ёс” гэж сургасан нь Монголчууд эрт үеэс харилцааны өндөр соёлыг чухалчилж ирснийг гэрчилдэг.

Харилцаа, хандлага, соёлыг нэг удаагийн сургалтаар өөрчлөх боломжгүй ч манлайлагчид хамт олон, бусдадаа эерэгээр нөлөөлж, үлгэрлэн дагуулж, хөхиүлэн дэмжиж, урамшуулах замаар төлөвшүүлэх боломжтой.

Төрийн албан хаагчид та бүхнийг шударга, ил тод, хариуцлагатай, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулж, орон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга дэг журмыг сахин, Монгол төрийнхөө төлөө чин шударгаар зүтгэж, улс орныхоо нийгмийн хөгжлийн манлайлагч, түүчээлэгч нь байгаасай хэмээн уриалж байна” гэлээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Unshigch
Unshigch
2021-03-12 16:16

Turiin albanii shalgaltand tentseed yamand ajillaj baisan huniig darga ni huviin sonirhloor ajlaas ni halchihdag yum baina le tegj boldog yumu

Холбоотой мэдээ

Back to top button