НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Ковакс хөтөлбөрийн эхний ээлжийн 14400 тун АстраЗенека вакцин Монголд ирлээ

Тархварзүйн бэлэн байдлын шинэчлэлийн холбоо (CEPI), Вакцин дархлаажуулалтын глобал альянс (GAVI), ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтран хэрэгжүүлж байгаа КОВАКС хөтөлбөрийн шугамаар ирж буй эхний ээлжийн 14,400 тун АстраЗенека/Оксфорд вакцин Монгол Улсад ирлээ.

Вакциныг Засгийн газрын нэрийн өмнөөс Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүлээн авав.

Тэрбээр Ковакс хөтөлбөрт хувь нэмрээ оруулж байгаа орнууд, байгууллагуудад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархлаа илэрхийллээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Ковакс бол дэлхийн олон оронд вакциныг жигд тараах зорилготой хөтөлбөр. 14400 тун вакцин бага тоо боловч том эхлэл. Манай улс хүн амын 20 хувийг Ковакс хөтөлбөрийн вакцинаар дархлаажуулна. Дэлхийд вакцинаа түрүүлж авах эхний 18 орны тоонд орсон. Олон оронд хуваарилагдаж байгаа учраас бага багаар ирэх хуваарьтай байна. Гуравдугаар сардаа багтаад 27800 тун Пфайзер компанийн вакцин ирнэ” гэлээ.

ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица “Ковид-19-ийн эсрэг вакциныг халдвараас урьдчилан сэргийлэх гар угаах, амны хаалт зүүх, бусдаас зай барих зэрэг дэглэмтэй хослуулан хэрэглэвэл цар тахлыг ялах маш чухал зэвсэг болж чадна.

ДЭМБ, CEPI, GAVI,  НҮБ-ын Хүүхдийн Сан зэрэг байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй КОВАКС хөтөлбөрийн хүрээнд ирж байгаа АстраЗенека вакцин нь хүн амыг дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг болох нь дамжиггүй.

Монгол Улс 3 дугаар сарын 11-ний байдлаар 67,000 гаруй хүнийг, тэр дундаа халдвар авах эрсдэл өндөртэй эрүүл мэндийн ажилтнуудыг вакцинд хамруулаад байгаа нь сайшаалтай. ДЭМБ вакциныг түгээх бэлтгэл ажлыг дэмжин ажиллаж байгаа бөгөөд цар тахлыг даван туулахад Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ, бусад түншлэгч байгууллагуудтай нягт хамтран ажилласаар байх болно” гэлээ.

Цар тахлыг хумьснаар хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ явж, найз нөхөдтэйгөө уулзаж, тоглож наадах боломжтой болно. Сурч боловсрох, нийгэмших тал дээр хүүхдүүд нэлээд хоцорч байна. Тиймээс бид аль болох хурдан энгийн горимдоо буцаж орох хэрэгтэй байна гэлээ 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцин хүлээн авах үйл ажиллагаанд оролцож хэлсэн үгэндээ “Дэлхий дахиныг хамарсан цар тахалтай тэмцэхийн тулд улс орнууд вакцинжуулалтыг эрчимтэй хийж байна. Монгол Улсад 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр эхэлсэн КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтын аян төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлж буй вакцины эхний хэсгийг өнөөдөр хүлээн авч буйдаа бид баяртай байна. Хүн амынхаа 60 хувийг богино хугацаанд вакцинжуулахад КОВАКС хөтөлбөрөөс олгож буй вакцин томоохон дэмжлэг болно” хэмээн онцлон тэмдэглэв.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хайкенс КОВИД-19-ийн  дархлаажуулалтын аянаа эрчимжүүлж байгаад нь Монгол Улсын Засгийн газарт баяр хүргээд НҮБ-ын Хүүхдийн Сан нь КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан вакцин оруулж ирэх, ДЭМБ-ын яаралтай горимоор ашиглах жагсаалтад орсон вакциныг худалдан авах зэргээр үндэсний вакцинжуулалтын төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлэн ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

“Цар тахлыг хумьснаар хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ явж, найз нөхөдтэйгөө уулзаж, тоглож наадах боломжтой болно. Сурч боловсрох, нийгэмших тал дээр хүүхдүүд нэлээд хоцорч байна. Тиймээс бид аль болох хурдан энгийн горимдоо буцаж орох хэрэгтэй байна. НҮБ-ын Хүүхдийн Сангийн зүгээс улсын хэмжээнд вакцины хадгалалт, аюулгүй байдлыг хангахын тулд хүйтэн хэлхээг сайжруулах ажилд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх болно” гэж Алекс Хайкенс хэллээ.

ДЭМБ-аас дараагийн ээлжийн вакцин ойрын хэдэн сарын хугацаанд ирэх юм. ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн зүгээс КОВИД-19-ийн дархлаажуулалтын аяны бэлтгэлийг хангахад Монгол Улсын Засгийн газарт мэргэжил, арга зүй, логистик, санхүүгийн тал бүрийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button