Ярилцлага

Менделеевийн олимпиадаас Монголоос анх удаа медаль авсан О.Тэмүжин: Нобелийн шагнал хүртэхийг мөрөөддөг

Менделеевийн нэрэмжит олон улсын химийн олимпиадаас “Орчлон” сургуулийн 11а ангийн сурагч О.Тэмүжин, “Хобби” сургуулийн 11б ангийн сурагч А.Ирмүүн нар Монгол Улсын түүхэн дэх анхны медалийг хүртсэн нь яах аргагүй бахдам амжилт байлаа. Тус олимпиадаас мөнгөн медаль хүртэн, Монгол Улсын түүхэнд анхдагч болсон О.Тэмүжин болон түүний багш С.Хүрэлбаатар нартай ярилцлаа.

Онолын химичийн мэргэжил эзэмшихээр төлөвлөн, Нобелийн шагнал хүртэхийг мөрөөддөг О.Тэмүжин өмнө нь Олон улсын математик, шинжлэх ухааны олимпиадаас, Олон улсын хот хоорондын V олимпиадаас мөн Монгол Улсын түүхэн дэх анхны мөнгөн медалийг хүртэж байсан юм.

-Юуны өмнө Менделеевийн химийн олимпоос медаль хүртсэн Монголын анхны сурагч болсонд нь баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Баярлалаа. Маш их баяртай байна. Энэ удаагийн олимпиадад 30 гаруй орны 145 сурагч өрсөлдлөө. Менделийн олимпиадаас Монголынхоо анхны медалийг хүртсэндээ их урамшлаа.

-О.Тэмүжин өнгөрсөн жил медалийн оосроод атгаад алдсан. Тиймээс энэ удаа өмнөхөөсөө хавьгүй туршлагатай, өөртөө итгэлтэй байсан уу?

-Манай сургуулийн С.Хүрэлбаатар багш намайг есдүгээр ангиас хойш бэлдэн, химийн олимпиадуудад оролцуулж байгаа. Анхны жилээ улсын олимпиадаас мөнгөн медаль хүртсэн. Аравдугаар ангидаа буюу өнгөрсөн жил Менделеевийн 54 дүгээр олимпиадад оролцохдоо медаль авахдаа ердөө 0.5 оноо дутсан. Амжилт гаргах боломж байгаа, медаль хүртэх нөөцтэйгээ тэгэхэд мэдэрсэн юм.

Энэ удаа өмнөхөөсөө хавьгүй туршлагатай, итгэлтэй өрсөлдлөө. Өнгөрсөн жил медалийн үзүүрээс атгаад алдсан нь энэ удаа мөнгөн медаль хүртэхэд их нөлөөллөө.

Менделеевийн химийн олимпиад цар тахлын улмаас хоёр дахь жилдээ цахимаар боллоо. Энэ олимдиад олон улсын анхны химийн олимпиад гэдгээрээ онцлогтой. Тэр хэрээр чансаа өндөртэй, өрсөлдөөнтэй болдог.

Химийн шинжлэх ухааны салбар өндөр хөгжсөн ОХУ, БНХАУ, Румын, Украин зэрэг орноос олон сурагч оролцдог нь олимпиадын өрсөлдөөнийг улам нэмдэг. Өнөө жил тус олимпиад дөрөвдүгээр сарын 20-ноос 26-нд, хоёр үе шаттай боллоо. Эхний шатанд 10 онооны найман бодлого, дараагийнхад нь 15 оноотой 15 бодлогоос тавыг нь сонгож бодлоо.

-Олимпиадад С.Хүрэлбаатар багшийнхаа удирдлагад бэлдсэн юм билээ. Та хоёр ямар агуулгын дагуу бэлдэв. Багш нь юу гэж гэж захиж, зөвлөсөн бэ?

-Намайг энэ амжилтад хүрэхэд, мөнгөн медаль хүртэхэд хамгийн их нөлөөлсөн, чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол багш маань. Бид хоёр маш сайн ойлголцдог, намайг үргэлж дэмжиж, урамшуулдаг.

Үүний сацуу манай “Орчлон” сургууль Кембриджийн хөтөлбөртэй учраас миний төдийгүй сурагчдын суурийг маш сайн тавьж өгдөг гэж боддог. Тэгээд Кембриджийн A түвшний хөтөлбөрийг түрүүлж судлаад мөн Оросын бодлогуудыг бодож эхэлсэн нь миний амжилтад их нөлөөллөө.

-Одоогоор ямар, ямар амжилт гаргаад байгаа вэ?

-Намайг зургаадугаар ангид байхад “Орчлон сургуулийн биологийн багш Энхсайхан, химийн багш Хулан, Физикийн багш Одонцацрал нар олон улсын математик, шинжлэх ухааны олимпиад (IMSO)-д бэлдэж оролцуулсан. Тэгэхэд би Монгол Улсын түүхэнд анхны мөнгөн медалийг хүртэж байсан юм.

Дараа нь С.Хүрэлбаатар багштайгаа химийн олимпиадад гүнзгийрүүлэн бэлдэж Олон Улсын хот хоорондын  V олимпиадаас мөн Монгол Улсын анхны медалиар (мөнгө) энгэрээ медалиар энгэрээ мялаасан. Надад STEMCO-Олон Улсын стандарт химийн олимпиадын алтан медаль бий.

-Хөөх, тэгэхээр өмнө нь химийн олон улсын хоёр ч олимпиадаас Монгол Улсын анхы медалийг хүртэж байсан юм байна. Химиэс өөр дуртай хичээл бий юү?

-Физик, математик, мэдээлэл зүйн хичээлд дуртай. Намайг химийн хичээлд дуртай болоход манай сургуулийн Хулан багш их нөлөөлсөн. Хичээлээ маш сонирхолтой заан, туршилт их явуулдаг байлаа. Урвалжуудын өнгө хэрхэн өөрчлөгдөж байгааг анх хараад их гайхсан. “Яагаад тэгдэг юм бол” гэж учир шалтгааныг нь олохын тулд сонирхсоор, судалсаар химиин хичээлд дурласан юм. 

-Амжилт гаргаж буй гол арга барил, онцлог юу вэ?

-Би шинжлэх ухаан маш их дуртай. Түүндээ автан, хичээлээ олон цагаар, тууштай хийдэг. Энэ нь миний гол давуу тал, арга барил. 

Би “Орчлон” сургуульд цэцэрлэгээсээ эхлэн суралцаж байгаа. Өнгөрсөн жил Олон Улсын Менделеевийн олимпиадаас медалийн үзүүрээс атгаад алдахад манай сургууль надад сургалтын 100 хувийн тэтгэлэг олгон, урам өгсөн.

Манай “Орчлон” сургууль сүүлийн зургаан жилийн хугацаанд математик, физик, хими, биологи, мэдээлэл зүйн олон улсын олимпиадуудаас тасралтгүй медаль хүртсээр байгаа. Энэ амжилтыг буухиаг нь үргэлжлүүлж яваадаа баяртай байна.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Чөлөөт цагаараа компьютер, хөл бөмбөг, сагсан бөмбөг тоглож, дугуй унан, аниме үзэх дуртай.

-Ирэх жил сургуулиа төгсөнө. Ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Би Theoretical Chemist буюу Онолын химичийн мэргэжил эзэмшихээр төлөвлөж байгаа. Ирээдүйд Нобелийн шагнал хүртэхийг мөрөөддөг.

С.ХҮРЭЛБААТАР: ШАВИАРАА ИХ БАХАРХАЖ БАЙНА. ИРЭХ ЖИЛ ТҮРҮҮЛЭХ ЗОРИЛГО ТАВЬСАН

О.Тэмүжингийн багш, “Орчлон” сургуулийн химийн багш С.Хүрэлбаатар ийн ярилаа.

-Шавь нь олон улсын Менделеевийн олимпиадаас анхны мөнгөн медалийг хүртсэнд нь баяр хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Баярлалаа. Намайг Сэнгээгийн Хүрэлбаатар гэдэг. Би  2012 онд Японы Тояма Үндэсний коллежид тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж төгссөн. “М Си Эс Энержи” ХХК-д нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн төсөл дээр гурван жил ажиллаад, 2017 онд Норвегийн Арктикийн их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан. “Орчлон” олон улсын сургуульд 2018 оноос хойш химийн багшаар ажиллаж байна.

Манай сургууль хүүхдийг цэцэрлэгийн гурван наснаас эхлэн 18 нас хүртэл Кембрижийн хөтөлбөрөөр дамжуулан чанартай боловсрол олгодог. Мөн багш, боловсон хүчин сайтай, менежментийн баг, байгууллагын соёл сайтай, багш ажилтнаа үргэлж хөгжих боломжоор хангадагт нь олзуурхдаг

Манай сургуулийн сурагчид англи хэлээр чөлөөтэй ярьдаг учраас олимпиад, уралдаан тэмцээнд илүү амжилт гаргах боломжтой санагддаг. “Орчлон” сургууль зөвхөн олимпиад гэлтгүй хүүхдэд тэгш хөгжих боломж хамгийн сайн олгодог.

Химийн хичээлд үнэхээр дуртай, шинжлэх ухаанд шимтсэн хүүхдүүд л өөрсдийн сонирхлоор ирж надтай олимпиадад бэлдэх замаар өөрийгөө улам хөгжүүлдэг.

-Энэ удаагийн олимпиадад шавиа хэрхэн бэлтгэв. Шавьдаа юу гэж захиж, зөвлөв?

О.Тэмүжин маань надтай есдүгээр ангиасаа эхлэн олимпиадад бэлдэж эхэлсэн. Би ч тухайн үед яг шинэ багш ирсэн учраас гарын шавьтай болъё гэсэн зорилготой байлаа. Тэгээд зургаан хүүхэд бэлдэж эхэлсний нэг нь О.Тэмүжин. Тэгээд л дүүрэг, хот, улс гээд  бүхий л олимпиадад алгасахгүй оролцоод, хөгжсөөр ирсэн дээ.

2020 онд Менделеевийн олимпиадад оролцохдоо цэвэр миний буруугаас болж яг медаль хүртэж чадаагүй. Медаль авахад 0.5 оноо дутсан юм. Би шавиа буруу тактиктай оруулчихлаа даа гэж их гэмшсэн. Энэ жил бид хоёр бэлтгэлээ сайн хийгээд тактик, сэтгэлзүйн хувьд ч нэлээд бэлтгэлтэй, туршлагатай өрсөлдлөө. “Өөрийнхөөрөө, өөртөө итгээд сайхан бодоод л гараад ир. Медаль авахгүй байсан ч хамаагүй. Хөгжих нь чухал шүү” гэж шавьдаа захиж, зөвлөж байлаа.

-Менделеевийн олимпиадын чанар, чансааны талаар сонирхуулна уу?

-Менделеевийн олимпиад нь 55 жилийн түүхтэй. Дэлхийн хамгийн анхны олон улсын химийн олимпиад гэдгээрээ онцлогтой. Хэдийгээр 30 гаруй орны 145 орчим сурагчид өрсөлддөг хэдий ч Орос, Хятад, Румын зэрэг хими хөгжсөн орны улсуудаас олон тооны сурагчид оролцдог учир нэлээд чансаатай болдог.

Жишээ нь, Монголоос дөрвөн сурагч оролцох эрхтэй байхад Оросоос 10 шилдэг сурагч нь өрсөлдөж байх жишээтэй. Тэр хэрээр чансаатай, өрсөлдөөнтэй, медаль авахад улам “бартаа” ихтэй байдаг юм.

-Энэ удаагийн олимпиадаас шавиа медаль авна, Монголдоо анхдагч болно гэх итгэл хэр байв?

- Ер нь медаль авна гэдэгт нь итгэлтэй байсан. Өмнөх жил яг медалийн доор орсон учраас энэ удаа ядаж хүрэл медаль авчих байх гэж бодож байлаа. Шавь маань хүрлийг алгасаад мөнгөн медаль хүртсэнд нь маш их баярлаж, бахархаж байна.

-Алтан медаль авах боломж О.Тэмүжинд байсан уу?

-Ер нь О.Тэмүжин маань маш богино хугацаанд маш хурдан хөгжсөөр ирсэн. Тиймээс ирэх жил медалийн өнгөө алт болгоно, түрүүлнэ гэсэн зорилго тавьсан байгаа. 

-Таны шавь нар одоогоор ямар, ямар амжилт гаргаад байгаа вэ?

-Олон улсын амжилт гэвэл сүүлийн гурван жилд А.Ашид /төгсөгч/, О.Тэмүжин /11А/, Б.Номин-Эрдэнэ /11Б/, А.Амартүвшин /8С/ нар маань олон улсын томоохон олимпиадууд болох 55th International Mendeleev Chemistry Olympiad, 51st International Chemistry Olympiad, 5th International Olympiad of Metropolises, STEMCO-Standard Chemistry Оlympiad-аас нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байна. Шавь нараараа их бахархдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
бахархлаа
бахархлаа
2021-04-28 09:14

мундаг з�##�уу юм аа. Бахархаж байна

хүндэт
хүндэт
2021-04-28 09:18

Тив.пэлхийд нэрээ дуурсгаарай

zochin
zochin
2021-04-28 11:09

Uneheer hudulmurch mundag huu!

Зочин
Зочин
2021-04-28 12:52

Hicheevel chi chadna

Zochin
Zochin
2021-04-28 14:07

Baharhaj baina.Mundag!

Mongol eej
Mongol eej
2021-04-28 14:24

Bagsh huu huuhdee mundag beltgejee. Bagshid ni tomoos tom Bayar hurgeye!!!

зочин
зочин
2021-04-28 15:43

Тэнгэрийн орноос аав нь мундаг хүүгээрээ бахархаж байгаа шүү. Дүүдээ амжилтын дээдийг хүсье

болд
болд
2021-04-28 19:59

ЁСТОЙ МУНДАГ ХҮҮХДҮҮД БАЙНА. ТА НАР МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ ГЭРЭЛТҮҮЛНЭ. ИЛҮҮ ИХИЙГ СУРЧ МЭДЭЭРЭЙ. ЯАГААЧ ҮГҮЙ БАЙГАА ШҮҮ. САЙХАН МЭДЭЭ ДУУЛГАСАНД БАЯРЛАЛАА.

Зочин
Зочин
2021-04-29 01:30

Mundag bn mundag bn. Shinjleh uhaan hugjih heregtei shy mongold.

Зочин
Зочин
2021-05-05 21:59

Mash sain baina. Orchlon surguuli ulam l changaraad bn. Manai ene yaamnii durakuud suraltsaasai bilee!!!

Холбоотой мэдээ

Back to top button