НИЙГЭМ

Өнөөдрийн гэгээ: Монголын үрс маш олон болох болтугай

Одонгоо авсан олон, олон ээж Төрийн ордны шатаар үзэсгэлэн цацруулан бууна. Тэд төрүүлж, өсгөсөн хүүхдүүдээ тэврэхээр, хань түшиг эр нөхөртөө үнсүүлэхээр догдолж, сэтгэл нь дэвэрнэ. Энгэрт нь гялалзах одон нөхөртөө дурласан мөч, хайртай хүүхдүүдээ төрүүлсэн анхны мөчүүд, шантарч бас боссон цаг үеүдийг нь эргэн сануулах шиг болж, зүрхэн тушаа нь төөнөнө.

“Эхийн алдар” одонг эл өдөр 953 ээж хүртлээ. Бүхэл бүтэн амьд хүн “бүтээнэ” гэдэг ганц эмэгтэйчүүдэд л илгээгдсэн ховор заяа, гайхамшигтай бэлэн гэдэгтэй санал нийлэхгүй хүн ховор биз ээ. Эхлээд айхавтар өвдөлт, дараа нь асгарсан их хайр. Амаргүй цаг үеүд, тэвэрч сэтгэлдээ хайрласан мөчүүд. Ээж хүний дотор л  орших, магадгүй эрчүүд хэзээ ч үл мэдэрч, төсөөлж, адилтган ойлгох боломжгүй тийм нэг нандин мэдрэмж. Дотроо л тээж, түүндээ битүү уясаж ирсэн ээжүүдэд “Эхийн алдар” одон нэг тийм сайхан, дүүрэн, бүлээн сэтгэгдэл төрүүлнэ.

Бас нэгэн хүүхдээ хэвлийдээ тээж буй, одонгоо энгэртээ зүүлгээд баярын нулимс унагаж буй ээжийн дүр зураг. Нулимсаа арчиж буй ч тэр гэр бүл рүүгээ аль чадахаараа, аль түргэнээрээ тэмүүлж байна. Сэтгэлээс нь гэрэл гэгээ цацарч, өөрийгөө ээж хүн болсны гавьяа, аз жаргалыг энэ мөчид тултлаа мэдэрч, баярын нулимс нь аандаа урсах ийм нэгэн ээж. Сайхан ч кадр.


Мөн монгол эртэй ханилж, дөрвөн сайхан хүүхэд төрүүлж, өсгөж буй Ганболд Ольга Сергеевна. Энэ Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд гадаад ээжид “Эхийн алдар” одон гардуулсан анхны тохиолдол болжээ. Нөхөртэйгөө ОХУ-ын Дубна хотод танилцаж, анхны хүүхдээ төрүүлж байжээ, тэр. Харин Монголд ирж, халуун гэр бүлээр амьдраад 10 жилийг үдээд буй аж.

“Эхийн одон гэдэг бол маш ариун, шударга шагнал” хэмээн өгүүлэх түүний эрэмгий, дайчин зан чанар шууд мэдрэгдэнэ. Сайхан ээж, сайн ээж. Гоё тохиолдол.

Өнөөдрийн гэгээ зөвхөн тэд бус, “Эхийн алдар” одон гардсан бүх эмэгтэйчүүд байлаа. Тэдний халгих жаргал, хүүхдүүдийнх нь цангинах инээд, эр нөхрийнх нь бүлээн дулаан харц энэ өдрийг гийгүүлж, сайн сайхан бүхнээр ивгээж байна.

Монголын үрс маш олон болох болтугай.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button