ДЭЛХИЙ

ТАНИЛЦ: Хөгшрүүлдэггүй хоол хүнс

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны эхнэр Брижит Макрон энэ оны дөрөвдүгээр сард 68 нас хүрнэ. Тэргүүн хатагтай орчин үеийн эрүүл зөв хооллолтын (велнес-тренд) аргыг бус хуучны уламжлалт аргыг илүүд үздэг аж.

Түүний авахуулсан фото зурагнуудаас харвал, тэрбээр өдий насыг насалж байгаа гэхэд тун ч муугүй, гадаад үзэмжийн хувьд аятайхан харагддаг нэгэн.

Тэргүүн хатагтай илүүдэл жин гэж огтхон ч гомдоллодоггүй, хүссэнээрээ дуртай даашинз, банзал зэргийг өмсч, тэгш сайхан хөлөө гайхуулдаг.

Тэрбээр ингэж сайхан харагддаг нууц нь чухам юунд байна вэ? Францын Тэргүүн хатагтай хэзээ ч хоолны дэглэм барихаа мартагдаггүй – энэ түүний нууц.

Брижит Макрон 67 настай ч үеийнхнээсээ даруй 10-15 насаар залуу харагддаг. Мөн, тэрбээр хувцаслалтын хувьд ч нэлээдгүй “зоригтой” сонголт хийдэг. Хоолны дэглэмийн хувьд одоогийн зарим нэг хоол зүйчдийнхээр бол жаахан “хуучинсаг” гэмээр дэглэм баримталдаг.

Орчин үед мода болж олны хошуураад байгаа шүлтлэг хоол хүнс, эсхүл мацаг барих аргад донтдоггүй аж. Тэрбээр өдөр тутмын хоолны дэглэмдээ зөвхөн дор хаяж 10 төрлийн чанартай ногоо, жимс жимсгэнийг хэрэглэх дүрэм баримталдаг. Ямар ч тохиолдолд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп шиг “Fast food” буюу түргэн хоол иддэггүй аж.

Фрэнки Филлипс гэх хоол тэжээлийн мэргэжилтэн, хоол хүнс судлаач Тэргүүн хатагтайн хоолны дэглэмийг сайшаан, үнэлсэн байдаг.

Мэргэжилтний хэлснээр, өдөр тутамдаа төрөл бүрийн ногоо, жимс жимсгэнэ хэрэглэх дэглэм баримтлах нь эрүүл мэндээ хамгаалахаас гадна залуу байдлыг удаан хадгалж, уртасгадаг ач тустай ажээ.

«Өдөрт ойролцоогоор 400 грамм жимс, ногоог хоол хүнсэндээ хэрэглэдэг хүмүүс зүрх, судасны болон хорт хавдар зэрэг архаг хүнд өвчин тусах магадлал бага байдаг», – гэдгийг мэргэжилтнүүд онцолдог.

Үүнээс үүдээд, залуужуулдаг үр нөлөөтэй жимс, ногооны тусгай жор хүртэл бий болсон. Хамгийн үнэлгээ өндөртэй байгааг нь танилцуулбал:

Бууцай: Лютеинээр баялаг. Лютеин болон зеаксантин гэдэг нь антиоксидант үйлчилгээтэй бөгөөд нүдний хараанд тэжээл өгдөг, харааны чадварыг сайжруулж, нүдний торлог бүрхэвчийг үрэвсэхээс болон гэмтэхээс сайтар хамгаалдаг байгалийн гаралтай бодис.

Улаан перец: Хүчтэй антиоксидант гэж тооцогддог “С” витамин (амин дэм) болон каротин агуулдаг. “С” витамин нь хүний биеийн дархлааг бэхжүүлж, арьс үрчлээтэхээс хамгаалах хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй.

Алим: Хүний биенд хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж, арьсны уян хатан чанарыг хадгалах боломж олгодог пектины агууламж өндөртэй, хөгшрөлтийн эсрэг хамгийн алдартай жимсний нэг.

Авокадо: Витамин “Е” их хэмжээгээр агуулагддаг тул маш хүчтэй антиоксидант болодог. Хуурайшсан болон цочромтгой арьстай хүмүүсийг хоол хүнсэндээ авокадо байнга хэрэглэхийг хүнс тэжээлийн мэргэжилтнүүд цаг үргэлж зөвлөдөг.  

Брокколи: Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй антиоксидант болох кверцетинээр маш баялаг. Кверцетин бол зүрх судасны өвчинд тустай, ялангуяа артерийн судас бөглөрөхөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй. Мөн колит ба артрит өвчнөөс урьдчилан сэргийлэх маш сайн арга хэрэгсэл гэж тооцогддог.

Тиймээс, бид зөвхөн мах, гурил гэлтгүй жимс, ногоог өдөр тутмынхаа хоол хүнсэнд хэрэглэх нь эрүүл мэндэд тустайгаас гадна, наснаасаа залуу сайхан харагдах нууц болдог ажээ.

О.АНАР

(Эх сурвалж: championat.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button