Ярилцлага

Д.Отгонжаргал: Ерөнхий сайд аа, телевизийн салбарт анхаарал хандуулаач

Энэ оны гуравдугаар сард “Өргөн нэвтрүүлгийн тухай” хууль батлагдсан. Гэвч энэ хуулиар телевизийн байгууллагуудын шударга өрсөлдөөний зарчим зөрчигдөж байгаа талаар “LiveTV HD” телевизийн захирал, “Монголын арилжааны телевизүүдийн холбоо”-ны тэргүүн Д.Отгонжаргал ярьж байна.

Манай улсад өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэх лицензтэй 18 телевиз бий. Харин энэ хуулиар, эдгээр 18 телевизэд илтэд давуу байдал олгосон талаар тэр онцоллоо.


-Шинэ хуулиар жил бүр сонгон шалгаруулалт явуулж, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэх 18 телевизийн тоог нэмж ч, хасаж ч болдог болно гэж ойлгогдож байсан л даа. Та сая хуульд тийм агуулга байхгүй гэсэн нь анхаарал татлаа. Эндээс ярилцлагаа эхлэх үү?

-Тийм, хуульд тийм агуулгатай зүйл заалт байхгүй. Мөн хуулийг дагаж мөрдөх 12 журам батлагдсан, тэр дунд ч байхгүй. Өөрөөр хэлбэл “Шударгаар өрсөлдье, чаддаг нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгч болоод явъя” гэлээ ч тийм боломж одоогоор харагдахгүй байна.

-Жишээ нь “LiveTV HD” телевиз “Өргөний” стандартаа хангаад, тэр 18 телевизийн тоонд оръё гэлээ ч боломжгүй гэсэн үг үү?

-Хуульдаа ч, дагаж мөрдөх 12 журамд ч тэр, тийм зохицуулалт байхгүй. Зөвхөн шинээр телевиз байгуулах гэж байгаа, мөн тусгай зөвшөөрлөө сунгах хүсэлтэй хуулийн этгээдэд зориулсан хэдэн ерөнхий шаардлага байгаа. Анх телевизүүд төрийн өмч болох радио давтамжийг ашиглаж, эфирээ цацдаг байсан. Дараа нь нийтээр тоон технологид шилжсэний дараа радио давтамж ашиглахаа больж, 2000 оноос хойш хувийн телевизүүд маш их байгуулагдсан. Замбараагүй олон лицензийг төр өөрөө олгосон. Хэтэрхий олон телевиз байгуулагдлаа гэж шүүмжлүүлдэг ч тэд зах зээлийн зарчмаараа өрсөлдөж, зөв голдиролдоо шилжих замдаа ороод байсан юм.

Гэтэл шинэ хуулиар энэ бүх телевизүүдийг “Өргөн нэвтрүүлгийн”, “Арилжааны” зэргээр хэд хэд ангилчихсан. Энэ ангилалд л бүх учир байгаа юм л даа. Олон нийт сувгаа солиод суухдаа “Энэ өргөн нэвтрүүлгийн телевиз байна, энэ арилжааных юм байна” гэж ялгах уу?

-Үзэгчдийн хувьд тэгж ялгахгүй л дээ?

-Яг наадах чинь. Үзэгчид ялгахгүй, ижил түвшинд хүлээж авна. Гэвч хуулиар биднийг зааглачихсан. Тэгсэн мөртлөө нэг хэсэгт нь илтэд давуу эрх олгож, нөгөө хэсгийг нь зүгээр л “Дампуур” гээд тулгачихаж байгаа явдалтай бид санал нийлэхгүй байна. Энэ хүрээнд үндсэн гурван шаардлага тавьж байгаа юм.

Үүнээс гадна таны асуусан сонгон шалгаруулалтын асуудал ч анхаарал татахуйц. Өөрөөр хэлбэл, “Өргөний” шаардлагаа ч хангахгүй телевиз энэ 18 дотор байгаа. Тэгэхээр стандартаа хангасан нь өргөн нэвтрүүлгийнх болоод, чадаагүй нь арилжааны болоод явж болдоггүй юм уу гэсэн асуудлыг ч гаргаж тавьж болно.  

-Шаардлагуудаа эхнээс нь дурдаад явах уу?

-Манай “Монголын арилжааны телевизүүдийн холбоо” тавдугаар сард байгуулагдсан. Үүндээ идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг арилжааны телевизүүдээ нэгтгэж, зургадугаар сард анхны шаардлагаа Харилцаа холбооны зохицуулах хороонд тавьсан.

Нэгдүгээрт, олон суваг дамжуулагч буюу IPTV-ийн асуудал. IPTV-ийн хувьд манайд дэлхийд байхгүй жишиг үйлчилдэг л дээ. Тодруулбал, телевизүүдийн эфирийг айл гэрт хүргэдэг энэ дамжуулагч компани биднээс төлбөр авдаг. Тэгэнгүүтээ эцсийн хэрэглэгч болох үзэгчдээс бас төлбөр авна. Ингэж хоёр талаас төлбөр авдаг жишиг хаана ч байхгүй.

-Уг нь телевизүүдэд мөнгө төлөх ёстой биз дээ?

-Телевизүүдийн контентыг нэвтрүүлж буй гэдэг үүднээсээ бидэнд мөнгө өг гээд сая шинэ хуулиар зохицуулсан. Гэтэл Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар, нөгөө 18 телевиз маань IPTV-нүүдэд мөнгө өгөхгүй байх зохицуулалт орсон. Тэгсэн мөртлөө арилжааны телевизүүд нь өгнө. “Univision”, “Skymedia” зэрэг 6-7 олон суваг дамжуулагчид бид жилдээ 100 гаруй сая төгрөг төлөх болдог. Гэтэл өргөн нэвтрүүлгийн гэх тэр 18 телевиз өгөхгүй юм байна. Энэ ялгааг болиулаач ээ.

Хоёрдугаарт, хуулийн 20.5.3 дахь заалтаар IPTV-нүүдийн энэ шугамаар олж буй орлогын 15 хувиас доошгүй хэмжээг нөгөө “Өргөний” телевизүүд хувааж авна гэж заасан байгаа. Эхний хоёр жил тэнцүү хувааж аваад, дараагийн гурван жилээс рейтингээрээ ангилагдана гэж сонссон. Сардаа 1.3-1.5 тэрбум гэж сонссон, ийм мөнгийг дахиад л нөгөө 18 телевиз хувааж авах нь байна.

Харин арилжааны телевизүүдийг болохоор “Олон суваг дамжуулагчидтайгаа харилцан тохиролцоно” гээд заачихсан. Манайх жишээ нь “Univision” дээр очоод, “Харилцан тохиролцох юм байна. Орлогоосоо манайд өгөөч ээ” гэвэл лав үгүй л гэх байх.

Гуравдугаарт, сувгийн дараалалд өөрчлөлт хийсэн асуудал. Жишээ татахад, манай телевиз 19 дээр байсан, хууль батлагдсаны 29 рүү шидэгдсэн. Энэ бол маш том үр дагавар шүү дээ. Том компаниуд реклам сурталчилгаагаа эхний 20 телевизэд л өгдөг. Иймд биднийг эдийн засгийн хувьд боомилох нөхцөл үүсээд байгаа юм. Нөгөө 18 телевиз маань мөн сувгийн дарааллын хамгийн эхэнд байрших давуу эрхтэй болчихсон.

-Хавар энэ хуулийн талаар бичихээр мэдээлэл цуглуулж байхад, сая дурдсан 15 хувийн орлогыг телевизүүд хэрхэн хувааж авах нь тодорхой болоогүй, журмаар зохицуулна гэж байсан. Гэтэл өргөн нэвтрүүлгийн 18 телевиз хоорондоо хувааж авах зохицуулалт орсон юм байна. Гэхдээ энэ мөнгийг чанартай контент хийх чиглэлд зарцуулна гэж заасан санагдан байна?

-Тийм заалт байхгүй ээ. Телевизүүдийн холбоонд төвлөрөөд, тэндээсээ цааш хуваарилах зохицуулалт бий.

-Нөгөө талд, “Өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх сан” гэж Засгийн газрын тусгай сан байгуулна гэж байсан биз дээ?

-Тийм, өндөр өртөгтэй, чанартай контент хийх хүсэлтэй телевизүүд энэ сангаас санхүүжилт татах боломжтой гэсэн. Биднийг асуудал тавиад явахаар холбогдох субъектүүд “Та нар ядаж энэ сангийн мөнгийг аваад үндэсний соёл түгээх, хүүхдийг контент хий л дээ” гэж байгаа юм. Нэг удаа аваад, нэжгээд контент хийж болно. Гэхдээ энэ байгууллагын хувьд баталгаа биш шүү дээ. Бод доо, манай телевизэд өнөөдөр 23 хүн ажиллаж байна. Тэднийг цалинжуулах, байрны түрээсээ төлөх, цаашлаад IPTV-нүүдэд асар өндөр төлбөр өгөх гээд олон зардал бий. Гэтэл энэ хууль телевизүүдийг ангилаад л, нэг хэсгийнх нь толгойг илээд, мөнгөөр “угжаад” байдаг. Нөгөөгийнх нь амьдрах боломжийг боомилчихсон. Зүгээр л “Дампуур” гэчихсэн.

Бас юу гээч, төрийн байгууллагаас зарласан тендерт оролцохын тулд бас өргөн нэвтрүүлгийн телевиз байх ёстой гээд заачихсан байгаа.

-Уучлаарай, тендерт оролцоход ч бас уу?

-Тийм. Автоматаар биднийг хасчихсан. Ингээд сувгийн дарааллаар хойш шидүүлчихсэн, рекламны орлогоо алдчихсан, төрийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ хийгдэхгүй. Телевизийн салбар дээрх нэр заасан орлогуудаар л санхүүгээ босгодог. Ийм нөхцөлд үсрээд таван жил тэсэх телевиз байна уу, үгүй юу гэдэг асуудал тавигдаж байна.

Олон нийтийн зарим хэсэг “Хэдэн телевиз дампуураа л биз” гэж харах байх. Гэхдээ энэ чинь ардчиллын хувьд маш том аюул учирч буйн дохио. Монголын ард түмэн олон ургалч байдлаар, өөр өөр өнцгөөс мэдээ, мэдээллийг авч чадахаа болино гэсэн үг. “Өргөний” 18 яах юм бэ, эхнээсээ төрд худалдагдаж, албан тушаал аваад эхэлчихлээ. “Номхон” коммандаар мэдээ түгээгээд эхэллээ шүү дээ. Энэ үүднээс иргэдийн мэдэх эрхэнд ноцтой аюул учирч байгаа юм.

-Яах вэ, хэрэгтэй хэрэггүй хэт олон телевиз ажиллаж байна гэж шүүмжилдэг л дээ. Гэхдээ энэ хуулиар тэднийг зах зээлийн зарчмаараа өрсөлдөх боломжийг нь шууд хааж байгаа юм биш үү?

-Тас цохиод л хаасан.

-Та бүхэн шаардлагаа хэдэн удаа, ямар субъектүүдэд өгөөд байгаа вэ?

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хавар телевизийн байгууллагын удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр бид холбогдох асуудлуудаа ил тод ярьсан. Ерөнхий сайд “Маш сайн ойлголоо, нэгдэж нийлээд санал оруулаад ирээрэй” гэсэн агуулгатай хариулт өгсөн. Өнгөрсөн хугацаанд “Өргөний” гадна үлдсэн телевизүүд маань үнэхээр дуу хоолойгоо нэгтгэж, хүчтэй дуугарч чадаагүй асуудал бий л юм билээ.

Ингээд уг уулзалтын дараа бид холбоогоо байгуулж, хамгийн түрүүнд Харилцаа холбооны зохицуулах хороонд бичиг өгсөн. Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн.

Харилцаа холбооны зохицуулах хорооны холбогдох хүмүүстэй уулзахад “Хуульд ч, дагаж мөрдөх журмуудад ч ийм зохицуулалт алга. Тэгэхээр бодлогын баримт бичигт тусгах нэг гарц байна. ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэд ханд” гэсэн хариу өгсөн. Бид Б.Болор-Эрдэнэ даргад бичиг өгсөн, хариу ирээгүй байна.

-Хэзээ бичиг явуулсан бэ?

-Есдүгээр сард. Өөрөөр хэлбэл сүүлдээ “Ядаж бодлогын баримт бичигт тусгаж өгөөч” гэж л хүсэж байна. Цаашид IPTV-үүдийн холбоотой харилцан уулзалт хийхээр ярилцаж байна.  

-Сүүлийн хоёр жил хэвлэлийн байгууллагуудын санхүүгийн боломж улам хүндэрсэн. Хууль яг энэ агуулгаараа цаашид хэрэгжвэл танай телевизийн хувьд хэр удаан тэсэх вэ?

-Янз, янз гэж харж байна. Менемжент муутайхан  телевизүүд маргааш ч хаалгаа барьж мэднэ. Менежмент сайтай бол үлгэн салган тэсээд яваад байж болно. Үгүй, тэсдэг юм байж. Ер энэ зах зээлийг хуулиар шууд ингэж ялгавартай байдлаар зохицуулах нь шударга бус биз дээ. Ийм шударга бус зүйлтэй ер эвлэрмээргүй байна.

-Хуулийг дагаад улс төрийн хэд хэдэн ноцтой өнцгүүд уншигдаж байна л даа. Өргөн нэвтрүүлгийн телевизүүд Засгийн газрыг шүүмжлэхгүй гэдэг дээр тохирсон ч гэгдэх болсон. Эдгээрийг та хэрхэн харж байна вэ?

-Том дүр зургаараа энэ хууль улс төрийн нөлөөлөл орж батлагдсан гэдэг нь тодорхой.

Үнэхээр бидэнд бодлогын баримт бичигт тусгах гэдэг нэг боломж үлдсэн бол тусгаж өгөөч гэж л хүсэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдийн мэдэх эрхийн асуудал сөхөгдөж байгааг анзаарч байгаа бол үүнийг нэн даруй анхааралдаа аваасай. Хуулийг хэрэгжүүлэх ёстой Засгийн газар үүн дээр л ажиллаасай. Цаашлаад зах зээлээ судлалгүй, хэт лоббид автсан хууль баталсан УИХ ч хуулинд өөрчлөлт оруулах талаар ажиллах шаардлага үүсэх байх.

-Гэхдээ бодлогын баримт бичигт тусгаад хангалттай гэж үү?

-Хангалтгүй ш дээ. Бид сүүлдээ зарим нэг зүйлийг дуугүй хүлээн зөвшөөрөх болж байна.

-Ер нь сонгон шалгаруулалт хийгддэг болоод, түүгээр стандартаа хангасан нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчийн статусаа аваад явбал та бүхэн дэмжих юм уу?

-Яг үнэнийг хэлэхэд дэмжихгүй байна. Яагаад заавал адилхан зах зээлд өрсөлдөж байгаа аж, ахуйн нэгжүүдийн нэг хэсэгт нь ингэж давуу эрх олгох ёстой юм бэ. Ерөөсөө энэ хуулийн агуулга нь буруу. Сонгон шалгаруулалт боллоо, нөгөө 18-аас нэг нь хасагдаад, оронд нь нэг арилжааны телевиз орлоо гэж бодъё. Бусад нь дахиад л тойргийн гадна үлдэнэ.

-Телевизүүдийг “Өргөн нэвтрүүлгийн” гэж тусдаа стандарт тавьж, ялгадгийг контентын чанарын асуудал гэж ойлгодог. Иргэнд өгөөжтэй уран бүтээл хийдэггүй мөртлөө амьдраад л байдаг телевизүүд олон. Ийм учраас “Өргөн” болох гэж телевизүүд дотоод зохицуулалт хийх, чанаржих өрсөлдөөн явагдах нь зөв гэж хардаг?

-Телевизүүд чанаржих тал дээр дотоод зохицуулалтаа хийж өрсөлддөг, ийм зарчим руу орох ёстой л доо. Энэ олон телевизүүдэд эрх баригчид өөрсдөө л тусгай зөвшөөрөл өгсөөр ирсэн. Хавтгайруулж олгосон. Гол нь тэднийг чанаржуулахын тулд бүгдэд нь нэг шалгуур баталж, түүнийгээ сайн тавих хэрэгтэй гэж харж байна. Шалгуур бол чанга л байх хэрэгтэй. Үүний дээр, бид яг энэ голдирол руугаа орох гээд явж байсан юм. Сошиал орчин хүчээ авч, телевиз үздэг хүн ховордсон. Хүссэн хүсээгүй өрсөлдөөн бий болж байсан. Гэтэл төр ингэж зах зээлийн зарчимд хөндлөнгөөс оролцож болохгүй. Одоо “Өргөний” 18 телевиз хүссэн хүсээгүй үлдээд, бусад нь амь тавих нь байна шүү дээ.

-Танай телевиз “Өргөний” шаардлагыг хангах уу?

-Манайх заасан стандартын хүрээнд хангах бүрэн боломжтой.  Би телевизийн салбарт 18 дахь жилдээ ажиллаж байна. Нэр цохмооргүй байгаа ч тэр 18 телевиз дотор арилжааны телевизийн стандартаа ч хангахгүй нь бий. Харин арилжааны телевизүүд дотор хангаж чадах нь ч байгаа. Гэтэл “Тусгай зөвшөөрөл” гэдэг цаасаар ялгаварлаж, бүхэл бүтэн хууль баталчихлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button