СПОРТ

Гавьяат тамирчин, улсын арслан У.Мижиддорж өөд болжээ

Монгол улсын гавьяат тамирчин, Монгол улсын хүчит арслан Уламбаярын Мижиддорж тэнгэрт дэвшиж, Монгол бөхийн ертөнцөд хүнд гарз тохиолоо.

Тэрбээр Архангай аймгийн Хашаат суманд 1933 онд төрсөн, тахиа жилтэй бөгөөд бага, дунд сургуулиа нутагтаа дүүргэж, улмаар ХААДС, Намын дээд сургууль, ХЗДуСургууль тус тус төгсөж, барилдахын зэрэгцээ сумын дарга, нийслэлийн төв зах, төв цэнгэлдэх хүрээлэнгийн дарга зэргээр улс эх орондоо олон жил хариуцлагатай алба хашиж байлаа.

У.Мижиддорж нь бага балчир наснаасаа бөхийн спортыг сонирхон хичээллэсэн агаад 15 настайдаа анх сумынхаа баяр наадамд түрүүлж, 1954 онд цэрэгт байхдаа Дорноговь аймгийн баяр наадамд дархан аварга Ш.Батсуурийг өвдөг шороодуулан түрүүлж, аймгийн арслан цол авсан нь түүний амжилтын гараа байлаа.

Цэрэгт алба хаах хугацаандаа улсын баяр наадамд барилдаж эхэлсэн тэрбээр 1955 оны улсын их баяр наадамд тав даван шөвгөрч улсын начин цол, 1956 оны улсын их баяр наадамд долоо давж улсын заан цол, 1963 оны улсын их баяр наадамд найм давж үзүүрлэн улсын арслан цол хүртжээ.

Мөн 1957 онд зургаа давж шөвгөрөн өсөн нэмэх чимэг, 1958 онд тав давж өсөх чимэг, 1959 онд зургаа давж улам өрнөн өсөх чимэг, 1961 онд тав давж идэр шаламгай чимэг, 1962 онд зургаа давж үнэн хүчит чимэг, 1964 онд зургаа давж үнэн хүчит чимэг, 1965 онд зургаа давж, бат хүчит чимэг, 1966 онд тав давж бат орших чимэг, 1967 онд тав давж олныг баясгуулагч чимэг, 1968 онд зургаа давж бууршгүй хүчит чимэг, 1969 онд зургаа давсан (чимэг олгоогүй), 1972 онд тав давж манлайн дэлгэрэх чимэг, 1973 онд тав давж тод сонин чимэг, 1974 онд тав давж бууршгүй хүчит чимэг тус тус нэмсэн байна.

Тэрбээр улсын их баяр наадамд 30 гаруй жил зодоглохдоо 1 удаа үзүүрлэж, нийтдээ 17 удаа шөвгөрсөн алдарт бөх байлаа.

Хүчит арслан У.Мижиддорж нь идэр залуудаа өндөр гоолиг нуруутай, баруун талтай, суйлах, сугадаж тонгорох, шуудагнаас давуулж дэгээдэх, хөмрөх мэхийг даамгай хийдэг байжээ.

Мөн үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхөөр 97 кг, 100 кг жинд хот, нийгэмлэгийн аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа амжилттай оролцож байсан ба чөлөөт бөхийн нэгдүгээр зэргийн тамирчин юм.

Төр засгаас түүний Үндэсний бөхөд оруулсан үнэт хувь нэмэр, Төрийн их баяр наадамд 17 удаа шөвгөрсөн өндөр амжилтыг үнэлэн 2012 онд Монгол улсын гавьяат тамирчин цолоор шагнажээ.

Талийгаачийн гэгээн дүр төрх, ажилч хичээнгүй зан чанар, Монгол бөхийн түүхэнд үзүүлсэн гарамгай амжилт бид бүхний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, ахан дүүс, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button