ТОДРУУЛГА: Аутизмтай охиныг минь туслах багштай хичээлд оролцуул, эсвэл сургуулиас гарга гэсэн
Монгол од сургууль хоёрдугаар ангид дэвшин суралцах аутизмтай охиныг сургуулиас хассан тухай мэдээлэл олны анхаарлыг татав.
Аутизмыг тун товчхоноор тодорхойлбол тархины чухал үйл ажиллагаа болох гадаад ертөнцийг таньж, мэдэж, ойлгох хэсгүүд гэмтэлтэй болохыг хэлнэ.
Аутизм нь оюуны хомсдол, хэлгүй, дүлийдэл, дауны хам шинжээс ялгаатай төдийгүй сэтгэцийн эмч хүүхдийн сэтгэцийн нарийн мэргэжлийн эмчид хамгийн түрүүнд хандаж эрт илрүүлэх шаардлагатай.
Хэдий чинээ эрт оношилно, төдий чинээ тухайн хүүхдийг нийгэмшүүлэх, хэл ярианых нь хөгжлийг засах боломжтой болдог байна. Тэгэхээр аль болох хэлд орохоос нь өмнө, хэл орж байхад нь оношлоод, орчинтойгоо харилцах харьцааг нь бий болгох нь тухайн хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөөлнө. Аутизмтай хүүхдүүд гадна талдаа бие бялдрын эрүүл бус, эсвэл бие бялдрын хувьд эв эрүүл мөртлөө хүнтэй харилцах харьцааг мэдэрч чаддаггүй байх зэрэг ялгаатай байдаг байна.
Иймд бид аутизмтай охиныг ямар учир шалтгааны улмаас сургуулиас хассан талаар охины эмээ болон сургуулийн зүгээс тодрууллаа.
-ОХИН ҮРГЭЛЖЛҮҮЛЭН СУРАЛЦАХАД АУТИЗМ ӨВЧНИЙ ЯМАР ТӨРӨЛД ХАМААРАХ БОЛОН ХАРЬЯАЛАЛ ГЭХ МЭТ ОЛОН АСУУДАЛ БИЙ-
Монгол од сургуулийн зүгээс энэ талаар тодруулахад,
“Багшид хүүхдийг шууд сургуулиас нь хасах эрх мэдэл байхгүй. Ер нь аутизм хэмээх өвчин нь олон төрөл. Анги танхимд гэнэт хашхирах гэх мэт янз бүрийн үйлдэл гаргаж болно. Охины багш нэгдүгээр ангид маш сайн ажилласан. Гэхдээ охиныг цааш анги дэвшүүлэн суралцахад эмчийн магадалгаа, харьяалал буюу хамрах хүрээ, гомдол гэх мэт олон асуудал яригдана аа. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” хэмээлээ.
Түүнчлэн уг сургууль охиныг харьяаллын бус хэмээн хэлсэн. Иймд бид дахин Монгол од сургуулийг улсын өмчийнх үү хэмээн лавлахад манайх хувийн өмчийн статустай сургууль хэмээн бидэнд хариулт өгсөн юм.
-ТӨЛБӨР МӨНГӨ БҮХ ЮМ ЖИН ТАН БОЛЧИХСОН БАЙХАД ГЭНЭТ УТСААР ХОЛБОГДОН СУРГУУЛЬДАА СУРАЛЦУУЛАХГҮЙ ГЭЖ ЯРЬСАН-
Мөн Г.Сүндэръяа охины эмээ Ж.Наранхишигтэй холбогдож энэ талаар тодрууллаа.
-Охиныг сургуульд цаашид суралцах боломжгүй болсныг ямар хэлбэрээр та бүхэнд мэдээлсэн бэ?
-Лхагва гарагийн орой /2019.08.28/ хүү рүү минь бүртгэл хариуцсан багш н.Янжмаа гэх хүн утасдаж хэлсэн байна лээ. Ингэхдээ охиныг чинь сургуульдаа суралцуулахгүй, охиноос чинь болж хэд хэдэн хүүхэд ангиас нь шилжлээ гэх мэт шалтгаан хэлсэн гэсэн. Өмнөх хичээлийн жил дуусах үед ч тэр сая төлбөр мөнгө хийхэд огт , мэдэгдээгүй байж, цаг хугацаа тулсан үед ингэж ярьсан байгаа юм. Бид охиныхоо дүүг ч мөн адил эгчтэй нь нэг сургуульд явуулна гээд энэ сургуульд оруулчихсан байсан.
-Утсаар ярьсны дараа танай гэр бүлээхэн сургуулийн удирдлага холбогдох албан тушаалтнуудтай уулзсан уу?
-Маргааш нь буюу 29-ний үдээс хойш очиж, сургуулийн захирал н.Гэрэл-Од гэх бүсгүйтэй уулзсан. Хоёр цаг гаруй хугацаанд ярилцсан. Охины минь анги даасан багшид маш хүндрэлтэй байдаг. Өнгөрсөн жил тухайн багшийн үзүүлэлт маш муудсан. Хэрэв энэ жил Сүндэрээ охиныг ангидаа авбал, ажиллаж чадахгүй гэж хэлсэн гэж байгаа юм. Мөн өөр багш нарт ч хүндрэлтэй байсан учраас ийм шийдвэр гаргасан гэсэн. Тэгээд хэрэв манайд хүүхдээ суралцуулах бол охиныг минь хувийн туслах багштай хичээлд оролцуул, эсвэл сургуулиас гарга хэмээх шаардлагыг тавьсан. Энэ чинь өөрсдийнхөө ажлыг хөнгөвчилж байгаа хэрэг шүү дээ. Хэрэв бид туслах багш авах байсан бол жилийн 3,9 сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуульд суралцуулаад яахав дээ.
-ОХИНОО “МОНГОЛ ОД СУРГУУЛЬ”-Д ҮРГЭЛЖЛҮҮЛЭН СУРАЛЦУУЛАХГҮЙ, ГОМДОЛ ХҮСЭЛТЭЭ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГАД НЬ ӨГЧ ШАЛГУУЛНА-
-Одоо та бүхэн ямар шаардлагыг тавьж байгаа вэ?
-Нэгэнт ийм тэгш бус харилцаатай сургуульд охиноо үргэлжлүүлэн суралцуулахгүй. Гомдол хүсэлтээ дээшээ холбогдох мэргэжлийн байгууллагад нь өгнө. Гол нь манай охин хөнгөн хэлбэрийн аутизмтай, үүнийг мэргэжлийн эмч үзээд баталж, нотлоод энгийн хүүхдүүдтэй суралцуул, ингэвэл маш хурдан нийгэмшиж, энгийн хүүхэд шиг болно гэж зөвлөсөн. Энэ ч үүднээс хүүхдээ нэгдүгээр ангид өгөхдөө сургуулийн эрхлэгчтэй ярилцаж оруулсан. Хүмүүс ч хэлдэг энгийн хүүхдүүдтэй хамт байгаад маш их өөрчлөгдөж, нийгэмтэй хөл нийлүүлж, өөрийгөө зөв илэрхийлж чаддаг болсон байна гэдэг. Бид ч энэ жил илүү дээрдсэн юм чинь, өмнөх жилийг бодвол хамаагүй хөнгөн байх болов уу гэж бодож байсан. Бид охиноо бусад шиг онц сайн сургаад сургалтын хөтөлбөрт нийцүүлээд өг гэсэн биш. Бидэнд охин минь энгийн хүүхдүүд дунд байгаад, нийгэмтэй хөл нийлэх нь чухал байсан.
-Ангийн багш нь Г.Сүндэръяа охины аавын 2019.08.29-ний орой бичсэн нийтлэл дээр сэтгэгдлээ бичсэн байсан. Ирж уулзсангүй гээд...
-Сүндрээ маань миний ганц хүүгийн том охин. Миний хувьд ганц хүүгийнхээ охинд амь. Хүүхдүүд минь ажил төрөлтэй үед охиныхоо хичээл сургууль, ер нь бүхий л зүйлд нь анхаардаг хүн. Тийм ч учраас сургуулийн удирдлагатай тухайн өдөр нь очиж уулзаад хоёр цаг ярилцсан, өөр яах юм бэ. Утсаар ярихдаа хэд хэдэн хүүхэд ангиас нь шилжсэн гэсэн байсан. Энэ ердөө шалтаг мэт санагдсан. Сургуульдаа суралцуулахгүй л гэсэн дээ туслах багштай хичээлд нь суулга, үгүй бол сургуулиас нь гарга гэж тулгасан биз. Ядаж юм гэж наана цаанатай цаг хугацааны хувьд бололцоотой үед мэдэгдсэн бол өөр шүү дээ.
-Үнэхээр танай охиноос болж тухайн ангийн хүүхдүүд шилжсэн байна уу. Мөн та бүхэнд багшид тусалж дэмждэг байсан уу?
-Би охиныхоо ангийн эцэг эхчүүдийн фэйсбүүк группд байдаг. Тэнд бичсэн эцэг эхчүүдийн хэлж байгаагаар охиноос минь болж шилжээгүй л хэмээж байна лээ. Гэтэл багш нь ангийнхаа группт маш өөр хандлагаар бидэнд буруу өгч, хүндрэлтэй байна гэсэн байна лээ. Бид байнга тусалдаг, туслалцаа хэрэгтэйг асууж лавладаг. Тэр бүү хэл, охиныг минь анх анги дааж авсан багш нь ангиасаа хөөгөөд гаргаж байхад. Дуу хөгжмийн багш нь загнаж уйлуулсан үед ч юм яриагүй. Цэцэрлэгт байхдаа хүртэл улсын 160-р цэцэрлэгт энгийн хүүхдүүдтэй гурван жил суралцаж, сургуульд орсон хүүхэд. Хэдий сургууль цэцэрлэгийг бодвол шинэ ертөнц, илүү том орон зай ч гэлээ, охин нийгэмтэйгээ хөл нийлүүлж өмнөхөөсөө илүү дээрдэж өөр болсон байхад, өвчтэй хүүхэд гэдэг үүднээс тэгш бус хандсан.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.