Нийгмийн

ТОЙМ: Омикрон, утаа, дарга нарт “ДАРЛУУЛСАН” долоо хоног

Энэ долоо хоногт нийгэм болон улс төрийн хүрээнд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

-ОМИКРОН ГЭРЛИЙН ХУРДААР ТАРХАЖ, ДОТООДЫН ХАЛДВАРЫН 70 ХУВЬД ХҮРЭВ-

Дэлхий дахинд гэрлийн хурдаар тархаад байгаа цар тахлын Омикрон хувилбар энэ долоо хонгт манай улсад ч эрчимтэй тархлаа. Өдөртөө 100 гаруйхан халдвар бүртгэгдэж, дельта хувилбар хумигдаж байсан үе ард хоцорч сүүлийн өдрүүдэд халдварын тоо тасралтгүй өсөж байна. Сүүлийн хоёр өдөр л гэхэд 2000 гаруй тохиолдол илрэв.

Энэ бол төлбөртэй PCR шинжилгээ хийлгэж оношлогдон, бүртгэгдсэн иргэдийн тоо. Шинжилгээ өгөөгүй маш олон хүн бий. Тэдгээрийн тоог оролцуулахгүйгээр бүртгэгдсэн халдвар гэхэд л ийм өндөр байна. Гэвч омикрон мутацын давлагаа дөнгөж л эхэлж байгаа.

Эл мутацын оргил үед халдварын тоо хэд хүрэх талаар УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр хэлэхдээ “Цагаан сарын үеэр Омикрон мутацын оргил үе эхэлнэ. ДЭМБ-ын тодорхойлсноор Омикрон мутац нэг сар гарны хугацаанд үргэлжилнэ гэх тооцоо байгаа. Энэ үеэр халдварын тохиолдол 20 мянгад хүрэх эрсдэлтэй байна. Учир нь Омикрон мутац маш богино хугацаанд олон хүнд тархдаг. Тиймээс Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх, гэр бүлийн хүрээнд ёслон тэмдэглэхийг уриалж байна” хэмээсэн юм. Монголд коронавирусийн халдварын 70 орчим хувийг омикрон эзэлж байна. УИХ-ын 16 гишүүн халдвар авч, УИХ-ын дарга Г.занданшатар “Халдвар хамгааллаа сайн сахиарай" хэмээн чуулганы индрээс захиж харагдав.

-ДАРГА НАРЫН ТЭНЭГЛЭЛ ХЭРЭЭС ХЭТЭРЧ, ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИЖ ЭХЭЛЛЭЭ-

Энэ долоо хоногт утаны асуудал манай нийгмийн тенд сэдэв байлаа. Утаа, угаар, униар, тоос, тоосонцор нэмэгдэж, иргэдийн эсэргүүцэл, бухимдал нэмэгдэхтэй зэрэгцэн дарга нар нь гарч ирж, “Иргэд хямд нүүрс их түлж байгаа учраас утаа ихсээд байна”, уламжлалт зуухнаас болж утаа нэмэгдэж байна” гэх мэт “тэнэг” тайлбарууд хийж, агаарын бохирдол үүсээд буй шалтгааныг өөр өөрийнхөөрөө тайлбарлаж иргэдийнхээ тоглоом тохуу болж суух жишээтэй.

Түүнчлэн дарга нар утаа шахмал түлшнээс болоогүй пийшин зуух, ард иргэдийн арчаагүйгээс болж байгаа гэдгийг нолтохын тулд баахан олон сэтгүүлч дагуулан гэр хорооллын айлуудаар явж шалгалт хийсэн явдал хамгийн их шүүмжлэл дагуулав. Тэд нэгэн айлын гэрт орж, толгойн шийрээ буцалгаж болгох гэж түлээгүйдэхдээ ороолтоо түлсэн нэгэн айлд орж, түүнийг нь нэр бүхий мэдээллийн сайтын сэтгүүлч бүсгүй газар дээрээс нь сурвалжилж, хүний нэр төр, алдар хүндэд ноцтой халдаж, хүний эрх ноцтой зөрчлөө.  “Толгой шийр чанах гэсэн чинь шахмал түлш асдаггүй. Модны мөнгөгүй тул ороолтоо хийчихсэн юм” гэхэд “Бид хяналт шалгалт хийгээд илрүүллээ. Та яаж байгаа юм бэ” гээд нэг их том хэрэг илрүүлсэн аятай даналзав.

Үүгээр ч дууссангүй. Тавантолгой түлшийнхэн стандарт горим алдаж, зүүн үйлдвэрийнхээ түлшийг чийглэг ихтэй үйлдлэрлэж байгаа нь утаа нэмэгдэхэд нөлөөлөөд байгааг НМХГ-ын дэд дарга нь батлаад байхад л дарга нар гүрийсээр дууслаа. “Ийм зүйлээс болж утаа нэмэгдлээ. Бидний, миний буруу” гээд буруугаа хүлээчих ухамсартай дарга манай төрд алга. Утааг ард түмэнд тохох, арьсаа хамгаалж үлдэх гээд үгүй мөн үйлээ үзэж байна аа. Сүүлдээ утаа их гарч буй айлуудыг дроноор шалгана ч гэх шиг. Шахмал түлшээ гадаадад шинжлүүлнэ ч гэх шиг. Тэнэглэл хэрээс хэтэрлээ.

-МҮОНРТ ЛАМ, ХОШИН ШОГИЙН ЖҮЖИГЧИН ХОЁРООР БҮЛ НЭМЛЭЭ-

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар  “МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. Үндэсний зөвлөлийн гишүүд болох Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул тэдний оронд Н.Онон, Д.Жавзандорж нар нэр дэвшүүлсэн.

Улмаар УИХ-ын гишүүд үг хэлж, нэр дэвшигчдээс асуулт асуусны дараа Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарыг чөлөөлж, Н.Онон, Д.Жавзандорж нарыг томилох тогтоолын төслийг баталлаа.

Ингэснээр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хошин шогийн жүжигчин, лам хоёроор бүл нэмж байна.

Энэ долоо хоногт тэдний талаар шүүмжлэлүүд ч хөврөв. Жүжигчин Н.Ононг ямар шалгуураар эл зөвлөлд санал болгож байгааг гайхаж, шүүмжлэх хүн олон байна. Улмаар МАН-д үнэнчээр зүтгэж, Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажилд У.Хүрэлсүхийг дэмжиж ажилласныхаа төлөө бялуу хүртэж байна хэмээцгээж буй юм.

Чуулганы үеэр тэр хэлэхдээ:

 “Н.Онон: 30-аад жил ажиллахдаа МҮОНРТ-тэй нягт холбоотой байж ирсэн. Уран бүтээлчид гэдэг цаг наргүй ажилладаг хүмүүс. Би тухайн асуудлыг сонссон. Хоёр хэсэг хуваагдсан гэдгийг би сонссон. Аль нэг талд орно гэхээс илүү олон нийтийн эрх ашгийн төлөө л ажиллана гэж бодож байна.

Д.Жавзандорж: Н.Онон нэр дэвшигчтэй адилхан, ийм асуудалтай байгаа салбар луу очиж байгааг сонсож, мэдсэн. Би хоёр талд юу болоод байгааг мэдэхгүй байгаа учраас хариулж мэдэхгүй байна, уучлаарай. Залуу үе маань аливаа зүйлийг заавал биеэр амсаж биш наана нь ойлгож авах талаар дутмаг байгаа. Энэ тал дээр би хувь нэмрээ оруулж ажиллая гэж бодож байгаа” гэлээ.

-ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРӨӨР ЭРХЭЭ ЗӨРЧҮҮЛСЭН Н. БАТСУУРЬ АВАРГА МАЛГАЙГАА ОРХИН ЯВАВ-

Өнгөрсөн пүрэв гарагт  Монгол улс шинэ Үндсэн хуулиа тунхагласан ТҮҮХЭН өдөр тохиолоо. Өнөөгөөс 30 жилийн тэртээ буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан шинэ Үндсэн хууль батажл байсан юм. Эл өдөрт зориулж төрийн ордонд хүндэтгэлийн чуулган чуулж, Ерөнхийлөгч төрийн дээд одон медаль гардуулав.

Түүнчлэн Монгол бөхийн өргөөнд бөхийн барилдаан болсон юм. Уг барилдаанд зодоглохоор Увс аймгийн Ховд сумын харьяат бөх, Даян аварга Н.Батсуурь очсон ч МҮБХ-ноос барилдуулаагүй. Тиймээс тэрбээр эсэргүүцлээ илэрхийлж, малгайгаа үлдээгээд явсан юм.

Тэрбээр энэ талаар “Намайг цагтаа бүртгүүлээгүй гэж хүмүүс ойлгоод байх шиг байна. Цаг тухайд нь бүртгэж авахгүй болохоор нь цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн. Мөн мессэнжерээр бичсэн.

Допингийн хувьд 11 сараар эрх хассан ч ёс зүйтэй байж ард түмнээ хүндэтгэн 18 сар ухамсараараа барилдсангүй. Допингийн лабораториос Very_low буюу маш бага гарсан тамирчинаасаа асуугаарай гэсэн хариу ирсэн. Тэд надаас тодруулалгүй мэдээлсэн. Шинжилгээ авах процесс, зааврыг дагаагүйд нэг ч удаа гомдлон хариуцлагаас зугтаагүй.

Бүх шийдвэрийг хүндэтгэн зохих шийтгэлээ хүлээн авсан, шийтгэлийн хугацаанд барилдаагүй.

Өнөөдрийн хувьд Даян аварга цолоо Монгол улсын суурь хууль болох Үндсэн хуулийн өдрөөр дуудуулахаар эрхэмлэн зорьж очсон. Гэтэл ямар учраас барилдуулахгүй гэдгээ тайлбарлаж чадахгүй, хувь хүний үзэмжээр асуудалд хандсан нь бухимдаж байна. Үндсэн хуулийн өдрөөр үндсэн хуульд заасан ялгаварлуулахгүй байх эрхээ зөрчүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button