2021 онд 921 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 1365 хүүхэд хохирчээ
Улсын хэмжээнд 2021 онд насанд хүрээгүй 921 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 1365 хүүхэд гэмт хэргийн улмаас өртөж хохирсон байна.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн тоо долоон хувиар буурсан боловч хохирсон хүүхдийн тоо 16.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ оны эхний нэгдүгээр сарын байдлаар 45 хүүхэд гэмт хэрэгт холбогдож, 220 хүүхэд гэмт хэргийн улмаас өртөж хохирсон статистик үзүүлэлттэй байна.
Цагдаагийн байгууллагаас 2021 онд хүүхэд болон тэдний эцэг эх, асран хамгаалагчдын эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, тэдэнд хариу хамгааллын үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Хүүхэд хамгаалал”, “Хичээл эхэллээ” “Нуугдмал” зэрэг дөрвөн ерөнхий арга хэмжээ, 320 удаагийн хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулсан.
Цагдаагийн байгууллагад 2021 оны нэгдүгээр сараас хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо нэмэгдэж, алба хаагчид хариуцсан нутаг дэвсгэрт оршин суух эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, тэдэнд хариу үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах, сум дүүргийн хамтарсан баг, нутаг дэвсгэрийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран хүүхэд, гэр бүлд чиглэсэн ажил арга хэмжээ зохион байгуулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулан ажиллаж байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.