Б.Батцэцэг: Захиалсан нислэг цуцлагдвал газраар, Польшоор дамжуулж 27 оюутнаа татна

Украинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, Засгийн газар ээлжит бусаар, хаалттай хуралдсан. Хуралдааны дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Украинд манай 27 оюутан байна. Тэдэнтэй өчигдөр цахимаар уулзсан. 12.00 цагийн үед довтолгоо эхэлсэн, айдас түгшүүртэй байна. Нислэгүүд нь цуцлагдсан байдалтай байна. 26,27-ны нислэгт захиалга өгчихсөн байгаа. Энэ 21 суудал болно. Зардал мөнгөний асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар орууллаа. Үлдсэн зургаан оюутны асуудлыг ярина. Нисэж болохгүй бол газраар, Польшоор дамжуулж татаж авах хувилбарыг ярьж байна.
Цэргийн обьектууд руу довтолгоо хийж байгаа тухай мэдээллүүд тарж байна. Бид
цаг тутам мэдээлэл авч байна. Ямар нэг халдлагад өртсөн хүн юм уу байшин,
барилга байхгүй байна. Метроны буудалд хоргодохыг иргэддээ зөвлөж байгаа юм
байна.
Бид оюутнууддаа бичиг баримтаа байнга биедээ авч явах, нэгдэж нийлээд аюулгүй бүс рүү шилжих зөвлөмж өгч байна. Шинэ мэдээлэл бүрд тохируулж, төлөвлөгөөгөө гаргаад явна.
“Тоогоогүй” гэсэн тодорхой мэдээлэл байвал дуудлага өгч, мэдэгдэж болно. Нэг гомдол ирсэн байсан, тодруулж байна. Манай консулын газрын дарга энэ талаар мэдээлэл өгнө. Дайны хажуугаар дажин гэгчээр нэг талын мэдээлэл баримталж, олон нийтийг төөрөгдүүлэх аюултай. Хамгийн гол нь Украинд байгаа 27 оюутнаа яаралтай татах асуудалд бид төвлөрч байна.
Хэрэв бидний захиалга өгсөн 26, 27-ны нислэг цуцлагдахгүй бол түүгээр оюутнуудаа авчихна. Цуцлагдвал газраар, дор хаяж 1000 км явж татна. Иймд тов хэлэх боломж алга. Хэрэв газраар, Польшоор дамжуулж татвал визний асуудал үүснэ. Бид энэ асуудлыг ярьсан байгаа, Польшийн тал зөвшөөрч байгаа.
Украинд автобус, унаа зохицуулан бэлдсэн байгаа. Цагийн нөхцөл байдлыг харгалзана.
Нөхцөл байдал асар тодорхойгүй байлаа. 24 цагийн дотор асар хүндэрч, бүх л улсууд иргэдээ хэрхэн татаж авах тал дээр хэлэлцэж эхэллээ. Зарим улсын ҮАБЗ хуралдаж байна” гэлээ.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.