Нийгмийн

Х.Хишигжаргал: Улсын сургууль дотроо төлбөртэй анги нээж, хүүхдүүдийг ялгаварлаж байна

Ховд аймгийн ерөнхий боловсролын “Прогресс” сургууль 2021-2022 оны хичээлийн шинэ жилд зургадугаар ангидаа нэг бүлэг нэмж, сая төгрөгийн төлбөртэй анги нээжээ. Тус ангид тухайн сургуулийн үндсэн гурван бүлгээс нийтдээ 10 хүүхэд л орж, бусазд хүүхдийг харьяалал харгалзахгүй гаднаас элсүүлсэн байна. Улсын сургууль дотроо бага насны хүүхдүүдэд ялгамжтай байдлыг бий болгосныг эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сэтгэлзүйн байдал болон сургууль дээр үүсч буй асуудлуудаас үүдэн холбогдох газруудад хүсэлт гаргасан байна. Гэвч таван сарын хугацаа өнгөрөхөд хариу тайлбар өгөөгүй учраас хүсэлт гаргасан эцэг, эхчүүдийн төлөөлөл жагсаалд оролцоход хүрчээ. 

Тухайн асуудлаар иргэн Х.Хишигжаргал “11-хэн настай дөнгөж бага ангийн багшийн гараас гараад олон багш өөр өөр хичээл орж эхлэх ийм шилжилтийн үед нь гурван энгийн, нэг төлбөртэй ангитай болчихоор хүүхдүүд  сэтгэлзүйн хувьд хямралд орсон. Төлбөртэй ангийн хүүхдүүд ч эго нь өсч бусад  хүүхдүүдээс өөрийгөө илүү гэсэн байдал гаргах, хүүхдүүдийн дунд нь мөнгөтэй, мөнгөгүй гэсэн ялгаа үүссэн. Эрэгтэй хүүхдүүд нь бие биенээ дээрэлхэх, охидуудын хооронд  өрсөлдөөний байдал бий болсон. Сургуулийн зүгээс болохоор  энгийн ангиуддаа бага цагийн давтлага өгөх, шинэ багшид хувиарлах зэрэг ялгамж гаргах болсон. Эд нар 16 настай бол байж болно. Яагаад гэхээр төдий насны хүүхдүүд нэгнийхээ хүсэл зорилгыг мэддэг, бие биенээ хүлээн зөвшөөрчихсөн байдаг. Энэ учраа мэдэхгүй жаахан хүүхдүүдэд болохоор ялгаварлагдсан мэдрэмж, дутуугийн комплекс бий болчхож байна.  Тухайн шийдвэрийг гаргасан хүмүүс 2002 оны Боловсролын сайдын ... тоот тогтоол буюу сургууль дотор гүнзгийрүүлсэн сургалттай анги байж болно .... гэсэн ганц хоёр өгүүлбрийг ашиглаж энэ ийм хийсэн. Одоогийн боловсролын сайд нь хүүхдийг ангилан ялгахгүй, тэгш боловсрол олгоно гэж ярьж байхад доогуур нь хэдийнээ ангилан ялгаж, сэтгэлзүйг нь гэмтээчхээд байна” гэж ярилаа.

Ховд аймгийн “Прогресс” сургууль ЭЕШ-ын дүнгээр улсдаа эхний аравт багтдаг Монголын топ 20 ЕБС-ийн нэг юм. Өмнө нь энэ сургууль хүүхэд тус бүрээс  150 мянган төгрөг хурааж гүнзгийрүүлсэн сургалт явуулдаг байж. Харин энэ жилээс 6, 10 дугаар ангид ийм төлбөртэй анги нээсэн байна. 

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button