Цэцэрлэгийн газраа булаалгасан 1000 хүүхдийн эцэг, эх суулт зарлана

Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны эцэг эхчүүд хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ муу, хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадахгүй байгаа болон газрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа зэрэг асуудлаар олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.
Тухайлбал, эцэг эхчүүдийн төлөөлөл хэлэхдээ: "Газрыг цэцэрлэг барих зориулалтаар ашиглах шаардлага хүргүүлэхэд хүлээж авдаггүй хэрнээ өөр үйлчилгээний газар, орон сууц барихыг нь зөвшөөрч газар олгодог. Үүнээс үүдээд хүүхдийн эрх зөрчигдөж, эрүүл аюулгүй орчинд амьдарч чадахгүй байдал үүсдэгээс гадна гэртэйгээ ойрхон цэцэрлэгт ч хамрагдаж чадахгүйд хүрч байна. Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд цэцэрлэгийн насны 3000 орчим хүүхдүүд амьдардаг ч нэг ч улсын цэцэрлэггүй. Өчигдөр буюу тавдугаар сарын наймны өдөр тус хорооны хоёр хүүхэд авто машины осолд орсон. Энэ бол хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах,цаашлаад амьд явах эрх зөрчигдөж байгаа харамсалтай жишээ. Иймд холбогдох байгууллагууд хариуцлагатай ажиллах шаардлагатай байна" гэлээ.
Эцэг эхчүүд дараах гурван шаардлагыг Нийслэлийн мэргэжлийн хяналт, Хот төлөвлөлтийн газраас шаардаж байгаа аж. Тодруулбал,
- Шаардлага хангаагүй барилгын зөвшөөрлийг цуцлах
- Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд улсын цэцэрлэг барих
- Судалгаа, төлөвлөгөөгүй чанарын шаардлага хангаагүй барилгуудад зөвшөөрөл олгодог байдлыг халах
Тус шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд эцэх эхчүүд суулт зарлаж, тухайн хууль бус ашгийн төлөө компаниудыг шүүхэд өгөхөө мэдэгдлээ.
М.БАТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.