ДЭЛХИЙ

“Al Jazeera”-ийн сэтгүүлч эмэгтэй зэвсэгт мөргөлдөөн сурвалжилж байгаад амиа алджээ

Катарын нийслэл Дохад байрладаг олон улсын “Аль-Жазира” /Al Jazeera/ сувгийн сэтгүүлч Ширин Абу Акле Иорданы баруун эрэгт Израилийн аюулгүй байдлын хүчин болон палестинчуудын хооронд гарсан зэвсэгт мөргөлдөөнийг сурвалжилж байх үеэрээ буудуулан амиа алдсан талаар гадаадын болон Ойрхи Дорнодын хэвлэлүүд онцолжээ.

Хэвлэлүүдийн мэдээлснээр, Ойрхи Дорнодын мөргөлдөөнийг хэдэн арван жил сурвалжилсан 51 настай байсан сэтгүүлч Ширин Абу Акле нь лхагва гараг /2022.05.11/-ийн өглөө толгойн тус газраа буудуулж, эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй нас барсан юм. 

Абу Акле нь “Хэвлэл” /Press/ гэсэн бичигтэй хэвлэл мэдээллийнхэнд зориулсан тусгай хантааз өмссөн байсныг хэвлэлүүд онцолжээ. Түүнээс гадна, өөр нэг сэтгүүлч шархдаж, эмнэлэгт байгаа ба биеийн байдал нь тогтвортой байгаа аж.

Израилийн цэргүүд Женин хотын ойролцоохон сэтгүүлчид рүү гал нээсэн талаар “Аль-Жазира” суваг Палестины эрх баригчдыг эш татан мэдээлжээ. Сувгийн удирдлага, хамт олон нь талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, Ширин Абу Аклегийн мэргэжлийн ур чадвар, тэсвэр тэвчээрийг онцгойлон тэмдэглэжээ.

Харин Израилийн зэвсэгт хүчний төлөөлөгч, бригадын генерал Ран Кохав Израилийн “Kan” радио станцад хэлэхдээ, Израилийн цэргүүд Абу Аклег буудаагүй хэмээсэн байна. “Израилийн цэргүүд сэтгүүлч эмэгтэйг хороосон гэж бодохгүй байна. Бид Палестины талд эл хэргийн талаар хамтарсан мөрдөн шалгах ажиллагааг яаралтай эхлүүлэхийг санал болгосон. Хэрэв үнэхээр манай цэргүүд амийг нь хөнөөсөн бол бид хариуцлага хүлээх болно. Гэсэн ч, манай цэргүүд хөнөөгөөгүй гэдэгт итгэж байна” хэмээн Кохав тайлбар өгсөн байна.

Гэсэн ч, Израилийн “The Jerusalem Post” сонинд өгсөн ярилцлагадаа мөн тэрбээр Палестинчууд Израильтай хамтарсан мөрдөн байцаалт явуулахаас татгалзсан гэлээ.

Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннет мэдэгдэхдээ, Палестины удирдагч Махмуд Аббас Израилийн талыг “баттай нотлох баримтгүйгээр” буруутгаж байна хэмээн зэмлэв.

Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 12, 2022 20:13

Албаар буудсан байна.

Холбоотой мэдээ

Back to top button