ВИДЕО МЭДЭЭСПОРТЯРИЛЦЛАГА

“Япончууд цагаан хуудсаар эмэгтэй багаа оролцуулбал бид чансаагаараа Токиогийн олимпын эрх шууд авна”

Монголчууд багийн спортын төрлөөр олимпын эрх авах, тэр ч бүү хэл медаль хүртэх бүрэн боломжтойг сагсан бөмбөгчдийн амжилтаас бэлхнээ харж болно. 2017 онд сагсан бөмбөгийн 3х3 төрөл Токиогийн олимпын хөтөлбөрт албан ёсоор багтсан нь Монголын тамирчдад томоохон боломж олгосон юм.

Одоогоос дөрвөн жилийн өмнөөс энэ төрлөөр хичээллэж эхэлсэн манай тамирчид мэргэжлийн дэвжээнд гуравхан жил өрсөлдөөд өдгөө чансаагаараа дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байгаа нь гадаадынхны анхаарлыг их татдаг юм билээ. Монголын сагсан бөмбөгийн спортын өнгийг тодорхойлж, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа бахдам амжилтын эзэд бол  “Улаанбаатар ММС Энержи” багийнхан.

Тэд зөвхөн насанд хүрэгчдийн ангилалд л гэхэд ДАШТ-д өрсөлдөхдөө шилдэг наймд шалгарч, Азийн АШТ-ий аваргын төлөө гурван удаа тоглон, дэлхийн гран прид түрүүлсэн Азийн анхны баг болж, чансаа, нэр хүндээрээ олимп, ДАШТ-ий дараа эрэмбэтэй “Их дуулга” ангиллын тэмцээнд оролцоод амжив.

Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар, Д.Дэлгэрням, А.Ананд нарын бүрэлдэхүүнтэй “Улаанбаатар ММС Энержи” багийнхан хэдхэн хоногийн өмнө БНСУ-д зохион байгуулсан дэлхийн гран прид түрүүлж, Монголоос төдийгүй Ази тивээс анхдагч болсон. Тус тэмцээний MVP буюу шилдэг тамирчнаар Д.Дэлгэрням тодорч, баяр дээр баяр нэмсэн юм.

Богино хугацаанд мэргэжлийн дэвжээнд шуугиулж, багийн спортын төрлөөр Монголоос анх удаа олимпын эрх авахад ойрхон яваа “Улаанбаатар ММС Энержи” багийнхантай ярилцлаа. Тэднийг “Орчлон” сургууль дээр бэлтгэл хийх үеэр нь ярилцлага авахаар цаг товлосон юм. Биднийг өчигдөр очиход тус багийн лидер Э.Дөлгөөн хүндэтгэх шалтгааны улмаас ирж чадаагүй. Мөн А.Ананд дэлхийн элсний анхдугаар наадамд оролцохоор Катарыг зорьсон байлаа.

Ингээд бид Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн өнөөгийн хөгжил, олимпын эрх авах боломж манай багийнханд хэр байгаа, тэдний амжилтын нууц зэрэг олон сэдвээр ярилцсанаа уншигч та бүхэнд сонирхуулъя.

Дэлхийн гран прид Ази тивээс анх удаа түрүүлсэн “Улаанбаатар ММС Энержи” багийнхантай ярилцлаа

“Япончууд цагаан хуудсаар эмэгтэй багаа оролцуулбал бид чансаагаараа Токиогийн олимпын эрх шууд авна”

Posted by Mongol Mgl on Friday, October 11, 2019

ДЭЛХИЙН ГРАН ПРИД ТҮРҮҮЛСЭН АЗИЙН АНХНЫ БАГ “УЛААНБААТАР ММС ЭНЕРЖИ”

-Юуны өмнө дэлхийн гран прид түрүүлсэн Азийн анхны баг болсон та бүхэнд баяр хүргэе.

Д.Дэлгэрням (Д.Д):- Баярлалаа. Манай багийнхан 2016 онд бүрдэн, Азийн элсний наадамд оролцсоноосоо хойш олон улсын тэмцээнд өрсөлдөж байна. Бид ер нь 2017 оны дөрөвдүгээр сараас хойш мэргэжлийн дэвжээнд хүч сорьж байгаа. Энэ он олимпын өмнөх жил. Тэр хэрээр тэмцээн бүхэн, амжилт бүхэн, олимпын эрхийн оноо бүхэн чухал.  Тиймээс бид Токиогийн олимпын эрх авахын төлөө бүхнээ дайчилж байгаа. Бид энэ жилийн 10 дахь дэлхийн гран придээ сая өрсөлдлөө. Жежүгийн дэлхийн гран при энэ оны сүүлчийнх. Тус тэмцээнд түрүүлсэн Азийн анхны баг болсондоо баяртай байна.

Э.Цэрэнбаатар (Э.Ц):- Манай багийн тамирчин Г.Цэнгүүнбаяр бэртлээс эргэн ирж, оролцсон нь Жежүгийн гран пригийн бас нэг онцлог байлаа. Бид чансаагаараа долдугаарт эрэмбэлэгдэн, “Земун”, “Пиран” зэрэг дэлхийн олон шилдэг багтай нэг хэсэгт багтсан юм. Энэ амжилтад хүрэхийн тулд бид олон жил хөдөлмөрлөж, багаараа зүтгэсэн. Зөвхөн бидний бус олон хүний амжилт юм шүү.

-Г.Цэнгүүнбаяр бэртлийн улмаас дөрвөн сараас хойш талбайд гараагүй байсан. Одоо бэртэл нь бүрэн эдгэсэн үү?

-Бид энэ оны тавдугаар сард болсон Азийн АШТ-д оролцохоор бэлтгэл хийж байтал тэмцээн болохоос гурван хоногийн өмнө миний хөл бэртсэн. Тэрнээс хойш бэртлээ эдгээн, ямар нэгэн тэмцээнд ер оролцоогүй байж байгаад Жежүгийн дэлхийн гран прид өрсөлдлөө. Дөрвөн сар гаруй талбайд гараагүй байсан болохоор том тэмцээнд оролцох амаргүй байлаа.

Г.ЦЭНГҮҮНБАЯР: ДЭЛХИЙН ГРАН ПРИД ОРОЛЦОХООР ГЭНЭТ ШИЙДСЭН

-А.Ананд залуучуудын ДАШТ-д оролцохоор болсон тул таныг Жежүгийн дэлхийн гран прид өрсөлдүүлэхээр гэнэт шийдсэн гэж сонссон. Үнэн үү?

-Үнээн. Намайг бэртсэний дараа манай баг А.Анандаар хүчээ сэлбэсэн. 23 хүртэлх насны ДАШТ, Жежүгийн дэлхийн гран при хоёр өөр оронд зэрэг боллоо. Уг нь манай багийнхан тус гран прид оролцохгүй гэж бодож байсан юм. Гэтэл Сербийн “Лиман” багийнхан тэмцээнээс нэрээ татан, өрсөлдөх боломж бидэнд бүрдлээ. Тэгээд манай багийнхан Жежүгийн гран прид хүч сорихоор гэнэт шийдэв. А.Ананд залуучуудын ДАШТ-д оролцох болсон тул багтаа хүчин зүтгэх боломжгүй байлаа. Тухайн үед С.Тулга дасгалжуулагч надтай уулзан “Хөлнийх нь бэртэл хэр байна, оролцох уу” гэсэн. Тэгэхээр нь би бэлтгэл хийгээд үзтэл болмоор санагдав. Тэгээд л Жежүгийн дэлхийн гран прид гэнэт өрсөлдсөн юм.

 -Д.Дэлгэрням Жежүгийн дэлхийн гран пригийн шилдэг тамирчин болсон. Дэлхийн шилдгүүдээс ур чадвараараа ялгарна гэдэг яах аргагүй бахдам амжилт. Та энэ жил Азийн АШТий бэлэгдлийн гурван тоглогчийн нэгээр тодорсон шүү дээ.

-Би ганцаараа мундаг байгаад шилдэг болоогүй. Багаараа шилдэг байсан болохоор, бүгд ялахын төлөө бүхнээ дайчилсан болохоор надад энэ шагналыг өгсөн байх. Бид дэлхийн топ багийн хэмжээнд өрсөлдөж байгаа. Манай багийнхан өрсөлдөгч багуудаасаа үргэлж суралцдаг. Энэ нь бидний өнөөгийн амжилтад тодорхой хэмжээнд нөлөөлдөг байх.

-Та бүхэн түрүүлэхдээ Сербийн “Земун”, “Пиран” зэрэг олон шилдэг багийг хожсон. Хамгийн өрсөлдөөнтэй, хүнд тоглолт аль нь байв?

Г.Цэнгүүнбаяр (Г.Ц):- Өө, ер нь бүгд адилхан даа, маш өрсөлдөөнтэй тоглолт болсон. Миний хувьд хамгийн эн тэнцүү өрсөлдсөн нь “Земун” багийнхан. Бид тэдэнтэй шөвгийн наймд учраа таарсан. Тоглолтын эхнээс “Земун”-чүүд илүүрхэн, бид оноо дутуу эхэлсэн юм. Миний бэртэл бүрэн эдгээгүй болохоор өрсөлдөгчөө сайн хамгаалж чадахгүй байв. Тэглээ гээд бид бууж өгөөгүй. Эцсийн мөч хүртэл бие биенээ нөхөн, тэмцсэний хүчинд хожлоо. Бид сүүлийн 10 секундэд хожлын бөмбөг оруулаад хагас шигшээд шалгарсан юм.

БИД БАГАА 2016 ОНД БҮРДҮҮЛСЭН

“Улаанбаатар ММС Энержи” бол 3х3 төрлийн мэргэжлийн Монголын анхны баг. Манай улсад 3х3 төрөл дөнгөж хөгжиж эхлэхэд багаа анх бүрдүүлсэн дурсамжаасаа хуваалцана уу?

Д.Д:- Энэ асуултад хариулахынхаа өмнө товчхон түүх ярья. Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр олон улсын тэмцээнд анх удаа оролцсон тамирчид бол Ш.Сэдбазар ах, О.Сэргэлэн бид гурав. Бид 2012 онд Азийн элсний наадамд өрсөлдөн, анхдагч болохдоо гуравдугаар байрт шалгарсан. Тухайн үед 3х3 төрлийн талаар тодорхой мэдлэг, төсөөлөл байгаагүй ээ, юуг нь нуух вэ. Ямар сайндаа элсний наадам гэхээр нь элсэн дээр л тоглох юм байх гэж бодоод очиж билээ. Дараа нь 2014 онд болсон Азийн элсний наадамд Сэдээ ах, О.Сэргэлэн, Батбямба бид дөрөв оролцоод V байрт шалгарсан. “Улаанбаатар ММС Энержи” багийг анх бүрдүүлж, биднийг нэгтгэсэн гавьяатан бол С.Тулга дасгалжуулагч. Анх манай багт Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Нямбаяр бид дөрөв байсан юм.  

Э.Ц:- 2016 онд Азийн элсний наадамд анх оролцоод мөнгөн медаль хүртсэн нь бидний анхны амжилт. Тус наадмын үеэр Олон улсын 3х3 холбооны нэг томооохон төлөөлөгч бидэнтэй уулзаад “3х3 төрөлд амжилт гаргах ирээдүй та нарт байна. Мэргэжлийн тэмцээнд оролцоорой” гэж зөвлөсөн юм. Тэгээд дараа нь 2017 оны дөрөвдүгээр сард БНХАУ-д болсон нэгэн тэмцээнд өрсөлдөх эрх өгсөн нь бидний амжилтын үүдийг нээсэн. Тэгэхэд бид багтаа Э.Дөлгөөнийг аван, дөрвүүлээ мэргэжлийн анхныхаа тэмцээнд хүч сориод гуравдугаар байрт орсон түүхтэй. Тэгэхдээ бид “Их дуулга” ангиллын тэмцээнд өрсөлдөх эрх Ази тивээс анх удаа авсан юм. Түүнээс хойш манай багийнхан мэргэжлийн дэвжээнд гурав дахь жилдээ өрсөлдөж байна.

Г.Ц:- Бид “Их дуулга”-д анх өрсөлдөхдөө дөрөвдүгээр байрт шалгарсандаа үнэхээр урамшсан. Дараа нь танхимын болон тулааны Азийн наадмаас хүрэл медаль авсан. Бидний гаргаж буй амжилтыг үнэлэн 2016 оны аравдугаар сард Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрх өгсөн юм. Монгол Улсад анх удаа зохион байгуулсан Азийн номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд бид түрүүлж, анхдагч болсон. Тэр жил бид тус тэмцээнээс алтан медаль авсан Азийн анхны баг болсноо үргэлж дурсах дуртай.

БИД МЭРГЭЖЛИЙН ДЭВЖЭЭНД ГУРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ ӨРСӨЛДӨЖ БАЙНА

-Сагсан бөмбөгийн 3х3, 5х5 төрөл хоорондоо ялгаатай, дүрэм нь тэс өөр. Дүрмэнд нь дасахад хамгийн хэцүү нь юу байв?

Д.Д:- Өмнө нь Азийн хоёр ч элсний наадамд оролцоод үзчихсэн байсан тул харьцангүй туршлагатай байсаан. Дүрмэнд нь ч нэлээд дасчихсан, сурчихсан байсан л даа.

Э.Ц:- 5×5 төрөлд нуруулаг, хурдан, маш ур чадвартай байх шаардлагатай. 3×3 төрөлд заавал тийм байх шаардлагагүй. Дундаж нуруутай, хамгаалалдаа сайн байхад илүү ашигтай. Энэ хэрээр 3×3 төрөл монголчуудад илүү тохирдог.

Д.Д:- Зарим хүн энэ хоёр төрлийг хооронд нь их харьцуулдаг. Битгий тэгээсэй. Тоглолт, талбай, дүрэм гээд олон зүйлээрээ хоорондоо өөр шүү дээ. Биднийг зүгээр л байгаагаар минь хүлээж аваасай.

Г.Ц:- Сүүлийн жилүүдэд Монголд 3×3 төрөл өндөр хөгжиж байгаа. Байгууллагууд хүртэл эл төрлөөр тэмцээн зохиодог болсон байна лээ. Бид Токиогийн олимпын эрх авахын төлөө зөвхөн урагшаа хараад л зүтгэсэн. Монголд болж байгаа зарим тэмцээнд оролцож үнэндээ амждаггүй. Шахуу хуваарийн дагуу л хөдөлмөрлөөд байна, бид.

Ч.ОВНИК “АЗИДАА ХАМГИЙН ШИЛДЭГ НЬ УЛААНБААТАР ММС ЭНЕРЖИ” БАГИЙНХАН ГЭЖ ОНЦОЛСОН

-Монголын сагсан бөмбөгчид гэхээр бусад орныхон хэрхэн хүлээж авдаг вэ. Манайхны ур чадвар, амжилтыг хэрхэн дүгнэдэг бол?

Г.Ц:- Наймдугаар сард БНСУ-ын Инже хотод болсон дэлхийн гран прид манай баг гуравдугаар байр эзэлсэн. Тус тэмцээнд түрүүлсэн “Пиран” багийн тамирчин Ч.Овникоос БНСУ-ын сэтгүүлч ярилцлага авахад “Азидаа хамгийн шилдэг нь мэдээж Монголын “Улаанбаатар ММС Энержи”. Би өмнө нь 5х5 төрлөөр монголчууд хэр тоглодгийг мэддэггүй байсан. Гэтэл 3х3 төрлөөр энэ баг Монголыг дэлхийд шууд таниулсан. Солонгосын мэргэжлийн багууд сайжирья гэвэл тэднээс суралцах хэрэгтэй” гэж ярьсан байна лээ.

Сагсан бөмбөгийн спортоор монголчууд дэлхийн хэмжээнд эн тэнцүү өрсөлдөнө гээд төсөөлөхөд ч бэрх байсан цаг саяхан. Та бүхний амжилтын нууц юу вэ?

Д.Д:- Тоглолтын хувьд илүү хүчтэй. Бид хүчтэй хамгаалахыг чухалчилдаг. Мэдээж олон хувилбараар довтолдог. Үүний сацуу бидний амжилтын нууц бол ерөөсөө арыг маань даадаг хүмүүс, байгууллагууд. Биднийг үргэлж дэмждэг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбоо, “MCS coca cola” компани, “Энержи ресурс”, “Юнител” зэрэг олон байгууллага, монгол түмэндээ, гэр бүлийнхэн, найз нөхөддөө баярлаж явдаг. Ийм олон тэмцээн оролцох, тогтмол бэлтгэл хийхэд тэд үргэлж тусладаг. Түүнээс биш бор зүрхээрээ зүтгээд өнөөгийн амжилтыг гаргаж чадахгүй шүү дээ.

“ЭНЕРЖИ РЕСУРС” КОМПАНИ МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГЧДИЙГ КЛУБИЙН СИСТЕМД ШИЛЖҮҮЛЖ, ЦОГЦООР НЬ ХӨГЖҮҮЛЭХЭЭР ЗОРЬЖ БАЙГААД БАЯРЛАДАГ

Тэмцээнд оролцох бүх зардлыг нь ивээн тэтгэгч байгууллагууд нь даадаг уу. Заримыг нь хувиасаа гаргадаг уу?

Э.Ц:- Биднийг анхандаа Мягмаржав захиралтай “MSC Coca Cola” компани дангаараа дэмждэг байлаа. Одоо Монгол Улс 3×3 төрөлд нас, насны ангиллын олон багтай болсон. Тэгэхээр ийм олон тамирчдыг ганцхан байгууллага ивээн тэтгэж, амжилт гаргах бүхий л боломжоор нь хангах амаргүй. Энэ жилээс биднийг “Энержи ресурс” компани давхар ивээн тэтгэж байгаа. Тиймээс бид багийнхаа нэрийг “Улаанбаатар ММС Энержи” гэж өөрчилсөн юм. “Энержи ресурс” зөвхөн биднийг бус Монголын сагсан бөмбөгийн 3×3 төрлийн тамирчдыг клубийн системд шилжүүлж, бүр цогцоор нь хөгжүүлэхээр зорьж яваад баярладаг.

БИД ТАВУУЛАА ТОГЛОЛТЫН ӨӨР ХЭВ МАЯГТАЙ, ҮҮГЭЭРЭЭ БИЕНЭЭ НӨХДӨГ

-Багийн спортод тамирчин бүхний оролцох, үүрэг чухал. Бие биенийхээ тоглолтын ур чадвар, хувь хүний онцлогийг тодорхойлохгүй юу?

Д.Д:-Бид 2016 оноос хойш хамт тоглож буйгаа түрүүн хэлсэн. Тавуулаа таван өөр зан ааштай, тоглолтын хэв маягтай. Үүгээрээ биенээ нөхөж чаддаг. Зарим нь сэтгэлийн хөөрөлтэй байхад бусад нь их тайван гэх мэт. Одоо бие биентэйгээ харцаараа ойлголцдог болсон. Ямар шийдвэр гаргах, юу хэлэх гэж буйг нь царайных нь хувирлаас хараад л шууд мэднэ.

Г.Ц:-Энэ жилээс манай баг А.Анандаар хүчээ зузаатган, тавуулаа болсон. Ер нь энэ жил хүртэл дөрвүүлээ зүтгэж байсан юм. Бид талбай дээр төдийгүй амьдрал дээр дотно найзууд. Д.Дэлгэрням манай багийн гол хүч, төвийн байрлалд зүтгэж байгааг нь харах урамтай. Э.Цэрэнбаатар самбараас бөмбөг авах, хамгаалалтын ноён нуруу. Э.Дөлгөөн маш дайчин, тэмцэгч, шийдэмгүй байж, тоглолтын төгсгөлийг сайн хийж чаддаг. А.Ананд дүүд маань их ирээдүй бий. Тэрбээр энэ жилээс шууд мэргэжлийн түвшинд тоглож байгаа болохоор анхандаа туршлага дутах зүйл гаралгүй яах вэ. Одоо ёстой мундаг байгаа.

Э.Ц:-Багийн ахлагч Д.Дэлгэрнямтай санал нэг байна. Бид биенээ сайн мэднэ, маш сайн ойлгодог. Хүмүүс бидний амжилтын нууцын талаар их асуудаг. Бүгд зөв бодолтой, амжилтын төлөө нэгэн зүгт харж чаддаг, зорилгынхоо төлөө хэзээ ч бууж өгдөггүй, тууштай нь бидний амжилтын нууц.

Ямар ч шилдэг баг, мундаг тамирчны амжилт дасгалжуулагчаас хамаардаг. Дасгалжуулагчийнхаа тухай ярина уу?

Г.Ц:-Ярилцлагадаа дурдахгүй өнгөрч болохгүй эрхэм хүн бол С.Тулга дасгалжуулагч. Манай багийг зангидан, тэрэнтэй ингэж, энэнтэй тэгж тоглоно гээд бүх хувилбарыг боловсруулдаг. Ер нь нас насны ангиллын багууд өөр, өөр дасгалжуулагчтай. 23 хүртэлх насныхныг Ундрах, Лхагваа, 18 хүртэлх насныхныг Төгсжаргал дасгалжуулдаг. С.Тулга дасгалжуулагч мэргэжлийн хоёр багаа (“Архангай тайхар”, “Улаанбаатар ММС Энержи”) дасгалжуулдаг юм.

БИД АМЖИЛТ ГАРГАН, ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ДЭЛХИЙН ДУУРСГАХЫН ТӨЛӨӨ Л ТЭМЦЭЭНД ОРОЛЦДОГ

Сагсан бөмбөгийн спортоор мэргэжлийн хэмжээнд анхдагч нь та бүхэн. Анхны тодотголтой олон амжилтыг гаргаж яваа. Заримдаа өөрсдөөрөө бахархмаар санагддаг байх.

Д.Д:-Бусдад бахархуулья гэж бус амжилт гарган, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгахын төлөө л тэмцээнд оролцдог. Тиймээс бид багийнхаа нэрэнд Улаанбаатараа оруулсан юм. Бусад орныхон биднийг хараад хэзээ ч Монголын тамирчин Цэрэнбаатар, Дөлгөөн, Цэнгүүнбаяр, Ананд гэдэггүй. Монголын “Улаанбаатар” багийнхан явж байна л гэдэг. Тэр утгаараа бид Улаанбаатар хотынхоо нэрийг дэлхийд тодорхой хэмжээнд таниулж чадсан.

БИД ОЛИМПОД ОРОЛЦОХ БОЛЗЛОО ХАНГАСАН, ОДОО БҮХ ЗҮЙЛ ЯПОНЧУУДААС ШАЛТГААЛНА

Монголчууд сагсан бөмбөгийн спортоор олимпын наадамд оролцоход ойрхон байгаа. Та бүхнийг Токиогийн олимпын эрх аваасай гэж монгол түмэн дээлийнх нь захыг мушгиж суудаг. Одоогоор та бүхэн дэлхийд чансаагаараа дөрөвдүгээрт эрэмбэлэгдэн, “Токио-2020ийн эрхийн болзол хангасан. Тэгэхээр одоо бүх зүйл япончуудаас шалтгаална гэсэн үг үү?

Г.Ц:-Тийм ээ. Сагсан бөмбөгийн 3×3 төрлийн энэ жилийн улирал арваннэгдүгээр сарын 2-нд дуусна. Риогоос Токиогийн олимпын мөчлөгт цугуулсан оноогоороо олимпын эрх авсан эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн багийн нэр арваннэгдүгээр сарын 4-нд тодрох учиртай. Бид одоогоор дэлхийд чансаагаараа дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн, ардаа яваа багуудаас оноогоор нэлээд илүү яваа. Тэгэхээр энэ жилийн улирал дуустал арын багтаа гүйцэгдэх магадлал бага. Чансаагаараа дэлхийд тэргүүлсэн эхний дөрвөн баг олимпын эрх шууд авна.

Д.Д:-Япон Улс Токиогийн олимпыг эх орондоо зохион байгуулах давуу эрх эдлэн цагаан хуудсаар эрэгтэй, эмэгтэй багийнхаа аль нэгийг нь шууд оролцуулна. Одоогоор эрэгтэй багаа “Токио-2020” өрсөлдүүлэх магадлал өндөр байгаа, цагаан хуудсаар. Тэгэхээр бид автоматаар V руу шидэгдэн, олимпын эрхээс мултарна гэсэн үг.

Э.Ц:-Ер нь магадлалын хувьд япончууд эрэгтэйчүүдийн багаа цагаан хуудсаар оролцуулах магадлал өндөр. Учир нь Олон улсын олимпын хорооны дүрмэнд “Чансаа өндөртай байгаа багаа цагаан хуудсаар оролцуулна” гэж тусгасан юм билээ. Чансаагаараа Японы эрэгтэйчүүдийн баг дэлхийд наймд, эмэгтэйчүүд нь 11-т эрэмбэлэгдэж байгаа. Хэрвээ япончууд эрэгтэй багаа цагаан хуудсаар оролцуулах болвол тэдэнтэй хамт чансаагаараа дэлхийд эхний гуравт яваа БНХАУ, ОХУ, Сербийн сагсан бөмбөгчид олимпын эрх өвөртөлнө.

Д.Д:-Уг нь нэг тивээс хоёр баг олимпын эрх авах боломжтой. 2020 оны олимпыг Азиас өөр тивийнд оронд зохион байгуулах байсан бол бид Токиогийн олимпын эрх шууд авах байсан юм.

БИД ХОЁР Ч ТЭМЦЭЭНЭЭС ОЛИМПЫН ЭРХ АВАХ БОЛОМЖТОЙ

Хэрвээ япончууд эрэгтэй багаа цагаан хуудсаар оролцуулахаар шийдвэл бидэнд өөр ямар боломж байгаа вэ. Токиогийн олимпын эрх олгох хэдэн тэмцээн болох вэ?

Г.Ц:– 2020 оны гуравдугаар сард 20 багийн дунд эрх олгох тэмцээн болно. Тус тэмцээнээс медаль авбал олимпын эрх авах боломжтой. Дараа нь буюу дөрөвдүгээр сард олимпын эрх олгох бас нэгэн тэмцээнийг зохион байгуулна. Тус тэмцээнд түрүүлбэл Токиогийн олимпын эрх өвөртөлнө. Тэгэхээр хэрвээ бид чансаагаараа олимпын эрх авч чадахгүй бол дээрх хоёр тэмцээнээс “Токио-2020”-ийг зорих эрхээ авах боломжтой.

Та бүхэн сая Жежүгийн дэлхийн гран прид түрүүлэхдээ Саудын Арабын “Их дуулга” ангиллын тэмцээнд оролцох эрх авсан. Тус тэмцээнийг хэзээ зорих вэ?

Д.Д:- Тус тэмцээн энэ жилийн хамгийн сүүлчийн “Их дуулга”. Одоо бид олимпын оноогоо хангалттай цуглуулсан, чансаагаараа бидний ард буюу V-д яваа АНУ-ын сагсан бөмбөгчид энэ жилийн улирал дуустал биднийг гүйцэх магадлал бага. Бид өөрсдөөс шалтгаалах бүхнээ хийсэн. “Их дуулга”-ын 11 цувралд хамгийн өндөр амжилт гаргасан 12 баг оны сүүлд зохион байгуулах “Финал” тэмцээнд оролцох эрх өвөртөлдөг. Бидний оролцох эрх аваагүй тэмцээний нэг нь “Финал”. Саудын Арабад болох “Их дуулга”-д Монголоос манай багаас гадна “Архангай тайхар”-ын сагсан бөмбөгчид өрсөлдөнө.

Г.Ц:- Манай багийн А.Ананд залуучуудын ДАШТ-д оролцсон тамирчдынхаа хамт дэлхийн элсний наадамд өрсөлдөхөөр Катарыг зорьсон. Тус тэмцээн энэ сарын  16-нд дуусна. Тэгэхээр “Их дуулга”-д бидэнтэй хамт оролцож амжих эсэх эргэлзээтэй. Бид энэ сарын 15-нд Саудын Арабыг зорино. Мэдээж өндөр амжилт гарган, “Финал”-д оролцох эрх авахын төлөө бүхнээ дайчилна.

Б.БУЯНДАЛАЙ

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ С.БОРГИЛ

Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close