Крипто салбарт "хавар" тохиох уу

Биткойны 70 хувийг удирддаг бирж дампуурсан үйл явдал тохиолоо. Одоогоос есөн жилийн өмнө ийм үйл явдал тохиолдсон билээ. Тус татан буугдсан бирж болох MT.GOX нь хэрэглэгчдэдээ гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлж нөхөн төлбөр олгох бөгөөд есдүгээр сарын 30-наар эцэслэх ажээ.
Уг биржийн төлөөлөгч болох Нобуаки Кабаяши зээлдүүлэгчдийнхээ нөхөн төлбөрийн хэмжээг онлайнаар бүртгүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм. Ингэснээр нөхөн төлбөрөө авсан иргэдийн улмаас уг биткойны ханш доод цэгтээ хүрэх эрсдэл давхар бий болж буй.
Тэгвэл тус биржийн томоохон зээлдүүлэгчид энэ жил биткойноо зарахаас илүүтэйгээр эзэмшихээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Одоогийн байдлаар тус бирж дампуурлаа зарласнаас хойш криптовалютын ханш таван хувиар буураад байна.
Уг биржийн эргэн тойронд үйл явдлыг эргэн сануулвал Токиод төвтэй эл биткойн биржийн шүүх хурал дууссанаар ийнхүү зээлдүүлэгч буюу биржийн үйлчлүүлэгчдэдээ нөхөн төлбөр олгох шийдвэрийг гаргасан юм. Улмаар гурван тэрбум ам.долларын биткойны төлбөрийг нөхөн төлснөөр крипто-шинжээчид тус зах зээл цочролд орно хэмээн тооцоолж буй.
Мөн крипто үйлчилгээг төлбөр тооцооныхоо хэрэгсэл болгосон "Silvergate" банк уг үйлчилгээгээ зогсоохоо мэдэгдлээ. Учир нь FTX бирж дампуурснаар тус банк их хэмжээний алдагдалтай ажиллаж байсан юм. FTX бирж дампуурах үеэр тус банканд биржийн хэрэглэгчдийн нэг тэрбум ам.доллартой тэнцэхүйц хэмжээний хадгаламж байрлаж байсан аж. Тус бирж одоогоор хэрэглэгчдэдээ 8.9 тэрбум ам.долларын өртэй байгаа.
Энэ мэтээр шил шилээ дарсан томоохон асуудлууд крипто салбарт үүсээд байна. Оны эхнээс сэргэж байсан крипто салбарт одоо хавар тохиох уу гэх асуулт шинжээчдийн дунд үүсэж буй. Гэсэн хэдий ч тус салбарын томоохон тоглогчид зах зээлээ орхихоос илүүтэй оролцогч байхыг хэвээр үзэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.