Улс төрийн мэдээ

"Ногдол ашиг олгох, авилгын ялыг нэмэгдүүлэх зэрэгт иргэдийн саналыг нэгтгэлээ"

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.03.20/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал,

Нэгдүгээрт, Засгийн газраас 2023 оныг Аялал жуулчлалын жил болгон зарласан. Иймд Аялал жуулчлалын тухай хуулийг яаралтай хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзсэн.

Хоёрдугаарт, Авлигатай тэмцэх чиглэлийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгой анхаарч хэд хэдэн хуулийг батлах нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагын тухай хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр зэрэг асуудлыг УИХ-аар яаралтай хэлэлцэж, батлах шаардлагатай гэж бүлгийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Мөн эдийн засгийн чиглэлээр хэд хэдэн хуулийг хэлэлцэж батлахаар тогтлоо. Үүнд, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтын ил тод байдлын тухай хууль болон эдийн засгийг дэмжих чиглэлд Нийгмийн даатгалын багц хуулиуд, Боловсрол, эрүүл мэндийн зэрэг томоохон багц хуулиудыг хэлэлцэнэ.

Улс төрийн чиглэлд нэгдүгээрт, УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Үндсэн хуулийн хүрээнд зургаадугаар сарын 20-ний өдрөөс өмнө батлах учиртай.

Хоёрдугаарт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганаар батлах ёстой. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр заасан хууль юм. Гуравдугаарт, Төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлд Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр гээд томоохон хуулийн өөрчлөлтүүдийг УИХ-ын хаврын чуулган, бүлгийн хурлаараа хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзээд нийт 50 гаруй хуулийг хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

Намрын чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажилласан. Энэ үеэр иргэдийн гаргасан арван саналыг нэгтгэн Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо. Засгийн газар ойрын хугацаанд хуралдаанаараа хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргах чиглэлийг өгөв. Иргэдээс гаргасан 10 саналд:

  • Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляц нэмэгдэж буй асуудал
  • Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж амьжиргааны түвшинд хүрэлцэхгүй байгаа асуудал
  • Бүх төрлийн зээл олголт эрс багассантай холбоотой арилжааны банкнуудын зээл олголтыг нэмэгдүүлэх
  • Хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүн болох мах, арьс, ширний үнийг нэмэгдүүлэх
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг олгох
  • Хүүхдийн мөнгийг 91 хувьд бус “Хүүхэд бүрд олгох”
  • Нийслэлийн түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах
  • Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, энэ чиглэлд ялын бодлогыг нэмэгдүүлэх
  • Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжих явцад орон нутагт бэрхшээл үүсэж буй асуудал
  • Төрийн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажил гүйцэтгэх сайжруулах, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг нэгтгэж Засгийн газарт хүргүүлж байна” гэлээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button