Д.Шинэцог-Гени: Дэлхийд Монгол улам түгээсэй, тэр дундаа морин хуур, тэр дотроо би

Бүгд наадамлахаар явсан хойно, долдугаар сарын 12-ны өдөр Шинэцог-Гени төрөхөөр сандаргажээ. Толгойгоороо биш, хөлөөрөө гарах гээд дайрч. “Эх, үр хоёрын нэг нь л үлдэж магадгүй” хэмээн аавд нь эмч хэлжээ.
Золоор тэд хоёул, эсэн мэнд амаржжээ.
Сүхбаатар аймгийн, Баруун-Урт хот юм. Тэндхийн адуу хурдан. Босоо төрсөн унага хурдалдаг гэлцэнэ. Шинэцог-Гени хожим морин хуурч болох тавилангаа тийн атгахдаа босоо төрсөн унагын адил хөлөө жийн мэндэлжээ. Тэр эхээс гурвуул ч зөвхөн Шинэцог-Гени л нэрэндээ “гени”-тэй.
Тэр балмад, бас билэг танхай. Хуурыг тэр жинхэнэ утгаар нь хуурддаг. Нүдэнд өртөлгүй өнгөрөхийн аргагүй авьяас билээ. Хөгжимчин хүнийг яриулах бол хэцүү бас утгагүй ажил. Гэвч тавдугаар сарын 20-нд “Морин хуур мину-3” тоглолтоо хийх гэж буй түүнтэй ярилцаж үзэхээс өөр арга байгаагүй юм.

-Унгарын эртний эдлэлийн дэлгүүрт хадгалагдаж байсан олон зуун жилийн настай морин хуурыг эх орондоо ирсний нь дараа хамгийн анх та дуугаргажээ. Тэр ямар байв аа?
-Асар их энерги, эрч хүч мэдрэгдсэн. Тэр хуурыг авчраад, зарим зүйлийг нь шинэчилж хийсэн ч олон жил дуугараагүй нь мэдэгдсэн. Түүхээр нь аялж, урт замыг туулаад ирэх шиг санагдсан. Мэдээж надад санал тавьсанд их баярласан, бэлгэшээж хүлээн авсан.
Д.Ганпүрэв ах “Ямар бүтээл тоглохоо өөрөө мэд” гэсэн. Уртын дуу дуучных, морин хуурч дуучныг дагадаг, хамсран тоглодог. Ардын дууг лимбэ, ятга, хуучир тоглож л байдаг. Гэтэл татлага бол яах ч аргагүй, хүн дуулдаггүй, өөр хөгжмөөр тоглодоггүй, цэвэр морин хуурын аялгуу. Юун түрүүнд энэ үүднээс татлагыг сонгосон. Хоёрт нь уртын дууг сонгосон.
Олон татлага, олон уртын дуу бий. “Жонон харын явдал” бол морин хуурын хамгийн брэнд аялгуу. Говийн, төв халхын, баруун Монголын болон зүүн Монголын гэж дөрвөн жонон бий л дээ. Уртын дууны хувьд, “Уяхан замбативийн наран” бол нарны нэртэй боловч огторгуй ертөнц, гараг эрхэс, тэр бүү хэл хүн, хүний амьдрал багтсан дуу. Ингээд энэ хоёр бүтээлийг тоглосон.
Цаанаасаа нуугьж, эрч хүч өгөөд байсан. Харин ганцхан удаа эгшиглүүлсэн нь харамсалтай ч үнэ цэнтэй байх хэрэгтэй гэдэг үнэн. Тэгээд хоргонд нь залсан.

-Өөр үнэ цэнтэй хуур татаж байсан тохиолдлууд юу вэ?
-Эртний хуурууд бий. Харин хамгийн эртний гэвэл тэр болж байна. 1970, 1980-аад оны хуурууд бол олон.
1950-иад онд Орос, Монголын эрдэмтэд хамтран ажиллаж, морин хуурыг модон цартай болгосон. Өмнө нь ширэн цартай байсан. Бороо, чийгэнд шир амьд учраас уярчихдаг, хөглөж болдоггүй асуудал бий. Энэ үеэс үлдсэн нэг хуурыг татаж байсан санагдана.
-Ер нь хуур төгс эзэмшихэд хялбар уу?
-Харин ч хэцүү шүү дээ. Хуур бол мэдрэмжийн хөгжим. Гитар, төгөлдөр хуур ч гэдэг юм уу, тодорхой даралттай, түүн дээр нь онож дарвал гарах өнгө нь тодорхой хөгжмүүдээс өөр. Агаар дээр тоглодог. Барьцгүй. Хөндий хялгасыг хажуугаас нь мэдэрч дардаг, чанга дарвал өөр, сул дарвал бас нэг өөр дуугарна. Хурууны өндөгний мэдрэмжийн асуудал учир илүү хэцүү. Төгөлдөр хуур, гитараар сарын турш хичээллэсэн, морин хуураар хичээллэсэн хоёрын ялгаа их. Хэдэн цаг сууж давтаад ч нэг өнгийг гаргаж чадахгүй байх нь элбэг. Төгс эзэмшье, төгс мэдэрье гэвэл асар их цаг хугацаа, бэлтгэл сургуулилт хэрэгтэй. Амь амьдралаа өгсөн, солиорсон юм шиг дурласан байх хэрэгтэй. Нэг мэдэхэд “Өлсчихсөн байна” гээд босож байх жишээтэй. Тэгээд ч бас нэлээд олон жилийн хугацаа хэрэгтэй. Тэгж гэмээнэ сая “Ийм учиртай байж” гэж ойлгож эхэлнэ.
-Хийлийн дэргэд далайц, чадавх хязгаарлагдмал гэдэг. Харин та үүнийг эвдье гэж хичээдэг бололтой. Таны “Уран сэтгэмж”-ийг сонссон юм?
-Чиний ярьсан “Уран сэтгэмж” зохиолыг Н.Паганинийн хийлийн 24 каприс шиг хийе гэж бодож, эхлүүлсэн юм. Үүнийг бол зөвхөн хөгжмийн зохиолч хүн хийж чадахгүй.
-Тэгж таарна.
-Морин хуурыг өөрөө төгс гэмээр мэдсэн хүн л хийнэ. Н.Паганини ч өөрөө төгс хийлч учраас 24 каприсаа хийсэн байх. Би одоо хоёр дахь дээр нь ажиллаж байгаа. Үүгээр морин хуурын хөгжилд түлхэц өгөх болов уу гэж бодсон юм бий. Цаашлаад, өөрөө ч тоглож чадахааргүй юмаа хийж үлдээмээр. Ирээдүйн гар хуруу нь урт, октав давуулан тоглож чаддаг залууст зориулаад биччихвэл морин хуур өшөө боломжтой болох ч юм бил үү. Ер дэвшилтэт ирээдүйг бодож л бичиж байгаа.
-Энэ бол морин хуурын хөгжлийн асуудал юм байна.
-Тийм. Хийл өнөөдөр дэлхийн бүх улсад л тоглогддог байх. Морин хуур яагаад тийм байж болохгүй гэж. Энэ бол миний хүсэл, шунал. Бид үзэхгүй байж мэднэ. Гэхдээ үндэс суурийг нь тавихыг оролдох л хэрэгтэй. Хийлийг морин хуураар солих гээд байгаа хэрэг шүү дээ. Ирээдүйд бүх үндэстэн, арьстан тоглох магадтай тийм ирээдүйн төлөө хичээж байгаа хэрэг.
-Морин хуур гэхээр л тоглогддог хэдэн аяз, өмсдөг хувцас, тэр мэтийн хэв маягийг эвдэх, орчин үеийн, шинэ түвшинд гаргах гэж оролдлоо хэмээн таныг олзуурхан хардаг. Таны хувьд багш нарын, хуурчдын, судлаачдын хувьд хамгийн барьцалдаж тогтсон, нэн тэргүүнд өөрчилмөөр санагдсан хуучинсаг хандлага юу байсан бэ?
-До нотыг нэгдүгээр хуруугаар л тоглодог гэж заана. Гэтэл дараа нь хаашаа “алхах” гэж буйгаас шалтгаалж, дөрвөн хурууны алинаар ч тоглож болох л хэрэг. Ямар ч хуруугаар тоглож, өнгөө ямар ч өнцгөөс, яаж ч авч болно. Ямар нэг загварт захирагдаж болохгүй. Чөлөөтэй сэтгэж гэмээнэ задарна. Хайрцаганд орчихоор, “Өнгийг ингэж л авах ёстой” гээд суучихаар цаашаа ер явж өгдөггүй. Үүнийг сургуульд заахгүй л дээ.
Би хэл сайн нэвтрэлцэж чадахгүй ч гадаадын хөгжимчидтэй хөгжмөөрөө ойлголцчихдог байсан. БНСУ-ын HATA World Music гэж олон улсын төсөл бий. Тэнд орон орны уламжлалт хөгжмийн зэмсгийг, уламжлалт хөг аялгуутай нь нийлүүлж, фантазалдаг л даа. Азербайжанийн үндэсний хөгжмийг би мэдэхгүй ч анх сонсоод, морин хуур дээрээ тоглоно гэсэн үг. Энэ их сонирхолтой төсөл. Үүн дээр ажиллаад их хөгжсөн санагддаг.
Сургуульд гол онолыг ярина, яаж суух, яаж тоглохыг заана. Харин амьдрал дээр техник, ур чадвар, сэтгэлгээ, аргачлалыг өөрөө л олж авна. Дэлхийн аваргуудыг судалж мэдэх хэрэгтэй. Тэднээс гоё санааг нь авч, морин хууртаа шингээнэ гэсэн үг. Харин шууд хуулж тоглох нь сонин биш, бидний зүйл биш. Аргачлалыг нь ойлгож, морин хуур дээр хөрвүүлэх, тэр нь биеллээ олох л чухал.

-Танд сайн багш нөлөөлсөн үү. Эсвэл өөрөө өөртөө хийсэн бэлтгэлүүдээс илүү задарсан уу?
-50, 50 хувь байх. Багш байхгүй бол хэцүү. Өөрөө төрчихсөн юм шиг байх бололцоо ч байхгүй. Миний гурван багш өөр, өөрсдийн онцлогоор суурийг минь тавьж өгсөн. Д.Амаржаргал багш анх намайг толинд хараад, гараа биеэс хөндийрүүлж, ямар ч хөдөлгөөнгүй 30 минут суухыг шаардаж байлаа. 10 настай хүүхдэд. Гар жаахан буугаад ирүүт тоншино. Энэ бол хичээл. “За, сайн байлаа, яв” гэнэ. Шантармаар тохиолдол олон ч анхны хөгжмөө тоглож сураад ирэхээр урамшдаг, баярладаг юм билээ. Ерөөс эхлээд сууж сургадаг юм байна. Сууж сураагүй хүн хөгжимчин биш. Ялангуяа морин хуурч суух ёстой. Бид бэлдсэн цагаараа уралддаг байлаа. “10 цаг бэлдчихлээ” гэж хөлсөө арчихаар нь би маргааш 12 цаг бэлдэх гэж үзэх жишээтэй. Хоорондоо өрсөлдөөд байгаа боловч дэвшиж, хөгжиж, үр дүн гарч явсан хэрэг л дээ. Энэ нь улсын шалгалтын дүнгээр илэрдэг (Инээв).
Нөгөө талд өөрийн авьяас, хөдөлмөр, оролдлого зайлшгүй. Тэгэхээр 50, 50 хувь л гэж бодож байна.
-Ер нь сүүлийн жилүүдэд морин хуурч хэр олон бэлтгэгдэв?
-Сүүлийн 10 жилд долоон хүн төгслөө (Монгол Улсын Консерваторийг). Тэр долоогоос одоо 2-3 нь л мэргэжлээрээ ажиллаж байна. Тоннмейстр, телевизийн дууны найруулагч болчихсон байх. Тууштай хичээллэсэн, морин хууртаа хайртай, амь амьдралаа өгч чадах хүмүүс л ер үлдэнэ л дээ. Их цөөхөн.
-Та тэгэхээр ганцаарддаг уу?
-Ер нь... хууртайгаа байхад ганцаарддаггүй. Хамгийн дотнын найз бол морин хуур. Энгийн үедээ мэдээж ганцаарддаг. Дотрохоо ярих сан, хуваалцах сан гэж боддог л доо. Намайг сонсдог, ойлгодог хүнтэй. Тэр үедээ харин аль болох хуураа л шүүрч авахыг боддог. Миний зовлон бусдад ямар ч хамаатай билээ. Юу ч хэлсэн намайг сонсдог анд минь морин хуур. Морин хууртайгаа л ярьчихдаг.
-Морин хуур тоглож, тайзнаа алга ташуулан ёсолж байна гэж зүүдэлсэн нь хэдэн настайд вэ?
-Их жаахан байсан байх. Насаа яг санахгүй л байна.
500-аад хүүхэд зөвхөн морин хуурын ангид орохын төлөө өрсөлдсөн, тэдний дунд би “шатаж” явсан тэр жил би зүүдээ бусдад ярьсан. Таван хүүхэд авахын тулд дөрвөн үе шатаар шалгаруулж, шат бүрд 100 гаруйг нь хасаж явдаг. Хамгийн сүүлийн шатанд хорь гаруй хүүхэд үлдсэн. Тэр үед юм хэцүү, дээгүүр доогуураа яваад орчихно. Надад тийм юм байсангүй. Яг итгэл алдрангаа алдтал тэр жил тав биш зургаан хүүхэд авахаар боллоо. Тав нь бол хэдийнэ бүрдчихсэн. Зургаа дахь дээр нь л үзэж байгаа юм л даа. Яах аргагүй шар гозолзсон. Багш нар өөр хөгжмийн ангид авах гээд ятгаж гарсан. Аав, ээж хоёр ч “Орчхооч, жилийн дараа хөгжмөө сольж болно” гэж ятгасан. Би түүнд нь ерөөсөө итгээгүй. Д.Бодьсүрэн гэж хуучрын багш гарч ирээд, эвэр бүрээний ангид орооч гэж ятгаад болдоггүй. Тэгэхээр нь зүүдээ ярилаа. Тэгтэл тэр багш намайг хөтөлж хурлын өрөө рүү ороод, “Энэ хүүхэд чинь морин хуурын төлөө ийм болчихсон юм байна. Зүүдэлдэг гэнэ. Яах юм, тэгээд” гэлээ. Багш нар ч өхөөрдөх, ёжлохын дундуур “Яаж зүүдэлсэн юм, хэзээ зүүдэлсэн юм дээ” гэж шоглоод л.
Хэдэн цагийн дараа дүн хартал, яг улаан зураасны дээр, зургаадугаарт миний нэр байсан. Бөөн баяр болоод л, аав ээж хоёртойгоо хоолонд орж байж билээ (Инээв).
-Тэр үед тэнцэх гэж шаралхахдаа тэгээд хэлчихсэн юм уу, үнэхээр тийм зүүд үзсэн юм уу?
-Үзэж байсан. Үзэж байсан... Одоо ч санаанаас гардаггүй.
Асар олон хүн, анивчсан гэрэл. Би тайзан дээр, босоод зогчихсон. Тоглож дуусаад. Хөлс гарчихсан. Тийм мэдрэмж байсан. “Браво” гээд л. Өөрөө гэгэлзэж, амьсгаадсан. Яг л тийм мэдрэмж.
-Тэр зүүд олон удаа бодит боллоо.
-Дэлхийн том, том тайзнууд дээр гарахдаа “Би яг үүнийг зүүдэлсэн шүү дээ” гэж боддог.
-Хожим тэгээд бодоход зүүдний агуулга нь морин хууртаа байв уу, тайзан дээр алга ташилт сонсож буйдаа байж таарав уу?
-Морин хууртаа, гарцаагүй. Зүүд зөнтэй гэдэг үнэн байж таарна. Юм бүр учиртай, холбогдолтой гэдэгт би итгэж явдаг. Би ч энэ зүүднийхээ талаар нэг их яриад яваад байдаггүй л дээ. Асуухад нь хариулдаг төдий. Ер нь хүний төрсөн газар орон, он сар өдөр, эцэг эхээс оноож өгсөн нэр гээд бүх л зүйл учиртай, учир холбогдолтой байх аа.
-Хамгийн анх морин хуурын аялгуу сонсож байснаа санадаг уу?
-Санадаг. Анх зурагтаар Ч.Батсайхан гуайн “Үүлэн бор” тоглохыг сонсож байсан.
Манай гэр яармагт байлаа. Яармагийн яг урд наадам болдог байсан. Тэр жилийн наадмаар морьтой л болмоор санагдаад болдоггүй. Нэг өглөө ээжид даага аваад өгөөч гэлээ. Манайх адуу малгүй, дандаа л урлагийн зам мөр хөөсөн гэр бүл шүү дээ. Ээж гайхсан гэж жигтэйхэн. Ээж гарсан, орой ирлээ. “Ээж ээ, даага” гэсэн чинь “Орон дээр байгаа” л гэж байна. Гүйгээд очтол ууттай, урт юм байсан. Онгойлготол нэг их царайлаг, давхраатай алаг нүдтэй морин хуур байж билээ. Тогштол “дон дон” гэж дуугараад л. Хамгийн анх морин хуурыг бодитоор харсан нь тэр. Сонссон нь зурагтаар Ч.Батсайхан гуайн тоглохыг үзсэн тэр мөч.

-Сууж сурах хэцүү байсан уу?
-Бараг хамгийн хэцүү. Хожим ажрахгүй 10 цаг суудаг болсон байсан даа. Тэгж байж л өнөөдөрт хүрч, үр шимийг нь хүртэнэ. 10 настай хүүхдэд 30 минут суух гэдэг амаргүй байсан.
-Дээрээс нь жаахан хөдөлгөөнтэй хүүхэд байсан уу, үгүй юү. Та чинь жүдогоор хичээллэж байсан гэсэн үү дээ?
-(Инээв). Жаахандаа хөдөлгөөнтэй байсан. 10 настай тэр үедээ бол гайгүй болчихсон байсан.
Харин тэр Жүдо чинь шантраад явж байхдаа л байхгүй юу. Нас ойролцоо бөх банди нар гоё харагдаад болдоггүй. Чих нь хулгар. Тэгээд сонирхож очоод, жүдод бүртгүүлчихсэн. Долоо хоног сургуульдаа очсонгүй. Тэгэхэд Д.Амаржаргал багш намайг олж аваад, том жавтий хүртээсэн дээ. Тэгээд л эргэсэн. Сууж сурна гэдэг хөгжимчин хүний хувьд хамгийн чухал зүйл л дээ. Дүү нар их анхаарах хэрэгтэй. Энэ бол гагцхүү суухын нэр биш. Цаана нь асар их юм бий. Ер морин хуурыг би ерөнхий эрдмийн хичээлүүдийн цогц гэж хардаг. Математик, физик бүгд л бий шиг.
-Та ч хөгжмийн хүн гэхэд нэг тийм “танхай” харагддаг л даа. Н.Жигжиддорж гэхэд л цагаан царай, сүмбэн хуруутай. Уучлаарай, танд хуурч болоход уялдахгүй байсан төрөлх чанарууд байсан уу?
-Тийм юм ёстой ажиглагдаагүй дээ... Ер нь орчин нөлөөлнө, энэ гарцаагүй. Би урлагийн гэр бүлд төрж өссөн, ээжийнхээ хуучир хөгжмийг хэвлийд байхаасаа сонссон юм болохоор гайгүй (Инээв). Барилгачин, барималчин айл гэрээс морин хуур луу гэнэт үсэрсэн бол хөндлөн болчих байх л даа. Би харьцангуй гайгүй байсан байх.
-Та яах аргагүй өгөгдөл, авьяас. Хамгийн эрэлттэй, хамгийн тод морин хуурч болох ямар санагддаг вэ?
-Бахархдаг. Ер нь алив зүйлийг оронцоглон орхиж, хэн ч биш болж явах хэцүү. Хуурч болчхоод, оркестрт тоглоод сууж байх хэцүү л санагдаж байсан. 2004-2009 онд би Морин хуурын чуулгад ажилласан. Энэ дунд ах нараасаа асар их зүйл сурсан. Эцэст нь миний байх газар биш гэдгийг ойлгосон. Өөрийн карьер, өөрийн харсан хараа суугаад ирэхээр тэнд тогтож байхад хэцүү болж ирэхгүй юу. “Аравт” киноны хөгжимд ажиллаад л, 2014 онд төрийн ордонд тоглолтоо хийгээд л явсан. Энэ хооронд олон тэмцээн уралдаанд орж, гадаадын тайзнууд дээр гарлаа.
-Таныг “Авьяасын галт бөмбөлөг” гэж хүртэл магтах юм. Би ч маргахгүй байна. Харин мэргэжлийн хүмүүс юу гэж шүүмжилдэг вэ?
-Би магтаалыг чихнийхээ хажуугаар өнгөрөөчихдөг хүн шүү. Хэнтэй ч эн тэнцүү харьцаж чаддаг маань миний давуу чанар байж магадгүй. Харин шүүмжлэлийг маш их хэлээсэй гэж боддог. Төгөлдөр хуурч Д.Баярцэцэг багш нэг удаа, “Чамд нэг юм байна аа. Анхаараарай” гэж билээ. Юу гэхээр, би тэр үед түр паузтай хэсгүүдэд нумаа газар шааж хатгачхаад, тулаад суугаад байж л дээ. Тэгээд л тоглох болохоор тоглочхоод. Үүнийгээ анзаарч, толгойн орой руу орох шиг л болсон. Бас сургуульд байхад манай хуучрын багш суудлаа зас гэж л байсан. Нэлээд тийм алцайж суугаад байхгүй юу. Сийлбэрээр бол бага багаар өөлж, улам л чамин болгож буй хэрэг юм уу даа. Ханана гэж юм байхгүй. Ханах л юм бол мөхлийн ирмэг дээр гэсэн үг. Хаана, ямар шинэ техник гарч байгааг судалж, түүнийг болж өгвөл морин хууртаа хөрвүүлчих санаатай ажилласаар байна.
-Суудал, биеийн хэлэмжээ шүүмлүүлж байжээ. Гэхдээ авьяастай хүнд билэг танхай, балмад байдал ч зохидог л доо.
-Тиймэрхүү юм байна. Би задгай тоглох дуртай. Хайрцганд баригдах дургүй л дээ. Тэр нь ч илэрч харагддаг байх. Юманд өөрийгөө бариулж, цэвэрхэн тоглож болно л доо. Асуудал биш. Харин ч амархан байх, тэ. Харин өөрийнхөөрөө задгай тоглох нь бас хэн дуртайн хийдэг ажил биш. Тэгж боддог юм.
-Та хуураа татаж байхдаа яахын аргагүй юу хийхээ олчихсон хүн шиг итгэл дүүрэн харагддаг.
-Баярлалаа.
-Бас “балмад” харагддаг. Энэ гэхдээ хашилтан дор хэлж буй үг шүү. Амьдрал дээр та хэр “балмад” этгээд вэ?
-Дэггүйтсэн юм их бий л дээ, хүн болсон хойно. Харин явж явж хань ижлээ зөв олно гэдэг л хамгийн чухал чиглүүлэг бололтой. Миний хань намайг гоё чиглүүлсэн. Дутагдалтай зан чанаруудад минь зөвлөх, заах, найз шиг, хань шиг хандах. Одоо хэр намайг хурцалж, “Морин хуур мину-3”-аа хийвэл яасан юм гэж сэдэлжүүллээ. Хоёрхон сарын өмнө ингэж шийдээд л, бүх тохироо нь бүрдчихлээ. Ер нь хүн хэчнээн тод асаад, гав ганцаар бол удаан оршин тогтнохгүй байх.
-Эхний “Морин хуур мину” тоглолт 2014 он бил үү. Тэр бие даасан анхны тоглолт гэхэд эртдээгүй юу, юу түлхэц болсон бэ?
-Ах нараас эхлээд олон хүн тусалсан даа. Тэдэнгүй бол бүтэхгүй байсан. Ялангуяа Төрийн ордонд. Д.Сосорбарам ах их том үүрэг гүйцэтгэсэн. Н.Бүтэнбаяр удирдаач бас дөрвөн концертыг нэг дор эгшиглүүлэх гэж буйг маань дуулаад олзуурхан хүлээж авсан. Б.Шарав гуай ч амьд байлаа. Олон хүний дэмжлэгээр боссон ажил. Харин өөрөө бол, дотроос л гижигдээд болоогүй юм. Бас цаанаа амбицтай. Юу гэвэл, морин хуурын концерт гэж томоохон бүтээлийг алив тоглолтын төгсгөлд, нэгийг л тоглодог уламжлалтай байсан. Тэгвэл, яагаад дөрвөн концертыг нэг дор тоглож болохгүй гэж, яагаад заавал И.С.Бах, Л.В.Бетховэний сонгодог хөгжмийн ард тоглоод дуусгадаг юм гэж бодсон хэрэг. Үүгээрээ шинэ. Харин олон нэр санал болгосон. Би ерөөсөө “Миний морин хуур” л гэж бодсон. “Морин хуур минь” гэсэн үг шүү дээ. Харин цуврал хийнэ гэж бодоогүй. Төрийн ордонд арилжааны тоглолт хийж болохгүй учраас 800 хүнийг сайхан урьж, маш амжилттай тоглоод дууссан. Харин 2018 онд буюу дөрвөн жилийн дараа дахин өөр дөрвөн концертыг сонгож тоглосон. Одоо гурав дахь нь болж байна.
-Дөрвөн жилээрээ бол ноднин хийх байж.
-Тийм, циклээрээ бол. Цар тахлын хүндрэл жигдрээгүй, нэг л тохироо бүрдэж өгөхгүй байлаа л даа. Харин одоо дэмжигч байгууллага хайж хүн рүү ярихаар “Тэгэлгүй яах вэ, татгалзахын учиргүй” гэж хүлээн авцгааж байна. “Таван нүдэн” брэнд том дэмжлэг үзүүллээ, “Анир” поп оркестр ч тун олзуурхан хүлээж авлаа.
-Анхныхаа яагаад төрийн ордонд хийсэн юм бэ. Тэр чинь их сонин зүйл...
-Харин их сонин л доо (Инээв).
“G энтертайнмент” зохион байгуулсан. Бид өөр хоорондоо “Төрийн ордонд хийж болдог бол, тэ” гээд л ярьцгааж байснаас эхтэй. Тухайн үед Ардчилсан нам мандаж байлаа, Д.Сосорбарам ахын ачаар л бүтсэн хэрэг дээ.Тэр байгаагүй бол яагаад ч бүтэхгүй. Бараг долоо хоногийн өмнө, больдог юм уу дээрээ тулж байтал бүтсэн. Тайз долоо хоногийн өмнө бүтнэ гэдэг бол билет зарахгүй тулдаа л болсон хэрэг. Хүмүүс их ёслол төгөлдөр хувцаслаж ирсэн. Ямар нэг асуудалгүй, их дурсгал, хүндэтгэлтэй, сайхан тоглолт болсон сон. Нээрэн үүнээс хойш, миний тоглолтод давхар морин хуурын үзэсгэлэн гардаг байгаасай гэж сэдсэн шүү. 2018 онд “Pegasus”-ийн хуураар үзэсгэлэн дэлгэгдсэн. Энэ жил “Khan Music”, “Эгшиглэн магнай” үйлдвэрийн хуур дэлгэнэ. Нэг нь ширэн, нөгөө нь модон цартай хуураа дэлгэнэ гэсэн үг. Цаашид миний тоглолт болбол үзэсгэлэн байгаа гэсэн хүлээлт тээхэд гэмгүй. Энэ удаа мөн айраг бэлдсэн шүү.
-Зохиол ямар байх вэ?
-Б.Шарав гуайн морин хуурын концертоор эхэлнэ. Б.Мөнхболдын морин хуурын концертыг бас тоглоно. Зохиолч энэ бүтээлээрээ Төрийн шагнал хүртсэн. Мөн З.Хангалын морин хуурын концертыг эгшиглүүлнэ. Сүүлд нь, Ш.Өлзийбаяр хэмээх залуу хөгжмийн зохиолчийн морин хуурын дөрөвдүгээр концерт анх удаа эгшиглэнэ. “Анир” поп оркестртой хамтран тоглох учир З.Хангалын “Салхит шувуу” бүтээлийг ч бас эгшиглүүлэхээр бэлтгэж байна.
-Нэгэнтээ хөгжмийн зохиол ярьсных, энэ зохиолчид ер морин хуурын концерт бичиж үлдээсэн нь ямар олзуурхмаар, талархмаар вэ. Морин хуурын хөгжил ярих бол зохиол заавал яригдана. Зохиол хэр хангалттай бий вэ?
-Концерт бол дан хөгжмийн гоцлолд зориулсан, хамгийн том хэлбэрийн бүтээл шүү дээ. Морин хуурт зориулсан концерт анх байхгүй байсан. 1989 онд “Алтан намар” хөгжмийн наадам болоход, хөгжмийн зохиолчдод санал тавьсан юм билээ. Үүгээр Н.Жанцанноров, З.Хангал нар морин хуурын концерт бичсэн. Тэр наадамд хоёул эгшиглэсэн. Зайлшгүй хэрэгцээтэй гэдгийг тэр үед мэдэж байж. Дараа нь 1992 онд Б.Шаравын морин хуурын концерт бичигдээд л, цааш цуварч гарсан. Ш.Өлзийбаярын хувьд 2011 оноос хойш гэхэд таван морин хуурын концерт биччихлээ. Уран бүтээлч, морин хуурч, хөгжмийн зохиолч нарын уялдаа, бие биеэ хөгжүүлж буй хэлбэр шүү дээ, энэ. Зохиол байхгүй бол морин хуурч хөгжихгүй. Сайн морин хуурч байхгүй бол сайн зохиол бас төрөхгүй. Морин хуурын концерт энэ утгаар зайлшгүй байх учиртай. Одоо харин жазз ч юм уу, рок ч юм уу, морин хуурын концерт бичигдээсэй. Тэгж стиль, урсгалыг нь сольж үзээсэй, хөгжүүлээсэй гэж боддог. Тэгвэл морин хуур дахиад илүү хөгжих боломжтой гэж хардаг.
-Ноднингийн Playtime-аар “Уухай” хамтлагийг үзсэн ч таныг байгаа гэж мэдээгүй. Рок хамтлагт тоглож буй нь л таныг хэр шинийг эрэлхийлэгч вэ гэдгийг харуулж буй шиг.
-Цар тахлын үед уран бүтээлчид бид зүгээр сууж чадахгүй байсан. Тэр өдрүүдэд “Хурд” хамтлагийн бөмбөрчин Д.Отгонбаатар ах санал тавьснаар бид хамтарч ажиллахаар болсон юм. Одоо “Уухай” хамтлаг 16 дуутай. Зургадугаар сарын 11-нээс Европоор тоглох гэж байна. Том том метал фестивалиуд байгаа. “Уухай” хамтлаг ингээд ‘эхэлнэ’. Гурван жилийн уйгагүй хөдөлмөр оржээ, эргээд харахад. Үр шимийг нь одоо мэдэрнэ дээ. Төрөл жанраа сольж, тэр олон хүний өмнө тоглоно гэдэг бас нэг хэлбэрийн кайф шүү дээ, хөгжимчин хүний хувьд. Тэр доргио, тэр энергийн өөдөөс тулна гэхээр догдолж байна.
-“The Hu” хамтлаг та бүхэнд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Нөлөөлөлгүй яах вэ. Яах ч аргагүй бидний урд гишгэсэн. Хэдий манай дүү нар ч гэлээ дэлхийд үүд хаалга нээж, түрүүлж алхсан нь гарцаагүй. Харин одоо энэ чиглэлд олон хамтлаг бий болоосой. Өмнөд Солонгосчууд К-Попоор сум тавьсан. Харин манай хархираа, хөөмий, ер хуурыг таваар, дөрвөөр хөглөдөг зэрэг чинь ерөөс метал роктой ойртох боломж асар их. Бидний ерөөс нүүдэлчин соёлоос үүдэлтэй хувцас хэрэглэл өөрөө рок болоод явчихна. Одоо К-Рок гэвэл зохицохгүй шүү дээ. Харин Монгол бол ерөөсөө л рок. Болдог бол улс бодлогоор, зориудаар гурван хамтлаг байгуулаад “элдчихэд” болно л доо. Ганц “Hu” бол үнэхээр багадна. Олширч байж өрсөлдөөн, чанар бий болно.
-Та бас залуу хүний хувьд, морин хуурчаар хүлээн зөвшөөрөгдсөн ч хуурын хөгжилд илүү цаг зарах уу?
-Чиний хэлдгээр, морин хуурын хөгжилд л их юм хиймээр байна. Хувийн тоглолт, хувийн карьераа зогсоохгүй, давхар үргэлжлүүлнэ. Нөгөө цуврал “Уран сэтгэмж”-ээ ч үргэлжлүүлнэ. “Уухай” хамтлаг гэх мэтээр, найз нөхөдтэйгөө хамтарч, шинэ уран бүтээлүүд бас хийнэ. Явж явж хөгжмийн зохиолч болно гэсэн үг байх л даа. Дуу зохиогоод суухгүй л дээ. Төгс сайн мэддэг юм минь морин хуур учраас морин хуур дээрээ л гоё, гоё юм хиймээр байна. Зогсохгүй байх. Заримдаа гар халаах маягаар фантазлахаар гоё, гоё юм орж ирдэг. Зүгээр л уран сэтгэмж байсан мөртлөө бичиж аваад, нотлоход л зохиол болчихуйц.

-Харин атаархал хэр ирэх вэ. Төрийн ордонд анхны тоглолтоо хийгээд л, эвдээд л, тэрслээд л...
-Ер нь байдаг, байгаа. Яг үнэндээ.
Харин би хүндээр тусгаж авч, ойшоодоггүй. Тийм ч юм байх ёстой байх гэж бодож байгаа. Сайн нь байхад муу нь дагаж ирдэг. Түүнийг зөвөөр ойлгож, өөрийнхөө уран бүтээл, ажлыг урагшлуулах л чухал. Тэдний юу гэж бодох бол тийм чухал биш болов уу. Харин ч намайг хурцалж байдаг. Сургуульд хэд хэдэн удаа шантарсны нэг нь, мэргэжлийн биш багш маань ээжийг дуудаад “Хүүгээ гарга, болиул. Морин хуурч биш байна” гэж ярьсанд байдаг. Тэр орой ээж бид хоёр уйлалдаж, жаал ярилцаж билээ. Энэ намайг асар их хурцалсан. Маргааш нь би шүдээ зууж байгаад таван цаг бэлдсэн. “Гени гэнэ үү. Чи яахаараа Гени байдаг билээ?” гэж багш нар ёжлохоос л эхэлнэ. Би аймаар эмзэг хүүхэд байлаа. “Морин хуур гэсэн үү. Тоглож чадах уу?” гэх жишээтэй. Том уралдаанд даруулж байсан ч үе бий. Угтаа түрүүлэхээр газар. Зохион байгуулагч тал нь өөрсдийн хүнээ түрүүлүүлээд л. Тэгж түрүүлж байсан нь одоо бараг хуур барихаа больчихсон байх жишээтэй.
Тууштай, үнэнч байсан нь л бүхнийг ялна л даа. Ямар нэг юманд эзэн нь байх сайхан. Энэ бүхэн цаанаа монгол морин хуурын, монгол хүний төлөө. Дэлхийд Монгол өшөө их тодорч харагдаасай, тэр дундаа морин хуур, тэр дундаа Шинэцог-Гени байгаасай гэж боддог.
-Таныг дэлхийг л зориосой гэж хүсэж байна.
-Тийм ээ. Дэлхийд л морин хуурыг таниулмаар байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mundag zaluu shuu.Estoi gaixaltai toglodog.Argaguil tormol avyastai uran buteelch dee.
Улам их амжилтыг хүсье, санаж сэдсэн бүхэн нь бүтэх болтугай гэж ерөөе.
Мундаг шүү. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье
Ёстой мундаг, жинхэнэ морин хуурын төлөө төрчихсөн хүн байна. Амжилт хүсье, дэлхийн хүн болоорой. Өөрийнхөөрөө билэг танхай, авьяас дүүрэн яваарай
Ene togloltiig uzeh ymsaaaaan burhan min bolomj olgooch.????????????????????????????
Дууст�##� уншлаа. Уншиж байхад надтай ярилцаж байгаа мэт эрч хүч, тэмүүлэл мэдрэгдээд байх юм. Ёстой морин хуурын төлөө төрсөн хүн байна. Уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.