Ч.Хүрэлбаатар: Үнийн өсөлтийн 50 хувь нь дотоодоос шалтгаалж байгаа тул анхаарах цаг болсон

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар,
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэхээр байна.
"Иргэд гол нь үнийн өөрчлөлтийн асуудлыг л хөндөж байна. Зарим бараа 100 хувь өссөн. Импортоос хамааралтай барааг ойлгож болно. Гэтэл дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний үнэ маш их өссөн, тухайлбал гурилын үнэ. Тэгэхээр, яг үнийн өсөлт дээр хийсэн нарийн судалгаа байна уу. Ханшаас, нийлүүлэлтээс, импортоос, тээвэр ложистикоос, яг хаанаас хамаараад байна вэ. ЗГ-т энэ чиглэлээр авсан яг тодорхой арга хэмжээ байна уу. Ийм, ийм үнэ үндэслэлгүй өссөн гэдэг судалгаа байна уу.
Хоёрдугаарт, 2024 онд иргэдийн орлогын асуудал чухал байна. Цалин, тэтгэмжийг ямар хэмжээнд нэмэгдүүлэхээр төсөөлснийг асуумаар байна.
Гуравдугаарт, зээлийн хүү. ЭЗХ-ийн сайдаас асууя. Зээлийн хүү өндөр байна, энэ бодлогын хүүтэй холбоотой. 2024 онд бодлогын хүүг буюу зээлийн хүүг бууруулах ямар бодлого баримтлах вэ.
Дөрөвдүгээрт ханш. Валютын нөөц нэмэгдэж байгаа сайн тал байна. 2024 онд ханшийг ер нь хэдээр тооцож байна вэ.
Тавдугаарт, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн цонх үе нээгдэж байна. Энэ үеийг ашиглаж, төсвийн хуримтлал бүрдүүлмээр байна. Тэгэхгүй бол үрчих гээд байна. Хуримтлал дээр ямар бодлого баримталж байна вэ?" гэж асуулаа.
Сангийн сайд Б.Жавхлан "Та нэг талаас цалин нэмэхгүй юм уу, нөгөө талаас хуримтлахгүй юм уу гэж загналаа. Энэ хооронд л бодлогоо баримтална даа. Бид удахгүй есдүгээр сард 2024 оны төсвийг нэлээд цэгцэлж байгаад, хөрөөний шүд шиг болгочихсон төрийн албан хаагчдын цалинг нэгтгэх хамгийн түрүүний ажлаа хийнэ. Уг нь ХНХЯ энэ чиглэлээр зөвхөн төрийн албан хаагчид төдийгүй Монгол Улсын хэмжээнд ярих ёстой. Гэтэл ийм чадамжгүй болтлоо хуулиуд маань тал тал тийш хүчгүйдсэн байна. Иймд эрх зүйн орчинд асуудлууд бий. Эрх зүйн орчноор ч, төсвийн бодлогоор ч үүнд анхаарна.
Зээлийн хүүг ярилаа. Зээлийн хүү цэвэр зах зээлийн зарчмаар тогтдог л доо. Цаашид эдийн засгаа тогтворжуулах, төсвийн алдагдлаа бууруулахыг зорьж буй нь ерөөс зээлийн хүүг бууруулахын төлөө. Харин ЗГ-аас шууд зээлийн хүүг тэд болгоно гэж онилох боломжгүй байдаг" гэлээ.
Шадар сайд, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар "Үнийн өсөлт иргэдийн бодит орлогыг бууруулж байгаа нь үнэн. 60 хувь нь импортоос шалтгаалсан гэж үзэж байсан. 40 хувь нь дотоодын бараа бүтээгдэхүүн байсан. Одоо 50, 50 болоод эхэлсэн. Тэгэхээр дотоодын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд анхаарах цаг ирсэн. Тавдугаар сарын 15-наар инфляц 10.5 хувьтай байгаа. Авч буй арга хэмжээгээ тогтвортой үргэлжлүүлбэл нэг оронтой тоо руу оруулж ирэх боломжтой. Зээлийн хүүг 2023 ондоо буулгана гэж худал ярьж чадахгүй. Олон хүчин зүйл нөлөөлнө. Инфляц бүүхгүй бол зээлийн хүү буухгүй шүү дээ. Хоёрдугаарт банкны салбарын реформ, гадаадын банкийг Монголд оруулж ирж өрсөлдөөн бий болгох асуудлыг эрчимжүүлэх ёстой. Гуравт, ханшийг асуусан. Төгрөгийн ханш сулрах нөхцөл бол харагдахгүй байгаа. Валютын нөөц, экспорт гайгүй байна. Ханшийн зах зээл тогтвортой байгааг хэлмээр байна. Яг тэд, эд гэж таамааргүй байна" гэлээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.