Англид сар бүр хүн болгонд мөнгөн тэтгэмж өгдөг хөтөлбөрийг туршиж байна

Англид “Universal Basic Income” нэртэй сар бүр 1600 фунт стерлинг хүн болгонд өгөх туршилтыг хоёр байршилд эхлүүлсэн байна. Энэ туршилтын явцад 30 хүнд хоёр жилийн турш сар болгон мөнгөн тусламж үзүүлж тэдний амьдралд ямар нөлөө үзүүлэхийг ажиглах юм.
Английн зүүн хойд бүсэд оршдог Жэрроу тосгон, Лондоны хойд хэсэгт байрлалтай Зүүн Финчлид тус хөтөлбөрийг явуулахаар сонгосон байна. Туршилтын ажлыг санхүүжүүлж буй “Autonomy” фирмийн захирал Вилл Стронг “Энэ хэмжээний мөнгө нь хэний ч суурь хэрэгцээг хангана. Гэхдээ бид суурь орлого хүн болгонд өгөх нь тэд ажил хийж байгаа эсэхээс үл хамааран сэтгэл зүй болон бие махбодын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг хармаар байна” гэж хэлжээ.
Хүн болгонд тогтмол хэмжээний мөнгөн тэтгэмж сар болгон олгохыг дэмжигчид мөн эсэргүүцэгчид ч олон. Үүнийг дэмжигчид мөнгөн тэтгэмж нь санхүү эдийн засгийн аюулгүй байдлыг иргэдэд олгож хөдөлмөрийн зах зээлд үүсээд буй хямралыг засна гэж үздэг. Харин эсэргүүцэгчид хүн болгонд мөнгөн тэтгэмж өгөх нь өртөг маш өндөр, тэтгэмжийг зорилтот бүлэгт л өгөх хэрэгтэй хэмээдэг юм.
Эх сурвалж: The Guardian
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.